1800-аад оны Ирланд орон
1801 оны зөвшилцлийн дагуу Ирланд улс 20-р зууны эхэн хүртэл Их Британийн захиргаа дор оршиж байсан. Тухайн үед Ирландын ард иргэд Их Британийн парламентын сонгуульд оролцох эрхтэй байсан бол тус улсын удирдах албан тушаалтнуудыг Их Британи томилдог байв. Ирланд нь Их Британийн бага хуралд 105 төлөөлөгч, их хуралд 28 төлөөлөгчийн мандаттай байжээ. Гэхдээ сонгуульд өрсөлдөн сонгогддог байсан эрхмүүд бүгд британи гаралтай хүмүүс байдаг байсныг дурдах нь зүйтэй. Түүнчлэн Ирланд нь тухайн цаг үед "Irish Lumper" хэмээн нэрлэгддэг өөрийн нэрийн төмсний сорттой байсан агаад доод давхаргын иргэдийн хоол тэжээлийн гол эх үүсвэр болдог байв.
Их өлсгөлөн эхэлсэн нь
1845 онд "Phytophthora infestans" мөөгөнцөр тариалангийн талбайгаар тарах болсон тул Дублин хот дахь Ирландын удирдлагууд Хатан хаан Викториа болон Их Британийн парламентаас тусламж хүсэж, хуулинд өөрчлөлт оруулсан байдаг. Гэсэн ч тариачид өөрийн хүнсний хэрэгцээг ч хангах хэмжээний төмсийг хурааж чадахгүй байсан агаад бусад өргөн хэрэглээний барааны үнэ өссөөр байсан нь нийтийг хамарсан хүнсний хомсдол үүсэх шалтгаан болжээ. Энэ үед Ирландаас Британийн арал руу төмс, шош, загас, туулай, зөгийн бал зэрэг хүнс нийлүүлсээр байсан нь өлсгөлөнг улам бүр хүндрэхэд хүргэсэн юм. Ийнхүү 1852 он гэхэд 1 сая гаруй ирланд иргэн амиа алдаж, мөн хэмжээний иргэд Их Британи болон Хойд Америк руу дүрвэн эх нутгаа орхин гарчээ.
Хожим 1997 онд Их Британийн ерөнхий сайд Тони Блейр өлсгөлөнгийн цаг үед Их Британийн засгийн газрын хэрэгжүүлсэн хангалтгүй арга хэмжээг хүлээн зөвшөөрч, Ирландын ард түмнээс уучлалт хүссэн юм.
Сүүлийн жилүүдэд ирланд гаралтай иргэд ихээр оршин суудаг АНУ-ын Бостон, Нью-Йорк, Филадельфи, Финикс, Канадын Монреал, Торонто зэрэг томоохон хотуудад өлсгөлөнгийн улмаас өөд болсон өвөг дээдсийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэх газруудыг ихээр байгуулах болжээ. Түүнчлэн 1800-аад онд ирландаас Британи руу цагаачилсан иргэдийн үүсгэн байгуулсан Шотландын дээд лигийн Глазго Селтик хөл бөмбөгийн баг 2017 оны 9-р сарын 30-ны өдөр Их өлсгөлөнд нэрвэгдэж амиа алдсан иргэдэд зориулан өмсгөл дээрээ тэмдэг наан тоглож байв.
Өдгөө Их өлсгөлөнгийн баримт бичиг, дурсгалуудыг хадгалж буй музей АНУ-ын Коннектикут мужийн Хамден хот дахь Киннипиак их сургуульд байрлаж байна.