Үүлэн систем, хиймэл оюун, блокчейн технологид суурилсан финтек шийдлийг нэвтрүүлээд буй байгууллагууд цахим болон мобайл банкны үйлчилгээ, цахим зээлийн үйлчилгээ, санхүүгийн зөвлөх үйлчилгээ, криптовальют, брокер, арилжааны цахим үйлчилгээ зэргийг хэрэглэгчдэдээ санал болгон ажиллаж байна.
Финтек бидний амьдралд яагаад хэрэгтэй вэ?
Финтекийн цар хүрээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа ч мэдлэггүйгээс үүдэлтэйгээр хүмүүс эргэлзээ тээж явах нь олон байдаг. 2019 оны 4-р сард хийгдсэн Банкны дараагийн зогсоол юу байх вэ? сэдэвт судалгаагаар хүмүүсийн дийлэнх буюу 63 орчим хувь нь "Итгэлцэл” хэмээн хариулжээ. Түүнчлэн тэдний 57.6 хувь нь цахим банк, 44.4 хувь нь мобайл буюу аппликейшнд суурилсан банкны үйлчилгээ хэмээн хариулсан аж.
Финтек инноваци нь бүрэн цахим үйлчилгээнд суурилж, гадны нөлөө орох боломжгүй хийгддэг механизмтай тул хүмүүсийн итгэлийг бүрэн дааж чадахын зэрэгцээ санхүүгийн олон төрлийн үйлчилгээг энгийн байдлаар цахим сүлжээ ашиглан авах боломжийг олгодог гэдгээрээ онцлог юм. 2011 онд Дэлхийн Банк 2.7 тэрбум хүн банкны үйлчилгээ авдаггүй гэсэн тооцоо гаргасан. Тэгвэл энэ тоо 2017 оны байдлаар 1.7 тэрбум болтлоо буурсан нь мөн л банкны үйлчилгээ дижитал хэлбэрт шилжиж, үйлчилгээний байгууллагууд финтек шийдлийг нэвтрүүлсэнтэй холбоотой билээ.
Ийнхүү маш богино хугацаанд өргөжин тэлсэн финтек цаашдаа ч хүрээгээ тэлэх боломж бүрэн бий. Өнгөрсөн жилүүдэд бэлэн мөнгөөр хийгдэх үйлчилгээ хумигдаж, цахим төлбөр тооцооны хэрэгсэл түлхүү ашиглагдах болж, АТМ-д ч дугаарлан зогсох явдал эрс багассан. Гэсэн хэдий ч дэлхийн зах зээлд бэлнээр эргэлдэж буй мөнгөн дүн асар өндөр хэвээр байна. Тухайлбал Латин Америкын орнуудад нийт төлбөр тооцооны ердөө 9 хувийг бэлэн бусаар хийж буй бол Ази-Номхон далайн орнуудад ч бэлэн мөнгөний гүйлгээ багагүй хувийг эзэлсээр буй.
Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч Visa компанийн зүгээс 2025 он гэхэд 45 их наяд ам.долларыг хүмүүс тооцооны картын тусламжтайгаар эргэлдүүлнэ гэсэн таамаглал дэвшүүлжээ. Түүнчлэн хувь хүнээс хувь хүн рүү, бизнесийн байгууллагаас байгууллага руу шилжүүлэх мөнгөн дүнг нэмж тооцвол 185 их наяд ам.доллар болно гэжээ. Тэгвэл финтек дээр дурдсан салбарт орсон тохиолдолд асар том зах зээл хүлээж байгаа гэдэг нь гарцаагүй.
2018 оны байдлаар хөрөнгө оруулалтын сангаар дамжин хөрөнгийн зах зээл рүү орж буй мөнгөн дүн 39.75 тэрбум ам.доллар байсан нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 2 дахин өндөр үзүүлэлт болжээ. Ийнхүү хүмүүс хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан хөрөнгөө эргэлдүүлэх сонирхол нэмэгдэж буй нь нөгөөтээгүүр финтек үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад өргөжин тэлэх боломжийг олгож байна. Гэхдээ уламжлалт аргаар санхүүжилт авч буй байгууллагууд ч мөн бий. Тэдний дунд төлбөрийн шийдлийг нэвтрүүлэгч Вill.com, даатгалын технологийн Lemonade болон Rocket зэрэг нэр бүхий компаниудыг нэрлэж болох ажээ.
Түүнчлэн финтек үйлчилгээ үзүүлэгч компаниудын дунд Merger and Acquisition (M&A) буюу компани хоорондын нэгдэл явагдаж мега төслүүдийг ч гүйцэтгэж буй юм. Үүний тод жишээ нь PayPal, Mastercard, Visa зэрэг төлбөр тооцооны томоохон компаниуд тодорхой хүрээнд хамтран ажиллах болсон явдал байв. Ийнхүү финтек үйлчилгээний салбар дараагийн арван жилд ч тасралтгүй өргөжин тэлж шинэ боломжуудыг хэрэглэгчдэд нээж өгөх нь гарцаагүй биз ээ.