Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Юмнаас дутъя гэж их боддог ч юмсыг сайжруулахын тулд дугарахгүй бол цаашдаа ч иймэрхүү тэнэг юмс үргэлжлээд байх шинжтэй. Тиймээс АСУУДАЛ болон хэдэн ГАРГАЛГАА-г дурдъя. Их Тэнгэрт жил бүр болдог төрийн хүлээн авалтад уригдагчдын тухай шүүмжлэлт постууд хаа сайгүй. Баяраар нээх хэрүүл хиймээргүй байна. Гэвч дугарахгүй бол дэмжээд байгаа юм шиг санагдаад огт болохгүй юм. Тиймээс дугарсан шиг дугарчихъя!
Ер нь төрийн дайллагын учир утгыг төр бөгөөд уригдагсад нь ойлгож байгаа юм уу? Уул нь Монголын газар нутаг дээр анхны төрт улс Хүннү гүрэн байгуулагдсан, Их Монгол байгуулагдсан, Манжийн дарлалаас 230 жилийн дараа их цус асгаруулж, их тэмцэл хийсний дараа тусгаар улс болж, өөрийн толгойтой болсны баяр. Өнгөрсөн сонгуулиар ашигласан, ирэх сонгуулиар ашиглуулах олон дагагчтай хүмүүсийн цуглаан биш төрийн дайллага юм уг нь. Төрдөө, олон нийтийн төлөө гавьяа бүтээсэн хүмүүсийг төр нь дайлж, талархсанаа илэрхийлдэг үйл явдал.
Эсгий хийх газар нохой хэрэггүй гэдэг шиг үнэхээр нийтээрээ хүлээн зөвшөөрөхүйц гавьяа байгуулаагүй бол залуу хүмүүсийн байх газар нээх биш санагдана. Эсрэгээрээ энэ бүхнийг бүтээхэд оролцсон ахмад дайчид, тэдгээрийн хань ижил, улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалагч, орчин цагийн Монгол улсын бүтээн байгуулалт, эртний бөгөөд шинэ үеийн соёлыг хадгалагч, бүтээгч болон түгээгч, эрдэмтэн мэргэд, шинийг олж нээсэн зохион бүтээгч, инженер, хүний амь эрүүл мэндийг хамгаалж аварсан эмч сувилагч, ирээдүйн үеийг бүтээдэг шилдэг багш сурган хүмүүжүүлэгчдийг төр нь дайлж хүндэтгэл үзүүлсэн бол ёстой янзын бахархам харагдах байлаа.
Тэднийг урьж урамшуулснаар тэд улам л их хичээж, илүү олон хүнд эерэг нөлөө үзүүлж, бусад нь тэдэн шиг хичээж төрийн дайллагын урилгыг авахын тулд хөдөлмөрлөх далд мессежтэй арга хэмжээ юм уг нь. Төр нь иргэдээ хүлээн авч дайлж, цайлж талархсанаа илэрхийлдэг хамгийн удаан бөгөөд сонгодог байдлаараа яваа цайллага бол Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улс буюу Английн хатан хааны Garden party. Төрийн тэргүүн нь өөрийн ордныхоо цэцэрлэгт хүрээлэнд олон нийтийг дайлж цайлан хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг гэхээр хамгийн төстэй нь энэ арга хэмжээ юм.
ХЭН УРИГДДАГ ВЭ?
АНГЛИ: Уригдах хүмүүсийг Хатан, түүний ажлын алба сонгодоггүй. Харин Английн сум хороо, төрийн болон төрийн бус байгууллагууд тухайн жилийн турш бусдын амьдралд хамгийн их эергээр нөлөөлж өөрөөсөө давж бусдад тусалсан харьяа салбар, орон нутгийнхаа шилдгүүдийг нэр дэвшүүлж, урьдаг аж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгшид, эх орон иргэдээ хамгаалж буй цэрэг, онцгой, цагдаа, хилийн цэрэг, гааль, мэргэжлийн хяналт, эмч, сувилагч гээд тухайн жилийнхээ онцгой амжилт гаргаж, олон хүний амийг аварсан төлөөлөл очдог.
МОНГОЛ: “Ковидтой тэмцсэн 2 жил хэцүү байлаа” гэх улс төрчдийн доголон нулимсаа унагах нэвтрүүлэг, ярилцлагууд их цуврах боллоо. Тийм л юм бол яг фронтод амь насаараа дэнчин тавьсан эмч, сувилагчдын төлөөллийг цагаан халадтай нь төрийн их дайллагадаа урьж болоогүй юу? Эрүүл мэндийн сайдаасаа илүү энгийн асрагч илүү хүнд нөхцөлд, өдөр шөнөгүй, хоолтой хоолгүй ажилласанг хүн бүр мэднэ. Жинхэнэ гавьяатан бол тэд.
Урлагийнхан бол харин яг энэ хорионы үеэр бүх телевизээр цацсан шоунд оролцож явсан гэдгийг эргэн сануулъя. Тэд маань хүмүүсийн сэтгэл санааг өргөх, гэртээ нь байлгах үйлст өөрсдийгөө зүтгэсэн хэмээн дотроо өмөөрч магад. Гэхдээ өөрсдөөсөө дахин нэг асуугаарай. Та илүү гавьяа байгуулсан уу? Ковидтой өвчтөний амийг аврах гэж хичээсэн эмчээс илүү гавьяатай юу? Сайн бод.
ГАРГАЛГАА: Тухайн жил хөдөлмөрийн баатар, төрийн шагнал, ардын бөгөөд гавьяат тэргүүтэй төрийн өндөр дээд шагнал авсан хүмүүс ногоон гэрлээр орох ёстой. Гэтэл тэдний хажууд юу ч хийж бүтээгүй, бүтээж амжаагүй залуус төрийн дайллагад очихыг хараад өмнөөс нь бөгс жаахан улаачлаа. Эсрэгээрээ төрийн дайллагад уригдахын тулд, төрийн тэргүүнтэйгээ уулзахын тулд хөдөлмөрлөдөг, нийгэмдээ бусдын төлөө гавьяа байгуулахыг хичээдэг байх хэрэгтэй, тийм үнэ цэнтэй арга хэмжээ байх ёстой.
Цалин багатай ч он удаан жил, авлига, арын хаалгаас хол байсан нийтийн төлөө ажилладаг төрийн жинхэнэ албан хаагчдыг урьж урамшуулах, сэтгэлийг нь сэргээж “Та нийтэд, иргэддээ, төрдөө хэрэгтэй хүн шүү” гэдэг мэдрэмжийг өгмөөр. Хороо, багаа хамгийн гоё тохижуулж сайжруулсан дарга нараас эхлээд зөндөө очих ёстой хүмүүс бий.
Үнэхээр очихыг хүсэгсэд таксаа төлөөд очих хэрэгтэй. Playtime гэхэд VIP тасалбар нь 1 сая төгрөгийн ханштай байв. Авах хүмүүс нь аваад орж байна лээ. Их Тэнгэрт болдог Төрийн дайллага дор хаяж тэр хавийн үнэтэй, тооны хязгаартай байхад буруудахгүй биз. Үнэхээр хэдэн лайк цуглуулж, түүхэн зураг дурсамжаа үлдээмээр байгаа бол төлөх ёстой юмыг нь төлөөд орох хүн зөндөө байгаа. Тэрүүгээрээ харин төрийн, бидний мөнгийг хэмнэж зардлаа дааж болно.
Үнэхээр төрийн дайллагадаа “од” уримаар байгаа бол гадны олон сая дагагчтай инфлүнцерүүд, аялагчид, бизнес лидер, спорт урлагийн жинхэнэ оддыг урих нь улсаа сурталчлах, олон улсын медиад наадмаа үнэгүй сурталчлах, улмаар ирэх жилүүдэд нь улам олон жуулчид Монголыг зорих сэдэл болно. Multiplier effect буюу олон тооны дам нөлөө үзүүлдэг акцууд хийдэг баймаар байна.
ЮУ ИДЭЖ УУДАГ ВЭ?
АНГЛИ: Өдрийн 2 цагт эхлээд 3-4 цагийн турш үргэлжлэх уг арга хэмжээнд зочдод торт, дессерт, хөнгөн зууш, ус, ундаа, кофе л өгнө. Энэ нь татвар төлөгсдийн мөнгийг хэмнэхээс гадна аливаа идэж уусан хүмүүс хэрэг тарьж, асуудал гаргахаас сэргийлсэн хэрэг.
МОНГОЛ: Харин манайд бүхэл хонь, үхэр шарж, үнэтэй коньяк, виски, оргилуун дарсаар зочдыг дайлж татварын мөнгөөр ичихгүй тансаглах нь ичгүүртэй. Удахгүй өр зээл, бонд төлөх айл хаа хамаагүй олонг дайлах мөнгөө хэмнэмээрсэн уул нь. Үнэхээр дайлмаар байгаа бол Төрийн ДАЙЛЛАГА биш ЦАЙЛЛАГА хиймээр. Хэлбэрт ач холбогдол өгмөөр байгаа юм бол юмс энгийн байхдаа гоё харагддаг болсон үе гэдгийг ах эгч нартаа хэлье.
НАЙЗУУДДАА:
Өөрсдөө л төрд ажилладаггүй юм бол танил талаараа урилга авч, уриулж төрийн дайллагад орох нь зохимжгүй, муухай харагдаж байгааг хэлчихье. Миний ойрын маш олон найзууд очсон байна лээ. Та хэдийгээ муу хэлээгүй гэдгийг зөвөөр ойлгоорой. Гэвч нэг уутанд хийсэн 10 ялзарсан алимны дунд шинэ алим ч тэдний нэг л харагддаг. 5, 10 жилд 1-ээс ихгүй очихыг хичээгээрэй. Үнэ цэнтэй байгаарай. Жил бүр, жил өнжин харагдах “нөгөө” хэд шиг улиг болж бусдын хэл аманд орох вий гэхээс сэргийлж сэрэмжлээрэй. Аливаа зүйлийн тунг тааруулахгүй бол муухай.
Бусдын төлөө илүү ихийг хийж бүтээсэн хүмүүс байхад урдуур нь орж татвар төлөгчдийн мөнгөөр төрийн хамгаалалт дор сонгуулиар зүтгэдэг хүмүүсийн адил харагдаад хэрэггүй. Хүний сайн санаж хэлж байгаа үгийг зөвөөр, эрүүлээр авахыг хичээгээрэй найзуудаа. Хүн дугуй дугуйгаа олж л он удаан жил биеийнхээ алдаа дутагдлыг хэлж, түшиж тулж, найзалж нөхөрлөдөг юм. Мууг санасан бол ингэж хэлэхгүй, олонд адлагдаад муулуулаад явж байг гээд чимээгүй өнгөрөх байсан шүү.
Дарга нар маань иргэд яагаад дургүйцээд, уурлаад байгааг ойлгож байгаа болов уу? Учир нь Манжийн дарлалаас гараад 100 жил өнгөрөвч хотын захын дүүргүүдээр талхаа 4 хувааж авдаг, 1 ясыг 4 хоног дараалан буцалгаж шөл гаргадаг амьдралтай айлууд байгаа. Нээх аймар баярлаад, цэнгээд хүмүүс дайлаад байх эдийн засгийн нөөц боломжтой биш байгаа гэдгээ мэдмээр. Удахгүй Шри Ланкын дараа дампуурлаа зарлаж болохуйц орнуудын ард яваа орон гэдгээ санамаар.
“Уйлах хүүхдийн хошного урд өдрөө умалзана” гэж гоё үг байдаг. Өнөөдөр баярлавч маргааш уйлах вий. Массыг тэнэг гэж бүү бас. Ард иргэд улам ухаантай болж байна. Улсын удирдагчид мэдрэмжгүй бол удалгүй хусагддаг тавилантай. Зөвлөхүүд нь дарга нараасаа айлгүй зөв зүйл зөвлөж чадахгүй бол зайгаа тавьж өгөх хэрэгтэй. Дутууг нь нөхөхгүй бол зөвлөх байсны хэрэггүй. Ер нь тэгээд баян ядуугийн ялгаа хэт их болж, эрх мэдэлтнүүд нь ичихээ болимогц аливаа улсад хувьсгал гарч, тухайн нийгэмд хамгийн ихээр хожигсод нь хамгийн ихээр хохирдог. Аливаа зүйл өндрөөс илүү хүчтэй унадгийг бодож яваарай дарга нар минь.
Дараагийн удаа ийм мэдрэмжгүй, common sense-гүй юм хийхээсээ өмнө олон дагагчидтай хүмүүст таалагдмаар байна уу эсвэл өөрөө олон дэмжигчидтэй болмоор байна уу гэдгээ ахин нэг сайн бод.
2022 оны Төрийн Дайллага - Урьсан нь ч ичиг, очсон нь ч ичиг!
Олон муухай зүйл гоё хэдийг нь харанхуйлаад байлаа уучлаарай.
Танан Бат-Эрдэнэ