Дэлхийн мэдээг цөөн үгээр 08.20

2022-08-20, 11:14
1,882

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. “Талибуудыг эсэргүүцэгчид олширч магадгүй”, Сармагчны цэцэг өвчин 92 оронд бүртгэгджээ, НҮБ: Дайн эхэлснээс хойш Украинд 5.5 мянган энгийн иргэн амиа алдсан зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 08.20
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 АНУ, Тайвань хооронд хоёр талын худалдааны асуудлыг хэлэлцэнэ

АНУ-ын засаг захиргаа, Тайваньтай “эдийн засгийн ач холбогдолтой” худалдааны  хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцсоноо зарлалаа. Эхний шатны хэлэлцээ, ирэх намраас эхлэх төлөвтэй байгааг АНУ-ын худалдааны төлөөлөгчийн газраас мэдэгджээ.

Тодруулбал, өнгөрсөн 6 дугаар сард АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн орлогч Сара Бианчи Тайваний төлөөлөгчидтэй цахимаар уулзалт хийх хүрээндээ, Америк Тайваний "21-р зууны худалдааны санаачилга”-ыг анх танилцуулж байсан. Харин одоо хоёр тал энэ асуудлаарх хэлэлцээг эхлүүлэх талаар бүрэн зөвшилцөлд хүрсэн гэж мэдэгдэж, Америкийн худалдааны төлөөлөгчийн орлогч мэдэгдэлдээ онцолжээ.

АНУ, Тайвань хооронд хоёр талын худалдааны асуудлыг хэлэлцэнэ

2 НҮБ: Запорожийн атомын цахилгаан станцыг цэрэггүй бүс болгох ёстой

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш Украин улсын Львов хотноо тус улсын ерөнхийлөгч Зеленскийн болон Туркийн ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган нартай 3 талт хэлэлцээ хийлээ. Энэ үеэр, НҮБ-ын тэргүүн, байлдагч талуудыг Запорожийн атомын цахилгаан станцын бүсээс гарахыг уриалж, уг байгууламжийг цэрэггүй бүс болгох ёстой гэж мэдэгджээ.

НҮБ: Запорожийн атомын цахилгаан станцыг цэрэггүй бүс болгох ёстой

3 Японы дотоодын нислэгээр зорчих аялагчдын тоо өсжээ

Энэ зуны амралтын хугацаанд Японы дотоодын нислэгээр зорчигчдын тоо өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 1.7 дахин шахам өссөн дүнтэй гарчээ. Өнгөрсөн жилийн өдийд тус улсын зургаан муж коронавирусний улмаас онц байдалд шилжээд байсан үе юм.

Японы дотоодын агаарын тээврийн 11 компани энэ наймдугаар сарын 6-наас 16-ны хооронд 3.3 сая гаруй хүнд үйлчилсэн гэж мэдэгдэж байна. Наймдугаар сарын 14-нд таарсан амралтын үе дуусах дөхсөн оргил ачааллын үед “Ол “Ниппон эйрвэйз”, Жэпэн Эйрлайнз” нисэх компаниудын аль алинаар 280 мянгаад хүн үйлчлүүлжээ.

Японы дотоодын нислэгээр зорчих аялагчдын тоо өсжээ

4 Япон, Хятадын хооронд бүтээлч, тогтвортой харилцаа хөгжүүлэхээр тохиролцов

Японы Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Такео Акиба БНХАУ-д айлчилж, тус улсын Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны комиссын Тамгын газрын дарга, Улс төрийн товчооны гишүүн Ян Зечитэй хэлэлцээ хийсэн тухай “Kyodo” агентлаг мэдээлэв. Тэд тус хоёр улсын хооронд бүтээлч, тогтвортой харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцсон байна. Тэрчлэн Тайванийн эргэн тойрны байдал хурцадсан талаар ярилцжээ. “Kyo¬do” агентлагийн мэдээлснээр Тайванийн эргэн тойронд БНХАУ сургуулилалт хийж, пуужин харвасны зарим нь Японы эдийн засгийн онцгой бүсэд унасантай холбогдуулан Хятадын талд Японы Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга харамсаж буйгаа болон эсэргүүцлээ илэрхийлсэн аж.

Япон, Хятадын хооронд бүтээлч, тогтвортой харилцаа хөгжүүлэхээр тохиролцов

5 “Талибуудыг эсэргүүцэгчид олширч магадгүй”

Өрнөдийн эвсэл Афганистанаас цэргээ татсанаас хойш нэг жил өнгөрөв. Талибууд өнгөрсөн оны наймдугаар сард тус улсын бүх муж, хотыг хяналтдаа авч, төрийн эрхэд дахин гарсан билээ. Афганчууд олон мянгаараа тэднээс зугтан гадаадын цэргүүдийн хамт эх орноо орхин гарцгаасан. Эх орондоо үлдсэн афганчуудын амьдрал өнгөрсөн 12 сард хэрхэн өөрчлөгдсөн бол? “Жилийн өмнө тус улсаас гарах гэж цөхрөнгөө барсан олон хүнээр дүүрсэн Кабулын нисэх буудал одоо харьцангуй нам гүм, тайван болжээ. Зорчин ирэгсдийг битүү хар хувцастай эмэгтэйчүүд угтан, паспорт дээр нь тамга дарна. Сурталчилгааны самбарууд дахь хүмүүсийн зургийг дарж будсан, “Талибан” хөдөлгөөний цагаан тугууд салхинд хийсэж харагдана” гэж ВВС тус улсын өнөөгийн харагдах байдлыг дүрсэлжээ. 

“Талибуудыг эсэргүүцэгчид олширч магадгүй”

6 НҮБ-ын тусгай элч анх удаа Мьянмарт айлчлав

НҮБ-ын Мьянмарын асуудал эрхэлсэн шинэ тусгай элч Ноэлин Хайзер тус улсад анх удаа айлчилж байна. Өнгөрсөн оны аравдугаар сард энэ албан тушаалд томилогдсон тэрбээр Нейпьидо хотод айлчилж байгаа нь Зүүн өмнөд Азийн хамгийн хаалттай тус улсад болж буй үйл явдалтай танилцах анхны боломж гэдгийг ажиглагчид тэмдэглэжээ. 

НҮБ-ын тусгай элч анх удаа Мьянмарт айлчлав

7 Сармагчны цэцэг өвчин 92 оронд бүртгэгджээ

Сармагчны цэцэг өвчний 35 мянга гаруй тохиолдол дэлхийн 92 улс орон, бүс нутагт илрээд байгаа талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ пүрэв гарагт мэдээллээ. Уг өвчний улмаас 12 хүн нас баржээ.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесусын мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт халдварын 7500 орчим тохиолдол илэрсэн нь өмнөх долоо хоногийнхоос 20 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Цахим хэвлэлийн бага хурлын үеэр түүний хэлснээр, халдварын тохиолдлуудын дийлэнх нь Европ, Америк тивд бүртгэгдсэн бөгөөд голчлон ижил хүйстэн эрэгтэйчүүд халдвар авсан байна.

Сармагчны цэцэг өвчин 92 оронд бүртгэгджээ

8 НҮБ: Дайн эхэлснээс хойш Украинд 5.5 мянган энгийн иргэн амиа алдсан

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаал өгснөөр Оросын арми хөрш оронруугаа дайрч, өнөөгийн дайн 178 дэх өдрөө үргэлжилж байна. Энэ хугацаанд Украинд 5,5 мянган энгийн иргэн амиа алдсан гэж НҮБ мэдээллээ. Амиа алдсан хүмүүсийн 2125 нь эрэгтэй, 1451 нь эмэгтэй, 147 охин, 170 хөвгүүн байгаа бол 39 хүүхэд, 1582 насанд хүрсэн хүний хүйсийг тогтоож чадаагүй байна. Наймдугаар сар гарснаас хойш гэхэд л 144 хүн амиа алджээ.

НҮБ: Дайн эхэлснээс хойш Украинд 5.5 мянган энгийн иргэн амиа алдсан

9 Украины боомтоос дахин нэг хөлөг онгоц хөдөлжээ

Украинаас үр тариа экспортлох тухай гэрээний хүрээнд дахин нэг хөлөг онгоц боомтоос хөдөлсөн талаар Туркийн Үндэсний батлан хамгаалахын яам өнөөдөр мэдээлжээ.

Белизийн далбаа бүхий хөлөг онгоц Украины Черноморск боомтоос эрдэнэ шиш ачин хөдөлсөн гэж тус яам “Twitter” хуудсаараа мэдээлсэн байна. Мөн удахгүй ахин дөрвөн хөлөг онгоц хөдөлнө гэдгийг дурджээ.

Украины боомтоос дахин нэг хөлөг онгоц хөдөлжээ

10 Guardian: Их Британийн зургаан сая өрх төлбөрөө төлөхөд хэцүү байна

Их Британийн зургаан сая орчим өрх гар утас, суурин утас, өргөн хэрэглээний интернэтийн төлбөрөө төлөхөд бэрхшээлтэй байна гэж "The Guardian" мэдээлэв. Амьжиргааны өртөг нэмэгдсэн нь олон хүнийг хоол хүнс, хувцас гэсэн хэрэгцээт зүйлээ танах, үйлчилгээгээ унтраах, өөрчлөх, сарын төлбөрөө алгасахад хүргэж байна. Хэрэглэгчийн бүлгээс гаргасан тайланд дурдсанаар Их Британид 5.7 сая өрх дөрөвдүгээр сард ядаж нэг "боломжийн асуудалтай" тулгарч байсан байна. 

Guardian: Их Британийн зургаан сая өрх төлбөрөө төлөхөд хэцүү байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()