“Deepfake” технологи нь бичлэг дээрх хэн нэгний нүүрийг, өөр хүний нүүрээр орлуулан бодит мэт бичлэг хийх технологи юм. Уг технологийн тусламжтай бүтээгдсэн дүрс бичлэгийг үзэхэд, бодит болон хуурамч зэргийг ялгахад тун эргэлзээтэй юм. Ингэснээр хэн нэгнийг гүтгэх, буруутгах, хилс хэрэгт унагах зэргээр ашиглаж болох олон боломжит хувилбарууд байна. Эдгээрээс хамгийн аюултай нь сонгууль болон олон нийтийн санал өөрчлөх зэрэгт ашиглах хувилбар нь тун хор хөнөөлтэй юм. Эдгээрийн нэг жишээ нь 2018 онд АНУ-ын улс төрч Нэнси Пелоси согтуу байгаагаар нэгэн бичлэгт гарсан бөгөөд уг бичлэг нэгэн “Facebook” хуудсанд тавигдсан байна. Үүний дараагаар Нэнси Пелосиг маш их шүүмжилж, олны хэл амны бай болжээ. Гэсэн ч үнэн хэрэгтээ уг бичлэг “Deepfake”-ээр бүтээгдсэн бичлэг байсан бөгөөд үүнийг хуурамч гэдгийг нь зарласаар байхад тэр дор нь устгаагүй “Facebook” компанийг Нэнси Пелоси буруутгаж байсан юм.
Пелосигийн бичлэг хэдийгээр асуудал дагуулсан ч ямар нэгэн далд санаа агуулаагүй, хэн нэгэн хакер өөрийн чадвараа гайхуулахыг оролдсон үйлдэл гэж үзсэн. Хэрэв үүнийг одоо үед ашиглаж эхэлбэл хор уршиг, аюул занал нь тун өндөр байх юм. Жишээлбэл улс төр, Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад нөлөөлөх зэргээр дэлхийн томоохон улс, гүрнүүдийн удирдагчид өөрчлөгдвөл ямар эрсдэл гарахыг бид таашгүй. Одоо үед хүн бүр цахим хэрэглээг түлхүү ашиглаж, ажил мэргэжил, хувийн амьдрал болон чөлөөт цаг бүхий л хугацааг цахим орчинд өнгөрөөх нь элбэг болсон. Үүний учир мэдээллийн ихэнх хэсгийг интернэт дэх цахим хуудаснууд, мэдээллийн хэрэгслүүдээс авдаг.
Тийм ч учраас хиймэл оюун цаашид хөгжихийн хэрээр уг бүтээлийг улам төгөлдөржүүлж, бодит мэт болгох чадвартай бөгөөд өөрсдийн мэдээллийн сан дахь зургийн тусламжтай хүний зургийг бодит мэт ялгаж чаддаг болсон нь ямар нэгэн бичлэгийг хоосноос бүтээж болох чадамжтай болох юм.
Уг жагсаалтад үүний дараагаар орох эрсдэлтэй үйлдлүүд нь автомат жолоодлоготой, жолоочгүй машиныг зэвсэг болгон ашиглах, нууц мэдээллийг нь хулгайлж заналхийлэх болон хиймэл оюунаар удирддаг төхөөрөмжүүдийн удирдлагыг авч, үймээн самуун үүсгэх зэрэг зүйлс байгаа юм.