1924 онд герман гаралтай Хенри Гербер Чикаго хотод Хүний эрхийн нийгэмлэг байгуулсан нь АНУ дахь анхны ижил хүйстэн эрчүүдийн нэгдсэн байгууллага болон бүртгэгджээ. Тэрбээр энэ байгууллага байгуулах санаагаа Дэлхийн нэгдүгээр дайнд оролцож явахдаа Германы насанд хүрсэн ижил хүйстнүүдийн “Шинжлэх ухаанч хүмүүнлэгийн нийгэмлэг”-ээс авсан гэнэ. Түүний байгуулсан нийгэмлэг “Нөхөрлөл ба эрх чөлөө” нэртэй хэвлэл нийтлэх болсон ч 1925 онд албан хүчээр татан буугджээ.
1920-оод оны дунд үед нийгэмд өөрсдийн дуу хоолойг хүргэхээр оролдон амжилт олоогүй ижил хүйстнүүд дараагийн 20 жилд ихэвчлэн нэгдэж бус бие даан ЛГБТ нарыг ойлгуулах арга хэмжээг авч байжээ. Тухайлбал, 1928 онд англи яруу найрагч Радклиф Халл лесби агууламж давамгайлсан “The Well of Loneliness” нэртэй зохиол бичиж байв. Хожим Дэлхийн хоёрдугаар дайны үед нацистууд ижил хүйстэн эрчүүдийг хорих лагерт цөлж, ягаан гурвалжин бүхий алчуур зүүж байхыг шаардсан гэдэг.
1950 онд Харри Хей гэгч Маттачин санг байгуулсан нь АНУ-ын анхны ижил хүйстэн эрчүүдийн бүлгэмүүдийн нэг болон түүхэнд үлджээ. Лос Анжелес хотод төвлөрч үйл ажиллагаагаа явуулж байсан уг сан “гомосексуал” гэх үгний оронд бусдын анхаарлыг илүү бага татах “гомофиль” гэх нэршлийг ижил хүйстэн гэх утгаар ашиглах болсон юм. Улмаар үйл ажиллагаагаа улам бүр тэлж, ижил хүйстэн эрчүүдийн амьдралыг дээшлүүлэх ажил явуулах болсон Маттачин сангийн үүсгэн байгуулагч Дейл Женнингс удирдах албан тушаалтнуудын хараанд өртөж, хилс хэрэг тулган 1953 онд баривчилсан ч нотлох баримтгүй тул арга буюу сулласан түүхтэй.
Мөн оны сүүлээр Дейл Женнингс One, Inc нэртэй байгууллага байгуулж, зөвхөн ижил хүйстэн бус лесби бүсгүйчүүд ч нийгэмд нээлттэй байх эрхтэй хэмээн зарлаж, анхны ижил хүйстний сэтгүүл болох ONE хэвлэлийг хэвлэх болжээ. 1953 онд Харри Хей болон Дейл Женнингс нар коммунизм төвт үзэл баримтлалтай гэх шалтгаанаар Маттачин сангаас гарсан ч тэдний санаачилсан ONE сэтгүүл өнөөг хүртэл хэвлэгдэн гарсаар байгаа билээ.
1958 онд One, Inc өөрсдийн хэвлэж буй сэтгүүлийг нь зохисгүй утга агууламжтай хэмээн хүргэлт хийхээс татгалзсан АНУ-ын Төв шууданг шүүхээр ялсан нь мөн л тэмдэглүүштэй үйл явдал байсан юм.
Маттачин сан улам бүр өргөжин тэлсээр Маттачин нийгэмлэг болсон бөгөөд 1955 онд ижил хүйстнүүдэд зориулсан хоёр дахь хэвлэл болох "The Mattachine Review" сэтгүүлийг эрхлэн гаргах болов. Лос Анжелес хотод ийнхүү ижил хүйстэн эрчүүдийн нийгэмлэг эрчийг авч байх үед зэргэлдээ Сан Франциско хотод “Daughters of Bilitis” нэртэй байгууллага байгуулагдан лесби бүсгүйчүүдийн талаар нийгэмд дуу хоолой болох болж, ижил хүйстэн эмэгтэйчүүдэд зориулсан "The Ladder" сониныг хэвлэн гаргажээ. Ийнхүү улсын ерөнхийлөгч Дуайт Айзенховер ижил хүйстнүүдийг улс төрийн албанд ажил хийх эрхийг хасаж, Америкын сэтгэлзүйн холбоо ижил хүйстэн гэдэг нь сэтгэцийн эмгэг хэмээн зарлаж асан цаг үед ижил хүйстнүүд өөрсдийн эрхийн төлөө улам чанга дуугарах болсон ажээ.
1961 онд Иллинойс муж ижил хүйстнүүдийн харилцааг гэмт хэрэг хэмээн үзэхээ больж, хуульд өөрчлөлт оруулан анхдагч болсон бол мөн онд Калифорни мужид “The Rejected” хэмээх ижил хүйстнүүдийн талаарх баримтат бүтээлийг телевизээр гаргаж байсан түүх бий.
1955 онд хүйс солиулах явдал буй болж, хүйсээ солиулсан Кристин Ёоргенсен гэх бүсгүйг нийтээрээ таних болсон ч харьцангуй сүүлд буюу 1965 онд доктор Жон Оливен “Sexual Hygiene and Pathology” номондоо трансжендер гэх үгийг анхлан ашиглажээ.
Ийнхүү бүх шатанд ижил хүйстнүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явагдах болсон ч нийгэмд ЛГБТ хүмүүсийг гадуурхан олон нийтийн газраар үйлчлүүлэх эрхийг нь хязгаарлах, тэдэнд согтууруулах ундаа худалдахыг хориглох гэх мэт үзэгдэл түгээмэл хэвээр байв.
1969 онд алдарт Stonewall Riots жагсаал зохион байгуулагдав. 1969 оны 6-р сарын 28-ны өдөр Нью-Йорк хотын цагдаагийн байгууллага Greenwich Village дахь Stonewall Inn клубын залуусыг баривчлах ажиллагаа явуулсан ч олон жилийн турш үг дуугүйгээр тушаалыг нь дагаж байсан ижил хүйстнүүд энэ удаад цагдаа нарын эсрэг босож таван өдөр үргэлжилсэн өргөн цар хүрээтэй эсэргүүцлийн жагсаал болон хувирсан түүхтэй.
Stonewall Riots эсэргүүцлийн жагсаалын дараа Маттачин нийгэмлэгийн гишүүд "Gay Liberation Front" хөдөлгөөнийг өрнүүлж, өөрсдийн дуу хоолойгоо нийтэд хүргэж, хөдөлгөөнийг дарах тушаал авсан цагдаа нартай ч мөргөлдөх болов. Улмаар АНУ-д Gay Activists Alliance, Radicalesbians, Street Transvestites Action Revolutionaries зэрэг ижил хүйстнүүдийн хөдөлгөөн эрчийг авчээ.
1970 онд Stonewall Riots жагсаалын нэг жилийн ойг гудамжаар тайван жагсаал хийн тэмдэглэхийн сацуу тус өдрийг Кристофер гудамжийн эрх чөлөөний өдөр хэмээн нэрийдсэн нь түүхэнд анхны ижил хүйстнүүдийн бахархлын жагсаал болон үлджээ.
1970-аад он гарснаар ЛГБТ хөдөлгөөн нийгмийн олон шатанд хүлээн зөвшөөрөгдөх болж трансфендер Рене Ричардс талбайн теннисийн Америкын нээлттэй тэмцээнд орох эрхийг авч, Калифорни мужийн эрх барих сонгуульд өөрийгөө гей хэмээн зарласан Харви Милк нэр дэвшиж, ижил хүйстэн Кети Козаченко Мичиган хотын зөвлөлд сонгогдон ажиллах болсон юм. Харви Милк хожим артист Гилберт Бейкерт ижил хүйстнүүдийг төлөөлөх тэмдэг хийх захиалга өгсөн нь өнөөгийн бидний сайн мэдэх солонгон өнгөтэй далбааны эхлэл болжээ. Тус далбааг тэрбээр 1978 онд анх барин жагссан юм.
1981 онд Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв хатгалгаатай хавсарсан ХДХВ-ийн таван тохиолдол ирсэн бөгөөд тэд бүгд ижил хүйстэн байсныг мэдэгдэв. Ийнхүү тэднийг олон нийтэд ил зарласан нь 1980, 1990-ээд онуудад ижил хүйстнүүд өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлэх ажил өрнүүлэхэд бэрхшээл болж байв.
1992 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Билл Клинтон нэр дэвших үедээ зэвсэгт хүчинд ижил хүйстнүүд алба хаах боломжийг бүрдүүлж ажиллахаа амласан нь хожим биелэлээ олж “Don’t Ask, Don’t Tell” буюу “Асуухгүй бол хэлэх шаардлагагүй” нэртэй хуулийн төслийг санаачилж, бэлгийн чиг хандлагаа нууцлан алба хаах нөхцлийг бий болгожээ.
Гэвч 2011 оны 9-р сарын 20-нд АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама тус хуулийг хүчингүй болгож, 12000 гаруй албан хаагчийг халжээ. 1992 онд нийслэл Вашингтон хот ижил хүйстнүүдийг гэр бүл болох эрхийг хуулийн хүрээнд нээсэн юм. Харин Хавай муж үндсэн хуультай харшлах магадлалтай гэж үзээд ижил хүйстнийг гэр бүл болох боломжгүй хэмээн 1993 онд мэдэгдэж, 1998 онд ижил хүйстний гэрлэлтийг хориглосон хууль баталсан аж. Улмаар тухайн үеийн ерөнхийлөгч Билл Клинтон Гэрлэлтийг хамгаалах хуулинд гарын үсэг зурж, ижил хүйстэн хосуудад тэтгэмж өгөх боломжийг хааж, мужууд ижил хүйстэн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх эрхийг мужийн хуулийн дагуу шийдвэрлэх нөхцлийг бүрдүүлжээ.
Ийнхүү 1990-ээд онд ижил хүйстнүүд гэр бүл зохиох боломжгүй болсон ч үзэн ядалтаас үүдсэн гэмт хэргийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар бэлгийн чиг хандлагын улмаас гэмт хэргийн золиос болсоор ирсэн ижил хүйстнүүд хуулийн хүрээнд хамгаалагдах болжээ.
2003 онд АНУ-ын Дээд шүүх Техас мужийн ижил хүйстний эсрэг хуулийн зарим заалтуудыг хүчингүй болгосон нь үндэсний хэмжээнд ижил хүйстнүүдийн харилцааг хууль ёсны болгоход том хүчин зүйл болов.
2009 онд ерөнхийлөгч асан Барак Обама 1994 оны үзэн ядалтаас үүдсэн гэмт хэргийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсныг соёрхон баталжээ. Тус хууль нь 1998 онд бэлгийн чиг хандлагынхаа улмаас тамлуулан буудуулж, хашаанд хүлүүлж нас барсан Мэттью Шепард хүүгийн хэрэгт үзүүлсэн хариу байсан тул нийтэд Мэттью Шепардын хууль хэмээн нэрлэгддэг ажээ. Ийнхүү дээрх хууль хүчин төгөлдөр болсноор хөвгүүдийн скаут ижил хүйстнүүдэд нээлттэй болсноо зарласан бол 2017 онд охидын скаут трансжендер хөвгүүдийн эсрэг хоригоо цуцалжээ.
Улмаар АНУ-ын Зэвсэгт хүчин трансжендер иргэдэд нээлттэй болсноо зарласан ч 2018 оны 3-р сард Ерөнхийлөгч Доналд Трамп ахин хориг тавьж байв. Харин шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байден 2021 оны 1-р сарын 25-ны өдөр өмнөх ерөнхийлөгчийн тавьсан хоригт өөрчлөлт оруулж, трансжендер иргэд цэргийн алба хаах боломжийг эргүүлэн нээж өгчээ.
2007 онд Эдит Уиндсор болон Теа Спайр нар Канадын Онтарио мужид гэр бүл зохиосон бөгөөд тэдний гэрлэлтийг АНУ-ын Нью-Йорк муж хүлээн зөвшөөрсөн ч холбооны засгийн газар хүлээн зөвшөөрөөгүй юм. Улмаар 2009 онд Спайр өөд болохдоо өөрийн хөрөнгийг хууль ёсны нөхөр болох Уиндсорт өвлүүлсэн боловч холбооны засгийн газар хүлээн зөвшөөрч баталгаажуулаагүй тул өвлөсөн хөрөнгийн татварын хөнгөлөлтийг эдлэх боломжгүй гэж үзжээ. Ийнхүү Уиндсор засгийн газрын эсрэг зарга үүсгэсэн ч ялагдал хүлээв. Улмаар 2012 онд хоёрдугаар шатны шүүх өмнөх шийдвэрийг үндсэн хуульд заагдсан эрх тэгш байдлыг зөрчсөн гэж үзэн Уиндсорын талд шийдвэр гаргажээ. 2015 онд АНУ-ын дээд шүүх ижил хүйстэн эрчүүдийн гэрлэлтийг хууль ёсны хэмээн зарлан тунхагласан ажээ.