1
Хэт халалтын улмаас Хятадын зарим бүс нутагт цахилгааны хэрэглээг хязгаарлажээ
Саяхнаас Хятадын зарим бүс нутгаар хэт халалт үргэлжилж байгаа нь цахилгаан эрчим хүчний хангамжид ачаалал үүсгэжээ. Улмаар Сычуань мужийн эрх баригчид үйлдвэр аж ахуйн газруудын цахилгаан ашиглалтад хязгаарлалт тогтоох арга хэмжээ авсан байна.
Өчигдөр гэхэд Сычуань муж болон Чунцинь хотод цельсийн 40 хэмээс давж халсан байна. Даваа гарагт 68 газарт агаарын температурын үзүүлэлт дээд цэгтээ хүрэв. Аагим халуун цаг агаарын нөхцөлд Сычуань мужид агааржуулагчийн ашиглалт хэрэглээ эрс өссөнөөс цахилгааны ачаалал ихээхэн нэмэгджээ. Түүнчлэн хур тунадас багатайн улмаас усан цахилгаан станцуудын хүчин чадал буурсан нь байдлыг улам хүндрүүлж байна.
2
АНУ тив алгасагч баллистик пуужингийн туршилт хийв
АНУ-ын агаарын цэргийн хүчнийхэн мягмар гарагийн өглөө Калифорни дахь сансрын хүчний баазаас тив хоорондын 3 баллистик пуужин хөөргөн туршжээ. Зэвсгийн системийнхээ нарийвчлал, ажиллагааны чадварыг шалгах энэ туршилтыг нэлээд эртнээс төлөвлөсөн боловч дэлхий дахины нөхцөл байдалтай уялдуулан хойшлуулж ирсэн гэж Америкийн агаарын цэргийн хүчнээс мэдэгдэж байна.
3
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Украинд айлчилна
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш энэ 7 хоногийн сүүлээр Украины баруун зүгийн Львов хотод очиж, Ерөнхийлөгч Володимир Зеленский болон Туркийн Ерөнхийлөгч Рэжеп Таип Эрдоган нартай уулзана. Талууд энэ үеэрээ Орос, Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын талаар хэлэлцэхийг НҮБ-ын төлөөлөгч мягмар гарагт сэтгүүлчдэд мэдээлжээ.
4
Япон улсын хүн амын тоо буурчээ
2021 оны байдлаар Япон улсын хүн амын тоо 125 саяд хүрч буурсан нь тус улсын түүхэн доод үзүүлэлтийг харуулж байна. Хүн амын тоо буурах болсон гол шалтгааныг мэргэжилтнүүд дэлхийн хэмжээнд цар тахал газар авч, үүнээс улбаатай хилийн хориг хязгаарлалт болон нийгэм хурдацтай хөгширч байгаа зэрэг хэд хэдэн шалтгаантай холбон тайлбарлажээ.
Токиогийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Япон улсын хүн амын тоо жил бүр буурсан үзүүлэлттэй байна. 2021 оны байдлаар тус улсын хүн ам өмнөх жилтэй харьцуулахад 650 мянга буюу 0,57 хувиар буурчээ. Өнгөрсөн онд Япон улсад 830 мянган хүүхэд мэндэлсэн бол 1,4 сая иргэн нас баржээ. Энэ нь нас барсан хүний тоо төрөлтийн үзүүлэлтийг давж, 2013 оноос хойших хамгийн их буурсан дүн болсныг Японы дотоод хэргийн яамнаас мэдээлжээ.
5
Их Британи Омикрон хувилбарын эсрэг вакцинд зөвшөөрөл олгосон анхны улс болов
Их Британийн эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнд хяналт тавих агентлаг, омикрон хувилбарын эсрэг АНУ-ын биотехнологийн Модерна компанийн бүтээсэн вакцинд зөвшөөрөл олгожээ. Ингэснээр Их Британи омикрон хувилбарын эсрэг вакциныг хэрэглээнд нэвтрүүлэхийг зөвшөөрсөн анхны улс болж байна.
Их Британийн анагаах ухааны байгууллагын мэдээлж байгаагаар Модерна компанийн вакцин нь коронавирусний эсрэг анхны хувилбар болон одоо дэлхий нийтэд тархаад байгаа омикрон хувилбарын дэд хувилбарууд болох БиЭй-4, БиЭй-5 хувилбарт тохирох юм байна.
6
НҮБ болон ОХУ Запорожийн атомын цахилгаан станцын аюулгүй байдлын асуудлаар хэлэлцэв
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар Запорожийн атомын цахилгаан станцын нөхцөл байдал болон аюулгүй ажиллагааны талаар хэлэлцсэн тухай Тасс мэдээллээ.
Мөн Оросын хүнсний бүтээгдэхүүн, үр тариа бордооны экспортын нөхцөлийг хөнгөвчлөх НҮБ-ын санал санаачилга зэрэг хэд хэдэн асуудлыг хоёр тал хэлэлцсэн тухай Ройтерс онцоллоо.
7
Хойд туйлд дулаарал эрчимтэй явагдаж байна
Норвеги болон Финландын цаг уурын хүрээлэнгийн судлаачдын багаас хойд туйлд цаг агаар бидний төсөөлж байгаагаас хурдтай явагдаж байгааг судалгаагаар тогтоожээ.
1979 оноос хойш буюу хиймэл дагуулаас мэдээлэл авдаг болсон цаг үеэс хойш Хойд туйлын бүх тойрогт, хиймэл дагуулаас авсан мэдээлэлдээ үндэслэж хамгийн сүүлийн үеийн судалгааг хийсэн байна. Уг судалгааны дүнгээс үзвэл сүүлийн 40 жилийн хугацаанд Хойд туйл дэлхийн бусад хэсэгтэй харьцуулахад цаг уурын өөрчлөлт хамгийн хүчтэй явагдаж 4 дахин хурдан дулаарсан аж. Тодруулбал, Арктикийн агаарын хэм 10 жил тутамд дунджаар 0,75 хэмээр дулаарч байжээ.
8
БНСУ-ыг дэлхийн хамгийн том зэвсэг нийлүүлэгчдийн нэг болгохыг хүсэв
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёл албан тушаалаа хүлээж авсан эхний 100 хоногтоо зориулж илтгэл тавьсан. Энэ үеэрээ тэрбээр Өмнөд Солонгос улс дэлхийн хамгийн том зэвсэг нийлүүлэгчдийн нэг болох төлөвлөгөөтэй байна гэж хэлэв. "АНУ, Орос, Францын дараа дэлхийн шилдэг дөрвөн батлан хамгаалах экспортлогчийн тоонд орсноор бид стратегийн үйлдвэржилт, батлан хамгаалахын хүчирхэг төв болох болно" гэж Ерөнхийлөгч Юн Сук Ёл хэлжээ.
9
Австралийн парламент Ерөнхий сайдаа огцрохыг шаардаж байна
Австралийн парламентаас Ерөнхий сайд асан Скотт Моррисоныг таван үүрэг ролийг нэмэлтээр хэрэгжүүлсэн гэх мэдээллээс болж огцрохыг шаардаж байна. Харин Моррисон дээрх үүргүүдийг цар тахлын онцгой үед шаардлагатай тохиолдолд хэрэгжүүлсэн гэж өөрийгөө өмгөөлж огцрохоос татгалзжээ. Гэвч Моррисоны эрх үүргээ хэтрүүлсэн гэх мэдээлэл цацагдсанаар түүнийг дарангуйлагч гэж нэрлэх болсон аж.
10
Олимп зохион байгуулах хорооны дарга асан баривчлагджээ
Токиогийн олимп, паралимпийн наадмыг зохион байгуулах хорооны захирал асан Такахаши авлига авсан хэргээр баривчлагджээ. Өдгөө 78 настай Такахаши Харүюкиг Токио дүүргийн прокурорууд баривчилсан байна.
Өнгөрсөн сард прокурорууд Токиогийн ойролцоох "Aoki Holdings” компанийн төв оффис болон Токио дахь охин компанийн оффист нэгжлэг хийсэн аж. Прокурорууд жижиглэнгийн худалдаачин Такахашид их хэмжээний мөнгө хээл хахууль болгон өгсөн байж болзошгүй гэж сэжиглэж байна. Такахаши баривчлагдахаасаа өмнө ямар нэгэн буруутай үйлдлээ няцаасан.