Судалгааны багийн ахлагч, нойр судлаач Чарлес Чейслер “Нас ахих тусам хүний унтах хугацаа богиносож, тайвшруулах эм ууж унтах явдал нэмэгддэг. Гэхдээ бага хэмжээний мелатонин өндөр настнуудыг гүн нойрсоход туслах арга болох боломжтой гэдгийг нотлоод байна” хэмээжээ.
Биед ялгарах мелатонин даавар нь хүний нойрны мөчлөгийг тэнцвэржүүлэх үүрэгтэй байдаг бөгөөд шөнөөр ялгарал нь дээд цэгтээ хүрдэг аж. Харин нэмэлт шахмал мелатониныг унтахаас өмнө тэжээл хэлбэрээр уувал тодорхой үр дүнд хүрч болохыг судлаачид тогтоосон байна.
Судалгаанд оролцогчдын 13 нь эмэгтэй, 11 нь эрэгтэй хүн байсан бөгөөд насны хувьд 55-78 насны хооронд байжээ. Тэд нэг сарын турш цагийн ямар нэгэн баримжаа авах боломжгүй битүү өрөөнд амьдарчээ. 24 цагийн турш судлаачид протокол хөтөлж, полисомнографи буюу тархины долгион, нүдний хөдөлгөөн, булчингийн хөдөлгөөн бичигч төхөөрөмж ашиглан ажиглалт явуулж байсан ба судалгаанд хамрагдагсад хүссэн үедээ унтах эрхтэй байсан аж. Тэдэнд 2 долоо хоногийн турш 0.3 мг буюу бага тун бүхий мелатонин, 2 долоо хоногийн турш 5 мг буюу өндөр тунтай мелатонин өгчээ.
Бага тунтай мелатонин хэрэглэж байх үедээ судалгаанд оролцогчдод нойрны өөрчлөлт ажиглагдаагүй бол 5 мг мелатонин ууж эхэлснээр тэдний унтах цаг тодорхой хэмжээгээр урт болж, гүн нойрсож буй нь ажиглагджээ.
Ийнхүү эерэг үр дүн гарсан боловч судлаачид 0.3-5 мг хооронд чухам ямар тун хэмжээ хүнд эерэг нөлөө үзүүлэхэд хангалттай байгаа талаар нарийвчлан судлах хэрэгтэйг дурдаад “Нойрны асуудалтай тулгарч байдаг ахмад настнуудад дуулгах таатай үр дүнд хүрсэн юм. Гэхдээ нэмэлт тэжээл хэлбэрээр мелатонин уухын тулд эмчид хандаж, нойрны эмгэгтэй эсэхээ тодорхойлуулах шаардлагатай” хэмээжээ.