Цар тахлын эхэн үед аюулт өвчинтэй тэргүүн эгнээнд тэмцэж байсан эмч нарт ч хамгаалах хэрэгсэл хүрэлцэхгүй байсан нь хүн төрөлхтөн цар тахлын эсрэг хангалттай бэлтгэлгүй байсныг гэрчилсэн. Энэ тухай АНУ-ын Миннесота мужийн Хеннепин эрүүл мэндийн төвийн Яаралтай түргэн тусламжийн төвийн захирал Жон Хик “Цар тахал дэгдэх үед Хятадын засгийн газар экспортод хязгаарлалт тогтоосон нь том цохилт болсон. Тухайн үед Хятадаас ирж буй хамгаалах хэрэгслүүд энгийн хувцас мэт даавуунд боож ирэх явдал ч гардаг байсан. Түүнчлэн энгийн үеийнхээс 17 дахин их захиалга хийгдэж байсан тул хомсдол үүсэж, байгууллага тус бүр Хятад руу төлөөлөгчдөө илгээж, аз таарвал бараагаа авч, үгүй бол хоосон эсвэл бусад төрлийн эд зүйлс авч ирдэг байлаа” хэмээн өгүүлсэн юм.
Яг энэ цаг үеэс гурван хэмжээст хэвлэгч төхөөрөмж ашиглан хамгаалах хувцас хэрэглэл үйлдвэрлэх хялбар арга байж болох талаар судалгаа хийгдэж эхэлжээ. Гурван хэмжээст хэвлэгч нь дижитал хэлбэрт буй гурван хэмжээст загварыг хуванцар эсвэл нунтаг металл ашиглан хэвлэдэг. Тэгвэл хангалттай хэмжээний түүхий эдийг нийлүүлсэн тохиолдолд гурван хэмжээст хэвлэгчээр нүүрний хаалт, амны хаалт зэргийг олноор үйлдвэрлэх боломжийг бүрдүүлнэ гэж үзжээ.
"COVID 3D Trust" төсөл нь 2014 оноос үйл ажиллагаагаа явуулж буй биологийн шинжлэх ухааны судалгаа, гурван хэмжээст молекулын судалгааны чиглэлээр мэргэшсэн "National Institutes of Health (NIH) 3D Print Exchange"-ийн санхүүжилтээр хэрэгжүүлжээ. Тэд 2020 оны 3-р сард ердөө 10 хоногийн дотор албан ёсны стандартын шаардлага хангасан хамгаалах хувцас, хэрэглэл болон шинжилгээний арчидас зэргийг үйлдвэрлэх боломжийг буй болгож байв.
Харин "Advanced Manufacturing Crisis Production Response" багийнхан “Америк үйлдвэрлэдэг” хөтөлбөрийн хүрээнд жижиг үйлдвэрлэл эрхлэгчдийг хэрэглэгчдэд хүргэх үйл ажиллагаа явуулж, гурван хэмжээст хэвлэлээр хамгаалах хувцас хэрэглэл үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах болсноор цар тахлын хүнд үед бусдад тусламж үзүүлснээс гадна өөрсдийн сайтын хандалтыг 15000-аас 30000 хүртэл өсгөж чаджээ.
Ийнхүү амжилттай ажиллаж чадсан төслийг хувь хүн, албан байгууллага, их сургуулийн судалгааны багууд ихээр сонирхон, цар тахлын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээнд гурван хэмжээст хэвлэгч илүү их байр суурь эзлэх боломжтой эсэх талаар судалгаа, шинжилгээний ажил хэрэгжүүлж эхлэв.
Жишээлбэл Иллинойсийн Хамгаалах хувцас хэрэглэлийн төсөл (Illinois PPE Project) сайн дурын үндсэн дээр ойролцоох байршилтай эмнэлгүүдэд шаардлагатай хэрэгслүүдийг үйлдвэрлэн хүргэж байсан бөгөөд “Америк үйлдвэрлэдэг” төслийн багийн зүгээс нийт 38 сая нүүрний хаалт, 12 сая хамрын арчидас, 2 сая чих хамгаалагч зэргийг үйлдвэрлэн, түгээсэн гэх тоо баримтыг дэлгэжээ.
Мөн “Үйлдвэрлэгч үндэстэн” нэртэй ашгийн бус байгууллага гурван хэмжээст хэвлэгчийг ашиглан нийт 50 гаруй сая тооны хамгаалах хувцас хэрэглэлийг 2021 оны 1 сард үйлдвэрлэжээ. Гэхдээ энэ тоо нийт эрэлттэй харьцуулахад маш бага үзүүлэлт гэдгийг дурдах хэрэгтэй биз ээ.
Хэдийгээр цар тахлын хүндрэлтэй үед асуудлыг шийдэх нэгэн гарц болон гарч ирсэн ч гурван хэмжээст хэвлэл урт хугацаанд төдийлөн үр ашигтай байх боломжгүй аж. Мэргэжилтнүүд энэ төрлийн үйлдвэрлэлийг шаардлагатай хэмжээний барааны нөөц ирэх хүртэл түр хугацаанд хомсдолыг дарах арга болох боломжтой ч масс үйлдвэрлэлд ашиглах боломжгүй гэж үзэж байна.
Гурван хэмжээст эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэгчид цар тахлын үед мэс заслын амны хаалт, арчидас зэргийг үйлдвэрлэж байсан ч N95 зэрэг нарийн шүүлтүүр бүхий амны хаалтыг хараахан үйлдвэрлэх боломжгүй байгаа бөгөөд өдгөө стандартад нийцсэн давхар шүүлтүүр бүхий амны хаалтуудыг үйлдвэрлэх зөвшөөрөл авахаар ажиллаж байна.
Ийнхүү хүн төрөлхтөн дараагийн ирж болзошгүй цар тахалд бүх талын бэлтгэлийг ханган ажиллах, илүү бэлтгэлтэй байх шаардлагатайг коронавируст цар тахал бидэнд хангалттай сануулсан юм.