Дэлхийн мэдээг цөөн үгээр 07.21

2022-07-21, 10:44
2,204

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Хэт халуунаас үүдэн Европын олон оронд ой хээрийн түймэр дэгдэж байна, Их Британид инфляц 1982 оноос хойших хамгийн дээд түвшинд хүрчээ, Орос улс Ираны дэмжлэгийг авсан тул Украины хотуудыг илүү эрчимтэй бөмбөгдөж эхэлжээ зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 07.21

1 Дэлхийн газрын тосны үнийн өсөлтийн эсрэг АНУ арга хэмжээг авч эхэллээ

АНУ газрын тосны үнийг бууруулахын тулд Онцгой нөөцийн сангаасаа энэ сард 5 сая гаруй баррель тосыг  Европын болон  Азийн зарим улсад  экспортлоод байна. 10 дугаар сар хүртэл энэ сангаас 10 сая баррель тос гаргах бөгөөд АНУ-ын Онцгой нөөцийн сан өнгөрсөн сард 1986 оноос хойших хамгийн бага түвшиндээ хүрсэн байна.

Дэлхийн газрын тосны үнийн өсөлтийн эсрэг АНУ арга хэмжээг авч эхэллээ

2 Хэт халуунаас үүдэн Европын олон оронд ой хээрийн түймэр дэгдэж байна

Франц, Испани, Хорват, Итали, Грек зэрэг улсад ой хээрийн түймэр асаж байгаагаас иргэд, жуулчдыг нүүлгэн шилжүүлж байна.

Францын баруун өмнөд бүс нутагт л гэхэд сүүлийн 6 хоногт ой хээрийн түймэр асаж байгаа бөгөөд тэндээс 16 мянга гаруй иргэд, жуулчдыг нүүлгэн шилжүүлжээ. Уржигдрын байдлаар Европ тивийн хэмжээнд 4500 гаруй хавтгай дөрвөлжин километр талбай шатсан байна.

Хэт халуунаас үүдэн Европын олон оронд ой хээрийн түймэр дэгдэж байна

3 Европын холбоо Украинд зэвсэг худалдан авахад зориулж дахин 500 сая евро олгохоо мэдэгдэв

Европын Холбоо /ЕХ/ Украинд зэвсэг нийлүүлэхэд зориулж Европын энх тайвны сангаас 500 сая еврогийн тав дахь санхүүжилтийг олгох эцсийн шийдвэр гарсныг тус холбооны гадаад бодлогын албаны дарга Жозеп Боррель лхагва гарагт мэдэгдлээ.

Европын холбоо Украинд зэвсэг худалдан авахад зориулж дахин 500 сая евро олгохоо мэдэгдэв

4 Ли Көчян: Хятад улс цаашид ч олон улсад нээлттэй хэвээр байх бодлого баримтална

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян 7-р сарын 19-нд Дэлхийн эдийн засгийн форумын Олон улсын аж ахуйн нэгжийн эздийн тусгай цахим яриа уулзалтад оролцжээ.

Энэ үеэрээ тэрээр "Хятад улсын эдийн засаг дэлхий дахинтай нягт уялдсан байдаг. Олон улсад нээлттэй байх нь Хятад улсын үндсэн бодлого юм. Хятад улс өндөр түвшинд олон улсад нээлттэй байхаа баримтлах бөгөөд улам нээлттэй байх болно" гэжээ. 

Ли Көчян: Хятад улс цаашид ч олон улсад нээлттэй хэвээр байх бодлого баримтална

5 Их Британид инфляц 1982 оноос хойших хамгийн дээд түвшинд хүрчээ

"Зургаадугаар сард Их Британид инфляц 9.4 хувьд хүрсэн нь сүүлийн 40 жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт боллоо" гэж тус улсын Үндэсний статистикийн товчоо мэдээлэв.

Их Британид инфляц 1982 оноос хойших хамгийн дээд түвшинд хүрчээ

6 "Украин дахь Оросын тусгай ажиллагааны газарзүйн зорилго өөрчлөгдсөн" гэж Лавров мэдэгдэв

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Украин дахь Оросын цэргүүдийн тусгай ажиллагааны газарзүй, нутаг дэвсгэрийн даалгавар өөрчлөгдсөн гэж мэдэгдэв. Түүний хэлснээр энэ нь барууны орнууд Украинд зэвсэг нийлүүлсэнтэй холбоотой гэж ТАСС уламжлав.

"Цэргийн тусгай ажиллагаа нь газарзүйн координатын тухайд Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн манай аюулгүй байдалд ямар ч аюул занал учруулахгүй, Украины нутаг дэвсгэрээс цэргийн  заналхийлэл ирэхгүй гэсэн утгаараа нацист үзэл суртлаас чөлөөлөх, цэрэггүйжүүлэх зорилго хэвээр байна" хэмээн Лавров хэлжээ.

"Украин дахь Оросын тусгай ажиллагааны газарзүйн зорилго өөрчлөгдсөн" гэж Лавров мэдэгдэв

7 Британи агаарын хурдны замтай болох нь

Британи ирэх хоёр жилд нисгэгчгүй нисдэг тэрэгний дэлхийд хамгийн том, бүрэн автоматжуулсан, агаарын хурдны замтай болохоор төлөвлөж байна.

Улсаас 273 сая фунт стерлингийн (330 сая ам.доллар) хөрөнгө оруулах “Skyway” төслийн хүрээнд Британийн хотуудыг 260 км урт агаарын зурвасаар холбох гэнэ. 

Британи агаарын хурдны замтай болох нь

8 “Netflix” компани бараг нэг сая хэрэглэгчээ алджээ

Америкийн стриминг үйлчилгээ үзүүлэгч “Netflix” компани энэ оны хоёрдугаар хагаст бараг 1 сая хэрэглэгчээ алдсан талаар мягмар гарагт компанийн цахим хуудсанд нийтлэгдсэн улирлын тайланд дурджээ.

Оросын зах зээлээс гарсны улмаас энэ оны 4-р сард 200,000 захиалагчаа алдсан тус компани хоёрдугаар улирлын эцэс гэхэд 2 сая төлбөртэй захиалагчаа алдана гэж таамаглаж байжээ. Харин 2022 оны гуравдугаар улирлын эцэс гэхэд төлбөртэй үйлчлүүлэгчдийн тоо 1 сая орчим нэмэгдэн гэж тус компани тооцоолж байна.

“Netflix” компани бараг нэг сая хэрэглэгчээ алджээ

9 НҮБ: Дэлхий нийт өлсгөлөнд нэрвэгдэх аюул тулгарч байна

Өнөөгийн хүнсний хямралыг арилгаж чадахгүй бол ирээдүйд дэлхийн хамтын нийгэмлэг улс төрийн тогтворгүй байдал, олныг хамарсан өлсгөлөн, хяналтгүй шилжилт хөдөлгөөнтэй тулгарч магадгүй юм. Энэ тухай НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Дэвид Бисли мэдэгдсэнийг РИА Новости иш татан мэдээлэв.

Түүний хэлснээр, хэрэв улс орнууд өсөж буй хүнсний хямралыг үл тоомсорловол дэлхийн хамтын нийгэмлэг гунигтай үр дагаврыг даван туулах хэрэг гарна.

НҮБ: Дэлхий нийт өлсгөлөнд нэрвэгдэх аюул тулгарч байна

10 Орос улс Ираны дэмжлэгийг авсан тул Украины хотуудыг илүү эрчимтэй бөмбөгдөж эхэлжээ

ОХУ-ын цэргийн ажиллагаанд Иранаас дэмжлэг үзүүлж эхэлсэн тул Оросын зэвсэгт хүчин Украины зүүн болон өмнөд хэсгийн хот, тосгодыг илүү эрчимтэй бөмбөгдөж эхэлжээ.

Украины зүүн хэсэгт орших Донецк мужийн Краматорск хот нь Оросын дараагийн "бай" болсон бөгөөд тус суурингийн орон сууцанд агаараас цохилт өгсний улмаас нэг хүн амь үрэгдэж, 10 хүн шархадсан гэж мужийн захирагч Павло Кириленко мэдэгдэв.

Орос улс Ираны дэмжлэгийг авсан тул Украины хотуудыг илүү эрчимтэй бөмбөгдөж эхэлжээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()