1
"Илгээлтийн охин Шю Шю" (Xiu Xiu: The Sent Down Girl)
Олон улсын шагналыг хүртсэн ч эх орондоо хориглогдсон анхны хятад уран бүтээл бол 1998 онд гарсан энэхүү түүхэн сэдэвт драм юм.
Киноны үйл явдал Хятадын соёлын хувьсгалын үед өрнөх бөгөөд 15 настай ариун, цайлган Шю Шю охин зэлүүд Төвдөөс гэртээ буцахын тулд нутгийн олон эрд биеэ худалдахаас өөр аргагүй болсныг харуулдаг хүндхэн сэдэвтэй юм.
Киноны багийнхан Төвдөд албаны зөвшөөрөлгүйгээр зураг авалт хийсэн тул гаргах боломжгүй болжээ. Хожим тус кино "Алтан морь" шагналаас шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг эмэгтэй жүжигчин гэх мэт 7 ангилалд ялалт байгуулсан юм.
"Илгээлтийн охин Шю Шю"-г найруулсан хятад гаралтай америк жүжигчин Жоан Чен энэхүү амжилтынхаа хариуд Хятадад гурван жилийн турш кино хийх эрхгүй болжээ.
2
"Хаврын өвчин" (Spring Fever)
Найруулагч Лу Е "Зуны ордон" киноноосоо болж 5 жилийн турш Хятадад эрхээ хасуулсан байх үедээ энэхүү киног хийжээ. Ижил хүйстэн хятад залуус, нүцгэн бие, хаалтгүй сексийн хэсэг зэрэг гардаг учраас мэдээж Хятадын радио, кино, телевизийн захиргаанаас зөвшөөрөл олгоогүй.
2009 онд 62 дахь удаагийн Каннын кино наадамд нээлтээ хийж, шилдэг кино зохиолоор шалгарсан бол хожим нь "Алтан морь" наадмаас хоёр шагнал хүртсэн байна.
3
"A Touch of Sin" (2013)
2001 онд Шаньси мужийн тариачин хүнд сурталтай төрийн албан хаагчдыг буудан хөнөөсөн хэрэг, 2010 онд "Foxconn" компанийн 13 ажилчин амиа хорлосон явдал гэх мэт орчин үеийн Хятадын нийгэмд шуугиан тарьж байсан 4 бодит үйл явдлаас сэдэвлэн уг киног бүтээжээ.
Найруулагч Жя Жанке 1997 онд маргаан дагуулсан "Халаасны хулгайч" киногоо бүтээснээс хойш Хятадад хориглогдсон түүний 5 дахь кино нь "A Touch of Sin" болсон юм. 2006 он хүртэл түүний кинонуудыг театрт олон нийтэд үзүүлдэггүй байв.
Хэдий энэхүү киног анхандаа зөвшөөрсөн байсан ч аллагын хэсгүүдийг хасах шаардлагыг найруулагч зөвшөөрөөгүйгээс болж товлосон хугацаанд нь гаргаагүй байна. Мөн Хятадын хамгийн том кино шүүмжийн сайт Douban-аас хасагджээ.
"A Touch of Sin" нь 66 дахь удаагийн Каннын кино наадмаас "Шилдэг кино зохиол"-ын шагналыг хүртсэн бол "Алтан морь" наадмын шилдэг эвлүүлэгтэй киногоор шалгарчээ.
4
"Lan Yu" (2001)
Гэй эрчүүдийн романсыг голчлон харуулдаг уг кино ижил хүйстний харилцааг сурталчилсан, 1989 оны Тянь Ань Мений талбайн аллагыг дурссан, Бээжингийн албан хаагчдыг авлигалд идэгдсэн мэтээр үзүүлсэн гэх шалтгаанаар Хятадад хориглогджээ.
Хонконгийн найруулагч Стэнли Куан зураг авалтаа Бээжинд хийсэн тул хятад кинонд тооцогддог. "Lan Yu" нь Хонконг, Тайваний хэд хэдэн кино наадамд шагнал хүртсэний дунд 2001 оны "Алтан морь" наадамд 11 номинацид өрсөлдөж, 5 ялалт байгуулжээ.
5
"Бээжин дугуй" (Beijing Bicycle)
Хөдөөнөөс шилжиж ирсэн хүү Гуэи болон Бээжингийн сургуулийн сурагч Жянь нар унадаг дугуйнаас болж нэгнийхээ амьдралд оролцож байгааг харуулдаг уг кино нь найруулагч Ван Шаошуайн Хятадад хориглогдсон анхны уран бүтээл болсон юм.
Энэхүү кино нь 51 дахь удаагийн Берлиний олон улсын кино наадмаас гран-при шагнал, 2001 оны "Алтан морь" наадмаас 6 шагнал хүртжээ. Урд хөршид хориглогдсон шалтгаан нь Хятадын төрийн зөвшөөрөлгүйгээр хилийн чанад нээлтээ хийснээс болсон аж.
2004 онд тус хоригийг цуцалж, найман удаа хяналт, засвар хийсний эцэст 2013 онд л Хятадад нээлтээ хийжээ.