ДЭМБ-ын мэдээлж байгаагаар зохих ёсоор нь ашиглавал ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй гэж мэдэгдээд байна. Гэсэн хэдий ч үүнтэй санал нийлдэггүй хүмүүс богино долгионы зууханд боловсруулснаар хүнс шим тэжээлээ алддаг эсвэл хуванцар саванд хийж халааснаар дааврын өөрчлөлт орно гэх мэт сэтгэгдлүүд хэлдэг.
Амин дэм алдах
Зарим судалгаанаас үзэхэд богино долгионы зууханд хоол боловсруулснаар цөөн төрлийн ногоо амин дэмээ алддаг байна. Жишээ нь брокколиг буцалгаж боловсруулснаас даруй гурав дахин их хэмжээгээр ашигтай амин дэмээ алддаг гэж үзсэн юм. Харин 2019 онд хийсэн судалгаагаар богино долгионы зууханд хүнсийг богино хугацаагаар боловсруулах ашигтай болох нь илэрсэн. Уг туршилтаар брокколиг нэг минутын турш боловсруулсан бөгөөд ашиг шимийг нь үзэхэд жигнэж болгосноос хавьгүй өндөр байсан ажээ.
Дээрх туршилтыг удирдан явуулсан АНУ-ын ХАА-н яамны харьяа Белтсвилл дахь Хүний биед хэрэгтэй амин дэм судлалын хүрээлэнгийн ахлах судлаач Ву Сиан Ли "Хүнс бүхэн өөр өөр ширхэг, амин дэмтэй байдаг. Ерөнхийдөө хүнсний ногоог богино долгионы зууханд боловсруулах ашигтай. Учир нь зуухны долгион хүнсний ногооны эсийг зөөллөж, амин дэм зэргийг нь илүү хялбараар ялгаруулах боломжтой болгодог. Мэдээж бүх ургамал хоорондоо адилгүй. Гэсэн хэдий ч ихэнх ургамлыг богино долгионы зууханд болгох хамгийн ашигтай гэжээ.
Өөр нэг судалгаагаар эрдэмтэд чанасан болон жигнэсэн бууцай, чинжүү, брокколи, ногоон шош зэрэг хүнсний нийлэг ургамлуудыг боловсруулж хооронд нь харьцуулж үзэхэд богино долгионы зууханд боловсруулсан нь хамгийн ашигтай байв.
Бид богино долгионы зууханд хоол халаахдаа ихэвчлэн хуванцар саванд хийж халаадаг. Гэхдээ зарим эрдэмтэд энэ нь аюултай байж болох талаар сануулдаг. Жишээ нь богино долгионы зууханд халаах зориулалтгүй хуванцар савыг халаах үед полимерийн улмаас зөөлөрч зарим төрлийн химийн бодис ялгаруулж эхэлдэг байна.
Эрдэмтэд хүнс хадгалах зориулалт бүхий 400 төрлийн хуванцар сав авч судалгаа хийсэн бөгөөд тэдгээрийн ихэнх хэсэг нь химийн бодис ялгаруулж байгааг олжээ. Эдгээр химийн бодисууд ихэвчлэн бидний бодисын солилцоонд муугаар нөлөөлж, цусны даралт болон инсулины хэмжээнд нөлөө үзүүлж, астма үүсгэх зэрэг муу нөлөөтэй байсан бөгөөд хамгийн хүнд хэлбэр нь тугалгын булчирхайн хорт хавдар үүсгэх чадвартай байв.
Эдгээр төрлийн хуванцар заавал хүнсэнд хүрсэн байх шаардлагагүй бөгөөд таглаж тавьсан таг хүртэл ижил нөлөөтэй байдаг. Иймд эрдэмтэд зөвхөн богино долгионы зууханд хүнс халааж хэрэглэх зориулалт бүхий хуванцар савнуудыг санал болгож байгаа юм. Хуванцраас илүү керамик материалтай саванд хоол хүнсээ халаах нь аюултай багатайг дурджээ.
Түүнчлэн хуванцар сав ашиглахаас гадна дулааны хэм тааруулах нэн шаардлагатай гэнэ. Хоолыг гүйцэд халаалгүй эсвэл хэт халааж идэх нь бас эрсдэлтэй аж. Тийм ч учраас хоолыг дахин халааж байгаа бол зайлшгүй 82 градус орчим хүртэл халаах хэрэгтэй бөгөөд ингэснээр бактери, нян зэрэг устдаг байна.
Цацрагийн аюулд санаа зовдог иргэдийн хувьд эрдэмтэд үүнийг ямар ч аюулгүйг баталжээ. Богино долгионы зуух нь бага даралтын соронзон давтамжаар ажилладаг бөгөөд эдгээр нь радио болон гэрлийн шилтэй ижил аргаар ажилладаг гэсэн үг юм.