Урьд өмнө эрдэмтдийн хувьд Маркарян 231 нь маш их өөрчлөгдөн хувирдаг, өвөрмөц галактик төдий байсан бол энэхүү хүчилтөрөгчийн молекул агуулж байж болох тухай мэдээллээс хойш бидний анхаарлыг улам ихээр татах боллоо.
“Маркарян 231-ийг удаан ажиглаж тэнд хүчилтөрөгч байж болох шинж илрүүлсэн бөгөөд энэ бол манай галактикаас гадна орчинд хүчилтөрөгч байж болох шинж илрүүлсэн анхны тохиолдол юм” хэмээн Хятадын шинжлэх ухааны академийн мэргэжилтнүүд бичсэн байна.
Хүчилтөрөгч байж болох газар нь Маркаряны төв хэсгээс 32,610 гэрлийн жилийн зайтай бөгөөд “Энэ нь галактикийн идэвхтэй цөмд гаднын молекулын янз бүрийн нөлөө үзүүлснээр энэхүү хүчилтөрөгчийн молекул цацарч байж болох юм” хэмээн уг судалгаанд тэмдэглэсэн байна.
Маркарян 231 нь маш идэвхтэй галактик бөгөөд шинээр одны үүсэх хурд нь жилд 100 масс. Галактик өөрийн төв квазар буюу хэт хурц галактикийн цөмийн нөлөөгөөр тэжээгддэг юм. Иймэрхүү галактик нь материйг түлхэн зайлуулах шинж чанартай байдаг билээ.
Судлаачид иймэрхүү их урсгал доторх хүчилтөрөгч ямар байдалтай байгааг судлахын тулд өмнө нь 30 метрийн радио телескоп ашиглан дөрвөн өдрийн турш ажиглаж Орионы мананцарт буюу манай галактикийн дотор хүчилтөрөгч байгааг илрүүлсэн юм.
Харин Маркарян 231 дахь хүчилтөрөгчийн хэмжээ Орионы мананцраас 100 дахин их хэмжээтэй байж болох гэнэ. Эдгээр мэдээллийг дахин нягталж баталгаажуулахын тулд одоо өөр эрдэмтдийн баг ажиллах болно.
Хэрвээ энэ бүхэн үнэн гэж батлагдвал бид Маркарян 231 галактиктай төстэй галактикуудын тухай олон чухал мэдээлэлтэй болох билээ. Хүчилтөрөгч байна гэдэг маань бид өөр амьд ертөнц олсон гэсэн үг биш биз? Одоо цаг хугацаа л бүхнийг хэлж өгөх билээ.