Болсон хэргийг товч дурдвал...
7-р сарын 8-ны өглөө Абэ Шинзоо Японы Нара хотод намынхаа нэр дэвшигчийг дэмжих үг хэлж байх үед нь нэгэн этгээд түүнийг буудаж амийг нь хороосон юм.
Гэмт этгээдийн буудсан эхний сум оноогүй ч харамсалтай нь хоёр дахь сум ноён Абэгийн нуруунд тусч, үхэлд хүргэх гол шалтлгаан болжээ.
Тэр даруй хамгаалалтын албаныхан халдлага үйлдэгчийг баривчилсан бөгөөд тэрээр зугтахыг завдаагүй аж.
Гэрчүүдийн мэдүүлж байгаагаар түүний гарт гар аргаар хийсэн байж болзошгүй том буу байсан байна.
Орон нутгийн NHK телевизийн мэдээлснээр цагдаа нар түүний бууг хураан авч, хэн болохыг нь тогтоожээ.
Тэрээр гэрийн нөхцөлд хувцанцар болон туузан цавуу ашиглан шувууны буу хийсэн бөгөөд түүгээрээ энэхүү хэргийг үйлдсэн байна.
Алуурчин 41 настай Тэцүя Яамагами гэгч байсан бөгөөд 2002-2005 онд Японы өөрийгөө хамгаалах хүчний тэнгисийн цэрэгт алба хаасан нэгэн байжээ.
Ямагами нь хэт барууны улс төрийн үзэл бүхий бүлгэмийн гишүүн бөгөөд эртнээс Абэг хэт зөөлөн гадаад бодлого явуулдаг хэмээн буруутгаж ирсэн байна.
Дэлхийн удирдагчид ар араасаа дараалан эмгэнэл илэрхийлсээр байна
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон "Шинзо Абэгийн аминд хүрсэн жигшүүрт халдлагыг сонсоод үнэхээр их балмагдан, эмгэнэж байна. Түүний гэр бүл, хайртай хүмүүстэй сэтгэл зүрхээрээ хамт байх болно" гэжээ.
Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, ОХУ-ын ерөнхийлөгч, Австралийн Ерөнхий сайд болон тус улсын Ерөнхий сайд асан эрхмүүд, Энэтхэгийн Ерөнхий сайд, Их Британийн Ерөнхий сайд, Тайваний Ерөнхийлөгч зэрэг хүмүүс Абэгийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлсэн байна.
Түүхэн замнал
Шинзо Абэгийн аав Шинтаро Абэ, өвөө Кан Абэ, өвөө Нобосүкэ Киши, ээж Ёко Киши нар бүгд нэртэй улстөрчид байв. Абэгийн нагац ах Эйсакү Сато мөн Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Сато тухайн үедээ, Засгийн газраараа Японыг цөмийн зэвсгээс татгалзах шийдвэр гаргуулж чадсан гавьяатай хүний хувьд Нобелийн Энх тайвны шагнал хүртэж байв.
Аав Шинтаро Абэ Японы гадаад хэргийн асуудлыг хамгийн удаан хугацаанд хариуцан ажиллаж ирсэн сайд гэдгээрээ түүхэнд үлджээ. Харин ээж Ёко Киши нь 1957-1960 онд Ерөнхий сайдын албыг хашиж байсан Нобосүкэ Кишигийн охин юм. Тэрбээр дэлхийн хоёрдугаар дайны үед Ерөнхий сайд байсан Хидеки Тожогийн кабинетийн гишүүн байсан гэдэг.
Ямагучи дүүргийнхээ Сэйкэй бага, ахлах төгссөн тэрбээр Сэйкэйгийн их сургуулийн Хуулийн сургуулийг улс төрч мэргэжлээр төгсчээ. Мөн АНУ-ын Өмнөд Калифорнийн их сургуульд суралцсан байна. Абэ бол Японы хамгийн дэгжин ганган улс төрч, хувцсаа зөв сонгох, зангиагаа хээнцэр зангидах талаараа алдартай нэгэн. Түүний энэхүү соёл оюутан байхаас нь л олны хараанд өртөж байв.
Их сургууль төгссөнийхөө дараа "Кообэ Сэймоо" компанид орсон бөгөөд дараа нь Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга байгаад, улс төрд орон парламентын гишүүнээр сонгогдсон. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга, орлогч, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын алба хашиж байгаад ерөнхий сайд болсон.
Ерөнхий сайд болоод жил орчим ажиллахдаа тэргүүлсэн танхимын нь гишүүд нь мөнгө төгрөгний асуудалтай хутгалдсан, хариуцлагагүй мэдэгдэл хийсэн зэргээсээ болж огцорч, сөрөг хүчний зүгээс сайд нарыг томилсон хүнийхээ хувьд хариуцлага хүлээх ёстой хэмээн шүүмжлүүлж байсан. Либерал Ардчилсан Нам удаан хугацаанд засгийн эрхийг барьснаас болоод Тэтгэвэрийн сангийн хөрөнгө буруу гараар орсон нь түүнийг засаг тэргүүлж байх үед илэрсэн нь нэрмээс болж, 2007 оны зун явагдсан парламентийн дээд танхимын сонгуульд ялагдал хүлээн, анх удаа цөөнх болов. Хэдийгээр доод танхимд Либерал Ардчилсан Нам үнэмлэхүй олонх хэдий ч иймэрхүү томоохон ялагдал хүлээсэн үед намын дарга хариуцлага хүлээж, албан тушаалаа өгдөг жишгийг тэр дагасангүй, ард түмэндээ амласан амлалтаа хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдэж байв.
Гэвч 2007 оны 9-р сарын 12-нд ЛАН-ын дарга болон ерөнхий сайдын суудлаа тавьж өгөхөө мэдэгдсэн нь гэнэтийн явдал байлаа. Хэдхэн хоногийн өмнө парламентийн чуулганы нээлтэд оролцож, эрч хүчээр дүүрэн илтгэл тавьж байсан хүн гэнэт огцрохоо мэдэгдсэн явдлыг цагаа олоогүй, хариуцлагагүй явдал гэх үзэл Японы улс төрд олон сонсогдож байлаа. Гэхдээ тэрээр биеийн байдлын улмаас тэрхүү шийдвэрээ гаргасан нь хожим тодорхой болж, ажлаа хүлээлгэж өгмөгцөө биеэ эмчлүүлэхээр эмнэлэгт хэвтсэн байна.
Өвчнөө эмчлүүлж эдгээсэн Абэ 2012 оны 9 сард болсон ЛАН-ы даргын сонгуульд ялж, улмаар мөн оны 12-р сард болсон ээлжит бус бүх нийтийн сонгуулиар тус нам ялснаар 12-р сарын 26-нд дахин ерөнхий сайдын албан тушаалд очоод 2020 онд биеийн байдлаас болж ажлаа өгсөн юм.
Тэрээр эцсийн мөч хүртлээ намынхаа даргын албан тушаалыг хашсан хэвээр байсан юм.