Европ тивд 12-р зуунд домч нар өөр ертөнцийн анагаах шидийг агуулсан хэмээн занданшуулсан шарилыг өвчтөндөө зөвлөж байсан нь цаашдаа олон зууны туршид мумиа хэмээн нэрлэгддэг занданшуулсан шарилнаас гарган авдаг бүтээгдэхүүнийг хэрэглэх эхлэл болжээ. Антибиотик гээчийг олж нээгээгүй байсан тэр цагт гавлын яс болон биеийн ясны нунтаг, махыг тахал эмчлэхээс эхлээд толгой өвдөх, хаван буулгах зэрэг энгийн өвдөлтийг ч дарахаар хэрэглэдэг байсан гэдэг.
Гэвч хүн бүр занданшуулсан шарил хүний эрүүл мэндэд тустай гэдэгт итгэсэнгүй. Тэдний нэг нь эзэн хааны гэр бүлийн эмч болох Ги дө ла Фонтейн 1594 онд Египетийн Александриа хотод энгийн тариачдын шарилыг занданшуулсан шарил болгон хувиргаж Европ руу илгээдэг гэдгийг олж мэдсэн аж. Ийнхүү 16-р зууны сүүлээр хуурамч, худал хуурмаг зүйл гэдэг нь ил болсон ч эмч нар 18-р зууныг хүртэл эмчилгээндээ хэрэглэдэг байжээ.
Үүний зэрэгцээ зарим эмч нар хатаж, занданшуулсан шарил бус шинэхэн хүний мах, цус зэрэг зүйлс хүний эрүүл мэндэд илүү тустай хэмээн үздэг байв. Ялангуяа язгууртнуудын дунд энэ төрлийн эмчилгээ түгээмэл байсан аж. Тухайлбал Английн хаан Хоёрдугаар Чарлес таталт өгсний дараа хүний гавлын ясыг эмчилгээнд хэрэглэж байсан удаатай. Түүнчлэн язгууртнууд энгийн хүний занданшуулсан шарилнаас гарган авсан бэлдмэлийг бус зөвхөн фараоны биеэс гарган авсан бүтээгдэхүүнийг уудаг байсан гэдэг.
Ийнхүү өвчний эмчилгээнд мумиаг хэрэглэхээ больсон ч 1900 оныг гартал занданшуулсан шарил задалж зугаацах үзэгдэл язгууртнууд дунд түгээмэл байжээ. Жишээлбэл 1834 онд мэс засалч Томас Петтигрев Эзэн хааны нэрэмжит мэс заслын сургуульд занданшуулсан шарилд задлан хийж байсан удаатай. Тухайн цаг үед мэс ажилбар, задлан хийх явдал нь олон нийтийн өмнө нээлттэй хийгддэг байсан гэдэг.
Улмаар 20-р зуун гарснаар муммиг хүмүүс зугаацах зүйл бус археологийн олдвор хэмээн үзэх болжээ. Түүнчлэн 1923 онд Тутанхамен фараоны бунхны судалгааг ахалж явсан Жорж Хербертийн гэнэтийн үхэл занданшуулсан шарил хараал дагуулдаг тухайг яриаг улам бүр дэврээсэн нь түүнийг сонирхох хүмүүсийн анхаарлыг улам бүр бууруулжээ.
2016 онд Египет судлаач Жон Жонстоун 19-р зуунд хүмүүс хэрхэн занданшуулсан шарилд задлан хийж буйг харуулдаг байсныг ахин амилуулж биеэ ороосон жүжигчин дээр задлан хийж урлаг, шинжлэх ухаан хосолсон үзүүлбэр үзүүлсэн байдаг аж. Өдгөө занданшуулсан шарил хууль бус хар зах дээр ойролцоогоор 3 тэрбум ам.доллароор үнэлэгддэг гэх баримт бий.