Охиноо гоц чадвартай болгохыг хүссэн эцгийн төсөл
Хэдийгээр итгэхэд бэрх ч 1960-аад оны үед Францын иргэн Луи Дидье өөрийн охин болох Модыг гоц чадвартай нэгэн болгохын тулд хүмүүжлийн байж боломгүй арга барилыг ашигласан байна. Бяцхан охин эцэг Луигийнхаа “туршилт”-нд өртсөн аж.
Охиныг хүмүүжүүлэх арга барил хоригдлуудыг тамлаж буйтай ихээхэн ижил байжээ. Жишээлбэл: түүнийг тэвчээртэй, чийрэг болгохын тулд хүүхэд байхаас нь хүйтэн өрөөнд өлсгөлөн амьдруулсан байна. Үүнээс гадна эцэг нь түүнийг ямар ч нөхцөлд амьд гарах чадвартай болгох бэлтгэл хийлгэдэг байсан бөгөөд бяцхан охин нэг л алдаа гаргахад шийтгүүлдэг байсан гэнэ. Энэхүү хүмүүжлийн арга барил охиныг 18 нас хүртэл үргэлжилсэн боловч Мод эцгийнхээ хүслээр гоц чадвартай болж чадаагүй гэдгийг дурдах нь зүйтэй.
Зорилгодоо хүрэхийн тулд
Гоц чадвартай хүн бий болгох төслийн талаар Луи Дидье нь Мод Жульенийг төрөхөөс өмнө бодож эхэлсэн байна. Ингээд тэр 1936 онд ядуу уурхайчнаас 16 настай охин Жаниныг нь худалдаж авсан бөгөөд уурхайчин аз жаргалтай амьдрахын тулд охиноо заржээ.
Тэр охиныг 18 нас хүртэл нь чанга хатуу гараар өсгөж, дараа нь түүнтэй гэрлэсэн. Мэдээж Луи төгс хүн бүтээх гэсэн зорилгоо биелүүлэхийн тулд Жаниныг худалдаж авсан ч 16 настай охин аль хэдийн хувь хүн болж төлөвшсөн байсан учир Луи зорьсондоо хүрч чадаагүй юм.
Ингээд Дидье өөр арга замыг сонгосон байна. Тэр Жаниныг насанд хүртэл нь өсгөж харин дараа нь гэрлэж хүүхэдтэй болохоор шийджээ. Луигийн охин Мод 1957 онд францын нэгэн жижиг тосгонд төрсөн бөгөөд хорвоо дэлхийд мэндэлсэн цагаасаа эхлэн эцгийнхээ гоц чадвартай хүн бүтээх төслийн туршилтын хэрэгсэл болсон байна.
Луи тогтмол биеийн хөдөлгөөн хийх, оюун ухаан ачаалуулах бэлтгэлийг хийснээр тухайн хүн аяндаа гоц чадвартай болно гэдэгт итгэдэг байсан гэнэ. Харамсалтай нь энэхүү төслөө хэрэгжүүлэхийн тулд тэр өөрийн төрсөн охиноо ашигласан байна.
Эцгийнхээ “туршилтын туулай” болсон бяцхан охин
Тэр охиноороо бие махбодын хувьд төрөл бүрийн бэлтгэл хийлгээд зогсохгүй бяцхан охинд шинжлэх ухаан, галт зэвсэг ашиглах, хөгжим тоглох зэргийг зааж байсан гэнэ. Эцгийнх нь үзэж байгаагаар Мод бүх төрлийн хөгжмийн зэмсгийг дарж сурах ёстой байжээ. Учир нь хорих ангид хөгжмийн мэдрэмжтэй хүмүүст амьдрахад илүү хялбар байдаг гэж Луи тодорхойлсон байна.
Луи Дидье нь Модыг гоц чадвартай болгох зорилготой байжээ.
Бүх зовлонгоос ангижрахыг хүссэн залбирал
Модын эцэг эхийн хүмүүжлийн арга барил маш харгис хэрцгий байсан гэнэ. Жишээлбэл: Ээж нь түүнд унадаг дугуй унахыг зааж өгсөн ч охиныг унаж, бэртэх магадлалтай гэдэгт огт санаа зовдоггүй байжээ. Охиныг ойлгож, магтаж сайшаахын оронд тэд тогтмол загнаж, уйлахыг хориглож, өвдсөндөө болж авиа гаргахыг хүртэл хориглож байсан гэнэ.
Сэлэлтийн хичээл заах үед ч энэ арга барилыг ашиглаж байсан аж. 4 настай бяцхан охиныг хүйтэн устай усан сан руу шидэж, өөрөө сэл хэмээн тушааж байжээ. Охин живэх шахаж уйлж гарч ирж байсан ч эцэг нь хүчтэй хүмүүс уйлдаггүй, юунаас ч айдаггүй хэмээн охинд тулгаж дахин дахин ус руу шидэж байсан гэнэ.
Охины хувьд хамгийн аймшигтай байсан зүйл нь түүнийг шөнийн цагаар хархтай харанхуй өрөөнд хонуулдаг байсан явдал гэнэ. Охиныгоо хархнаас айдаг болохыг ойлгосон тэр санаатайгаар түүнийг хархтай харанхуй өрөөнд, хөл нүцгэн, унтлагын хувцастай оруулж чимээ гаргахгүйгээр бясалгал хий хэмээн тушааж байжээ. Мод энэ бүх зүйлээс маш их айдаг байсан учир хурдан нас барахыг л хүсэж байсан гэнэ. Тэр бурхнаас энэ бүх тамлалаас салгаж өгөөч хэмээн гуйж байсан аж.
Бяцхан охин энэ бүх тамлалаас салгаж өгөөч хэмээн залбирч байсан гэнэ.
Аврагч Ричард болон зууны ном
Эцэст нь Модын залбирлыг бурхан сонсжээ. Охиныг 16 нас хүрэхэд түүнд шинэ хөгжмийн багш хичээл заахаар ирсэн байна. Гэр бүлийн байдал болон Модын сэтгэл санааны байдлыг хараад багш нь ямар нэг зүйл буруу байгааг ойлгосон аж. Ингээд тэр охинтой студид хичээллэх талаар Луитэй ярилцаж, түүнийг ятгаж чадсан гэнэ. Үүнээс гадна тэр 16 настай Модыг өөрийн студийн хөгжмийн дэлгүүрт ажиллуулах болжээ.
Дэлгүүрт ажиллаж байх хугацаандаа бүсгүй Ричард хэмээх өөрийн аврагч залуутай танилцаж, түүнд дурласан байна. Гэвч Луид энэхүү харилцаа таалагдахгүй байсан гэнэ. Учир нь тэр охиноо хэвийн бус бэлгийн чиг хандлагатай 50 настай найзтайгаа гэрлүүлэхийг хүсэж байжээ. Луи гоц чадвартай хүнд хайр сэтгэл, хүүхэд хэрэггүй гэж үзэж байсан гэнэ.
Эцэст нь Луи охиноо хагас жилийн дараа төрөлх гэртээ эргэн ирж, эцгийгээ асраарай гэх болзлыг тавьж, Ричардтай гэрлэхийг зөвшөөрсөн байна. Мэдээж олон тамлал амссан охин гэртээ эргэж ирээгүй.
Мод Жульен сэтгэл зүйч болсон.
Тэрээр амжилттай сэтгэл зүйч болсон бөгөөд хүмүүст төрөл бүрийн хүнд хэцүү нөхцөл байдлыг даван туулахад туслах болжээ. Луи Дидьег нас барсны дараа Мод өөрийн хүүхэд насны амьдралын түүхийг өгүүлсэн номыг гаргасан байна. Уг номын ачаар тэр дэлхий даяар алдартай болсон аж.