Хязгаарлагдмал орчинд ургамал хэрхэн аж төрдөг талаарх судалгааг 1989 онд биологич Билл Вулвертон хийжээ. Тэрээр NASA-д байхдаа энэхүү төсөл дээр ажилласан бөгөөд Билл сансрын хөлөгт тусгайлан авч ирсэн ургамлаа нэг тасалгаанд хийн ажигласан байна.
Вулвертон тасалгааны ургамал доторх агаарын найрлагыг сайжруулах чадвартай болохыг энэхүү судалгаагаар тогтоосон юм. Учир нь ургамал байршуулсан тасалгаа бусдаасаа илүү цэвэр агаартай болсон байв. Гэхдээ сансар болон эх дэлхийн орчин дэндүү өөр учраас энэхүү судалгаа алдаатай хэмээн олон эрдэмтэд үзэж байв.
Үнэхээр ч хэд хэдэн биологийн эрдэмтэд хийсэн судалгаагаар Вулвертоны дүгнэлтийг үгүйсгэсэн байдаг. Тасалгааны ургамал агаарын чанарыг бараг сайжруулдаггүй болох нь батлагдав. Өөрөөр хэлбэл тэрхүү цэцэгсийн хүчил төрөгчийн ялгаруулалт дэндүү бага байсан учраас сансрын хөлөг доторх шиг хязгаарлагдмал агаарын нөөцтэй газарт л ашигтай болохоос дэлхий дээр бараг ямар ч нөлөө үзүүлдэггүй аж. Тэр бүү хэл ургамлын төрлөөс хамааран зарим цэцэгс тасалгааны орчинд хортой бодис боловсруулдаг байна.
Үүнээс гадна хүмүүс цэцэг тарихдаа ургамал гэрэлтэй орчинд л фотосинтез явуулж хүчилтөрөгч үйлдвэрлэдэг гэдгийг мартчихдаг. Харанхуйд эсрэгээрээ хүчилтөрөгчийг шингээж, нүүрстөрөгч ялгаруулдаг бөгөөд нарны гэрэл багатай тасалгаанд тарьсан цэцэг агаар цэвэршүүлэгч биш бохирдуулагч болдог байна. Энэ учрыг мэдэлгүй унтлагын өрөөндөө олон цэцэг тарьснаас болоод шөнө агааргүйдэж нас барсан харамсалтай тохиолдол ч гарч байжээ.