1980 оны сүүл үеэр ЗХУ-ын хилийг нээж, бараа бүтээгдэхүүн оруулж ирэхийг зөвшөөрсөн байна. Ингээд оросын иргэд харийн орныг зарж, бэлгэвчнээс эхлээд хиам, миксер, уруулы будаг гэх мэт гарт таарсан бүх зүйлээ худалдаж авах болжээ. Мэдээж, энэ бүхнийг тэд эх орондоо авчирч зарж байсан юм.
Москвагийн зах, 1990 он.
Тэднийг “челноки” хэмээн нэрлэдэг байсан аж. Учир нь тэд бараагаа чемодан бус харин аварга том “гахай”-нд хийж байсанд оршино. Ингээд хэдэн жилийн дараа ЗХУ үгүй болох үед эдийн засгийн хямрал нүүрлэж, гадаадаас авчирсан бараа бүтээгдэхүүнийг худалдаалах нь зарим иргэдийн хувьд аврал болж байсан юм.
Хятад. Суйфэньхэ. Оросын худалдаачид Хятадаас гэр рүүгээ буцаж байна
Захын худалдаа
“ЗХУ-ын үед миний ээж, тогтмол цалинтай, амьдралын өөрийн гэсэн төлөвлөгөөтэй инженер бүсгүй байсан юм. Харин 1990-ээд оны үед тэрээр бусдын адилаар ажилгүй болж, наймаа эрхлэж, энгийн амьдралдаа шилжсэн. Тэрээр 90-ээд оныг чөлөөтэй амьсгалж, ирээдүйгээ гайхалтайгаар төлөвлөх болсон гэнэ. Түүний бүх найз нөхөд энэ үеийг амжилттай давж туулж чадаагүй” хэмээн нэгэн цахим хэрэглэгч хуваалцсан байна.
ЗСБНХУ үгүй болох үед үнэхээр маш олон хүн ажилгүй болсон юм. Ажил олгогчид цалин өгөх боломжгүй болсон учир ажилчидаа бараа бүтээгдэхүүнээрээ цалинжуулж байсан. Багш, эмч, инженерүүд мөнгө олох шинэ арга замыг хайх хэрэгтэй болжээ.
Энэхүү шинэ арга нь гадаад бараа бүтээгдэхүүнийг эх орондоо зарж борлуулах байсан юм. Украин, Беларусь болон Оросын хойд хэсэгт оршин суугчид Польш, Герман, Чех орнуудаас бараа оруулж ирж байжээ. Харин Лениградын иргэд Финляндыг зорьж байсан гэнэ. Алс Дорнодын оршин суугчид Хятадаас бараа бүтээгдэхүүн худалдаж авах болсон байна.
Барааны зах «Лужники», 1996 он
Гэхдээ худалдан авах хийх боломжтой хамгийн таатай орон нь Оросуудын хувьд Турк байсан юм. 1990-ээд оны үед Туркийн бараа бүтээгдэхүүний чанар маш сайн байснаас гадна үнийн хувьд тийм ч өндөр биш байсан учир борлуулалт сайтай байжээ.
Хятад, Суйфэньхэ. Оросын наймаачид Хятадаас эх орон руугаа буцаж байна
Худалдаачид хамгийн боломжит хэмжээгээрээ бараагаа худалдан авч, жингийн илүүдлийн талаар огт бодож байсангүй. Тухайн үед нисэх байгууллагад жингийн хяналт төдийлөн их байгаагүй аж. Ачааны хэсэгт ачаанууд багтахгүй байсан учир онгоцны орох гарц дээр хүртэл ачаагаа байрлуулж байжээ. Онгоцны ажилчид тэднийг маш сайн ойлгож байсан юм.
1995. Туркээс Орос руу
Зарим байгууллагууд “шоппинг –аялал”-ыг зохион байгуулж байсан бөгөөд тэд хотын захын худалдааны төвүүд рүү галт тэрэг, автобусаар хүргэж байсан юм. Наймаачдыг хямд үнээр худалдан авалт хийх боломжтой бөөний төвүүдээр аялуулж, дараа нь гэрт нь хүргэж байжээ.
Ту-134-ийн салонд сууж буй наймаачид, 1992 он
Мэдээж, наймаачид хилийн дээс алхах, бараа худалдаж авахын тулд мөнгө олох хэрэгтэй болно. Тиймээс ч тэд бусдаас мөнгө зээлж, хүнд цүнхийг өөрөө ачиж, задгай зах дээр жилийн 4 улирал бараагаа борлуулах хэрэгтэй. Харин ашиг нь төдийлөн хангалттай байгаагүй аж.
90-ээд оны үед хилээр гаргах валютын хэмжээнд хязгаар тогтоож эхэлсэн бөгөөд ОХУ-аас жишээлбэл 700 доллар л авч гарахыг зөвшөөрч байжээ. Тиймээс наймаачид хилийн чанадад зарах боломжтой бараа бүтээгдэхүүнийг эх орноосоо авч гараад, зарсан мөнгөөрөө гадаад бараа худалдаж авч байсан гэнэ.
Москвагийн Комсомолийн талбай дээр буй ачаатай иргэд, 2000 оны эхэн үе
“Бид Хятад руу нэг бүр нь 7 рублийн үнэтэй малгайг авч явж байсан бөгөөд Хятадууд энэхүү малгайг оросод 2000 рублээр худалдах боломжтой гутлаар сольж байсан. Гаалиар нэвтрэхдээ 3 давхар пальто, 7 давхар малгай өмсөөд гарах нь энгийн үзэгдэл. Хэдийгээр гаалийн ажилтан уурлах ч түүнд даарч байгаагаа илэрхийлэх үе тэр яаж ч чаддаггүй байсан юм” хэмээн нэгэн оросын наймаачин дурсжээ.
Наймаачид, 1993 он
Харин зарим нь их хэмжээний мөнгө авч гарахын тулд хүн дагуулж явдаг байсан. Томоохон хот бүрт төрөл бүрийн бараа худалдаж авах боломжтой том дэлгүүрүүд байсан бөгөөд Москвад хамгийн алдартай нь Лужник, Черкизовский байжээ.
Ярославын вокзалын ойролцоо, 2000 оны эхэн үе
Эдгээр захууд руу нутгийн оршин суугчид төдийгүй бусад дүүрэг, мужийн наймаачид ирж байсан юм. 90-ээд оны үед азийн цагаачид ч бараа бүтээгдэхүүнээ борлуулах зорилгоор ирэх болсон.
Черкизовский зах, 2000 оны эхэн үе болон одоо
Цаг хугацаа өнгөрөх тусам худалдаа эрхлэх нь тийм ч ашигтай байхаа больсон бөгөөд засгийн газраас хилийн шинэ дүрэм журам батлагдаж, нисэх байгууллагууд ачаанд жингийн хяналт тогтоож, төрөөс задгай худалдаанд хяналт тавьж эхэлсэн аж.
1998 оны эдийн засгийн хямралын үеэр рублийн үнэ буурч, долларын зээлтэй байсан наймаачид дампуурсан юм.
Домодедовский зах, 1990 он
2000 оны үед оросын хотуудад худалдааны төвүүд, гадаад дэлгүүрийн сүлжээ байгуулагдаж эхэлсэн бөгөөд “наймаачид”-ын байр суурийг худалдааны байгууллагууд эзлэж, задгай захыг нураах болжээ.
Домодедовский худалдааны төв, 2020 он
Тухайн үеийн наймаачдын эдийн засагт оруулж байсан хувь нэмрийг дүгнэхэд хэцүү ч 90-ээд оны дунд үед импортын барааны 1\3-ыг тэд оруулж ирж байсан гэнэ. Эдийн засагчдын судалгаагаар Оросын 10 сая иргэн “наймаа” эрхэлдэг байжээ.
Екатеринбург дахь “наймаачдад” зориулсан баримал
Энэхүү богинохон мөч түүхэнд өөрийн гэсэн түүхэн тодорхой байр суурийг эзлэжээ. Оросын хэд хэдэн хотод наймаачдад зориулсан хөшөөг босгосон бөгөөд мэдээж энэ нь томоохон худалдааны төвүүдийн үүдэнд элбэг тохиолдоно.
Благовещенск дахь наймаачдад зориулсан баримал