Никола Тесла 1856 онд одоогийн Хорватын Смиляна гэдэг уулын ойролцоо санваартан гэр бүлд айлын дөрөв дэх хүү болон мэндэлжээ. Теслагийн удам судар лам эсвэл офицер гэх хоёрхон мэргэжил эзэмшиж иржээ. Гэр бүлийн энэ хатуу жаягийг зөрчин физик, технологийн чиглэл рүү Никола орсоноор багагүй саад бэрхшээлтэй тулгарсан байдаг.
Теслаг долоотой байхад аав нь тушаал дэвшин хөдөөнөөс Госпич гэдэг хот руу нүүв. Эрдэм сурах боломж олдсон тул бяцхан Тесла хотын номын санд сууж тэнд байсан бүх номыг уншсан байна. Түүнд шинжлэх ухааны сэдэвтэй зохиолууд гүн сэтгэгдэл төрүүлсэн учраас насан туршийнх нь амьдралд нөлөөлжээ. Ном уншихаас бусад үед ер зүгээр сууж чаддаггүй хүү гарт тааралдсан бүгдээр туршилт хийж эхлэв. Ийнхүү хичээл номдоо шавдсан тэрээр онц сурлагатан болж Прагийн их сургуульд элсэж чаджээ.
Харамсалтай нь биеэ огт боддоггүй зөрүүд Тесла хэтэрхий их уншиж судлан яс арьс болтлоо турж эцсэн тул аав нь түүнийг сургуулиас гаргаж төлбөрийг нь төлөхөөс татгалзаж, онц сурсан баярын бичигнүүдийг нь шатааж хүртэл үзсэн байна. Залуу хүү сэтгэлээр унаж улмаар улаан мөрийтэй тоглоомчин болон орон гэрийнхээ хамаг хөрөнгийг самрангаа алдав. Залуу насандаа ийнхүү замаа алдаж гүйцсэн түүнийг амьдрал таниулах гэсэн гэр бүл нь нэгэн радио станцын газар ажилд оруулав. Томоохон радиогийн ажилтан болсноор Тесалгийн зохион бүтээх сэтгэлгээ дахин хөгжиж бүр том нээлтүүдийг бодож олов.
Бодсоноо ажил болгохоор Францыг зорьсон боловч тэнд хүнд сурталтнуудын гарт орж дахиад л мухардав. Ийнхүү Тесла 1884 онд шинэ тив буюу Америкт хөл тавьжээ. Тэрээр сохор зоос ч үгүй Нью-Йоркт буугаад эхний гудамжинд тааралдсан дэлгүүрийн эзний засах гээд ноцолдож буй цахилгааны генераторыг дор нь янзалж өөрийгөө таниулав.
Тэрээр дараа нь Томас Эдисоны компанид ажилд орсон бөгөөд тэнд Серби эр жинхэнэ "боловсорч" юу хийж чадахаа ойлгосон гэдэг. Тухайн үед Эдисон шинэ генераторууд үйлдвэрлэж, АНУ-ын засгийн газарт худалдаалдаг байжээ. Гэхдээ зөвхөн тогтмол гүйдэл ашигладаг байсныг анзаарсан Тесла даргадаа хувьсах гүйдэл ашиглахыг санал болгосон байна. Эдисоны тогтмол гүйдэл бараг нэг километр газар яваад л цахилгаан станц барих хэрэгтэйгээс гадна, цахилгаанаа хол дамжуулах чадамжгүй байсан юм. Гэтэл хувьсах гүйдэл нарийн утас хэрэглэж, өндөр хүчдэл гарган, хол зайд цахилгаан дамжуулах чадамжтай байлаа.
Тиймээс хувьсах гүйдэл хэрэглэвэл илүү цөөн тооны генератор зарагдах байсан учраас Эдисонд энэ санаа таалагдсангүй. Эдисон үүний улмаас Теслад хэрвээ тогтмол гүйдлийн учрыг олчихвол өнөө цагт нэг сая доллартой тэнцэх хэмжээний мөнгө амалж байв. Тесла ч хувьсах гүйдэл гаргаж авсны дараа Эдисоноос амласан мөнгөө өгөхийг шаардахад Эдисон инээгээд, “Тесла, чи Америк маягийн хошигнолыг ойлгохгүй хүн юм даа” гэж байжээ.
Эдисонд итгэл алдарсан Тесла түүний төлөө ажиллахаа больж, өөрийнхөө “хувьсах гүйдэл”-ийг бүтээх ажилдаа орсон юм. Энэ нь дэлхий нийтэд өөрийнхөө тогтмол гүйдлийг борлуулах гэж хичээж байсан Эдисонд агуу дайсан гарч ирлээ гэх бодол төрүүлсэн аж.
Тесла удалгүй хөрөнгө оруулагч олж хувьсах гүйдэлтэй генератор үйлдвэрлэж эхэлсэн байна. Өөрийнх нь бүтээгдэхүүн Теслагийнхийг дийлэхгүй гэдгийг ойлгосон Эдисон хувьсах гүйдлийн үүсгүүр маш аюултай гэж олон нийтийн тархийг угаах компанит ажил эхлүүлсэн аж.
Тэрээр эхлээд гэрээнд заасны дагуу хувьсах гүйдэл өөрийнх нь хэмээн Теслаг шүүхэд өгсөн байна. Гэвч шүүх Теслагийн талд шийдвэр гаргасан бөгөөд үүний дараа Эдисон төрөл бүрийн доромжилсон аястай нийтлэлүүдийг сонин хэвлэлүүдээр тарааж, Тесла болон түүнийг дэмжигч нэрт физикч Вестингхаусыг нэр хүндгүй болгох гэж оролджээ. Гэвч хувьсах гүйдэл илүү гэдгийг хүмүүс өдрөөс өдөрт ойлгох болсон байна.
Гүйдлийн дайн 2007 он хүртэл үргэлжилсэн бөгөөд тэр жилд АНУ-ын бүх хотууд хувьсах гүйдэлд шилжихэд өрсөлдөөн бүрэн дууссан байна. Гэвч Теслагийн амьдрал тийм ч хангалуун байсангүй. Тэрээр сохор зоосгүй нас барсан бөгөөд олон нийт Томас Эдисоныг цахилгааныг зохиосон нэгэн хэмээн итгэсэн хэвээр байна. Бүр доромжилж байгаа мэт Теслад 1917 онд Томас Эдисоны шагнал олгож байсан юм. Мэдээж тэр шагнал авахаас татгалзсан билээ.