Олонд тарсан буруу ойлголт
Олон хүн усыг нэгээс олон удаа буцалгах нь буруу, хүний эрүүл мэндэд хортой гэж үздэг. Бараг хүн болгон шахам л ус буцалгасны дараа үлдсэн усыг асгадаг нь уг усанд янз бүрийн бактери өсөж үрждэг, биед муу нөлөөтэй гэсэн ойлголттой холбоотой юм.
Гэхдээ усыг дахин буцалгаад ууж хэрэглэх нь үнэхээр хүнд аюултай юу? Германы эрдэмтдийн хийсэн дүгнэлт нь усыг дахин буцалгаж хэрэглэх нь хүний биед ямар нэг хор нөлөөгүй гэжээ. “Усан дотор бактери өсөж үржихээс айх хэрэггүй. Үлдсэн усанд бактери өсөж үрждэг нь үнэн боловч дахин буцалгах үед эдгээр бактери, микроорганизм бүрэн устаж үгүй болно. Харин усны амт дахин буцалгасны дараа өөрчлөгдөн мууддаг талаар ямар нэг шинжлэх ухааны үндэстэй баталгаа үгүй билээ” хэмээн мэргэжилтнүүд хэлжээ.
Эрдэмтэд ус буцалгах сав хэрэгсэл нь тодорхой хяналт шалгалтыг давсан, эрүүл мэндэд хоргүй бүтээгдэхүүн байх хэрэгтэй гэдгийг зөвлөж байна. Ийм бүтээгдэхүүн нь ус буцалгах явцад таны биед гаднын янз бүрийн биет орох зэргээс бүрэн хамгаалдаг байна.
Эрдэст усны хувьд
Ерөнхийдөө буцалсан усыг хөргөөд, дахин буцалгах нь эрүүл мэндэд ноцтой аюул учруулахгүй. Жишээлбэл та данханд ус хийж буцалгаад, багассан үед дээрээс ус нэмээд дахин буцалгавал таны эрүүл мэндэд ямар ч аюулгүй гэсэн үг.
Харин эрдэст болон төрөл бүрийн найрлага бүхий усыг ингэж олон удаа буцалгаж хэрэглэх хэрэггүй. Учир нь энэ төрлийн усыг буцалгах үед түүнд агуулагдах эрдэс бодисууд ууршиж гадагшилснаар химийн бүтэц нь өөрчлөгддөг. Хэдийгээр энэ нь сайн зүйл мэт санагдавч хэт олон удаа буцалгавал хүний биед хэрэгцээгүй химийн бодисуудын концентраци үүсэх эрсдэлтэй.
Үүний оронд үлдсэнийг нь асгаад дахин шинэ ус буцалгаж хэвшээрэй. Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд үүнийг анхаарах нь зүйтэй юм.