1941 онд Мехико хотын оршин суугчид болох Брижит Холмквист болон германы язгууртан Фридрих Карл фон Шлебрюгге нарын гэр бүлд Брижитт Каролин хэмээх охин төржээ.
Тэрээр ээжийнхээ өвөрмөц бөгөөд үзэсгэлэнтэй төрхийг, эцгийнхээ язгууртны хэв маягийг өвлөсөн байна.
Ненагийн ээж Брижит Холмквист залуу байхдаа уран барималч Аксель Эббегийн “Тэврэлт" баримлын модель болж байжээ. Энэхүү гайхалтай баримал нь одоог хүртэл Скандинавын хойгийн хамгийн өмнөд хошуун дахь боомтод байдаг аж.
1955 онд "Vogue" сэтгүүлийн алдартай гэрэл зурагчин Норман Паркинсон ажлаар Стокхольм хотыг зорьсон байна. Энд тэрээр 14 настай Ненаг анх харсан бөгөөд энэ нь охины хувьд модель эхлэлийг тавьж өгчээ. Хоёр жилийн дараа Нена Лондон руу нүүж, загварын ертөнцөд бүх хүчээ дайчлан ажиллах болжээ.
Залуухан швед бүсгүй гайхалтай амжилтанд хүрч, түүнд Нью-Йоркт байх Ford загварын агентлагт ажиллах саналыг тавьсан байна.
Нена саналыг тэр даруй хүлээн авч өөр тив рүү ээлжит аялалдаа гарчээ. Ингээд тэрээр шилдэг сэтгүүлүүд болох "Vogue" болон "Harper’s Bazaar"-тай хамтран ажиллаж, түүний гэрэл зургийг тухайн үеийн алдартай гэрэл зурагчид болох Ричард Аведон, Уильям Кляйн, Берт Штерн, Норман Паркинсон нар дарж байсан гэнэ.
Тэд бүсгүйд маш ихээр итгэдэг байсан учир язгууртны гоёл, ордны мэт интерьертэй газар зураг авалт хийж байсан бөгөөд энэ бүхний дэргэд Нена өөрийн язгууртны угсаа гарлаа илэрхийлж чадсан юм.
Орчин үеийн гэрэл зурагчид, зураачид Ненагийн гоо үзэсгэлэнг одоо ч гэсэн шүтэн биширдэг. Тэрээр алдарт Сальвадор Далигийн шүтээн болсон гэх яриа байдаг бөгөөд Дали 1963 онд Ненаг сэтгэл судлаач Тимоти Лиритэй танилцуулж байсан гэнэ.
Жилийн дараа Тимоти болон Нена нар тэрбумтан Уильям Хичкокийн Милбрук дахь ордонд гэрлэсэн байна. Энэхүү өвөрмөц хуримын ёслолыг Донн Пеннебейкер гэрэл зургийн хальснаа буулгаж авчээ.
Тимотитэй гэрлэсэн гэрлэлт ердөө нэг жил үргэлжилж 1965 онд Нена салах өргөдөл өгчээ. Хоёр жилийн дараа тэрээр Америкийн алдарт шашин судлаач Роберт Турмантай гэрлэв.
Энэхүү гэрлэлтийг бурхан ивээсэн бололтой. Тэд одоог хүртэл аз жаргалтай сайхан амьдарч байгаа билээ. Удалгүй хосууд Ганден хэмээх хүүтэй болжээ.
Роберт Турман болон Нена нар 4 хүүхэдтэй бөгөөд тэдгээрийн дунд алдарт жүжигчин Ума Турман бий.
Ума Турман 1970 онд мэндэлсэн. Түүний нэр нь “адислагдсан” гэсэн утгатай юм. Ингээд Нена моделийн карьераа орхиж, өөрийгөө гэр бүлдээ зориулахаар болсон байна. Үүнээс гадна тэр буддын шашныг ихээр сонирхож, сэтгэл зүйч болжээ.
Харин өнөөдөр Нена "Menla Mountain Retreat" төвд анагаах ухааны төвийн гүйцэтгэх захирал бөгөөд өөрийн хүүхдүүд болох Ганден, Ума, Дечен, Мипам нараараа маш их бахархаж байгаа гэнэ. Түүний хүүхдүүдийн нэр бүгд буддын шашинтай холбоотой аж. Тэр одоо ч гэсэн аз жаргалтай, үзэсгэлэнтэй хэвээр байгаа.