ХААН Банк “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн дөрөвдүгээрт эрэмбэлэгдлээ

ХААН Банк “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн дөрөвдүгээрт эрэмбэлэгдлээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран жил бүр уламжлал болгон тодруулдаг Монгол Улсын “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийн шалгаруулалтад ХААН Банк дөрөвдүгээр байранд эрэмбэлэгдлээ. Энэхүү нэр хүндтэй шалгаруулалтыг зарласнаас хойш 20 гаруй жилийн турш ХААН Банк тэргүүлэгчдийн эгнээнд тогтмол нэрлэгдэж ирсэн бөгөөд сүүлийн таван жил дараалан эхний дөрөвт шалгараад буй.

ХААН Банк нь 2021 онд нийт 227.8 тэрбум төгрөгийг татварт төлж, дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед Монгол Улсын төсвийн орлого бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж ажиллалаа. “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийг шалгаруулахдаа ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн таван үзүүлэлтийг чухалчилдаг төдийгүй харьяа яам, холбогдох төр засгийн байгууллагын статистик мэдээлэлд үндэслэдэг.

Иймээс ч улсын татварын орлогын дийлэнхийг нуруундаа үүрдэг эдгээр 100 аж ахуйн нэгжийг Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч хэмээн зүй ёсоор нэрлэдэг билээ. Бид цар тахлын үед харилцагчдадаа банк санхүүгийн үйлчилгээг зайнаас, цахимаар хурдан шуурхай авах боломжийг бүрдүүлж, цахим шилжилтийг түүчээлэн ажиллаж буй төдийгүй жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжин, цар тахлын хүнд үеийг хамтдаа даван туулахаар бүх талаар зорьж ажиллалаа.

Түүнчлэн банкны үйлчилгээг шуурхай хүргэх, харилцагчийн үйлчилгээг өндөр түвшинд гаргах чиглэлд шат дараалсан ажлуудыг хийж, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулахыг зорьж буй бөгөөд олон нийтийн санхүүгийн боловсрол, нийгмийн сайн сайханд чиглэсэн цогц төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, бусдадаа үлгэр дуурайл болж чадсан нь энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэх гол үзүүлэлт болсон гэж үзэж байна.

ХААН Банк энэ оны эхээр брэндийн шинэчлэл хийж, алсын хараа, эрхэм зорилгоо шинэчилсэн төдийгүй хамгийн ойр, хүртээмжтэй банк байгаад зогсохгүй санхүүгийн аяллын алхам бүрд нь харилцагчид, ажилтнуудтайгаа хамтдаа өсөж хөгжих, илүү сайханд тэмүүлэх, бодит өөрчлөлтүүдийг бий болгохоор зорьж буй билээ.

ХААН Банканд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг нийт харилцагчид, түншүүддээ баярлалаа.

Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.