Телевизийн шууд дамжуулалтын үеэр амиа хорлосон сэтгүүлч бүсгүйн түүх

2022-06-05, 10:22
31,116

Сэтгүүлч Кристин Чуббак "Channel 40" сувгийн шууд дамжуулалтын үеэр “Channel 40 телевиз бүхнийг үзэгчдэд түргэн шуурхай хүргэх бодлоготой. Тэгвэл та яг одоо бас нэгэн амиа хорлолтын гэрч болох гэж байна” хэмээн өгүүлээд буу гаргаж чихнийхээ ар талд буудан амиа егүүтгэж байжээ. Ийнхүү тус үйл явдал Америк орныг бүхэлд нь цочролд оруулж, Channel 40 сувагт чухам юу болсон талаар үзэгчдийн дуудлага тасрахгүй удсан гэдэг. Ердөө 29 насандаа шууд нэвтрүүлгийн үеэр амиа хорлосон Кристин Чуббак сэтгүүлчийн амьдралын түүхийг танд толилуулж байна.

Телевизийн шууд дамжуулалтын үеэр амиа хорлосон сэтгүүлч бүсгүйн түүх

1974 онд 29 настай Кристин Чуббак сэтгэл гутрал, амиа хорлох бодолтойгоо олон жил тэмцсэний эцэст өөрийгөө ялж, Флорида мужийн Сарасота хотноо Channel 40 сувагт сэтгүүлчээр ажиллаж байв. Амиа хорлох нь бодол төдий байгаагүйн илрэл 1970 онд эм хэтрүүлэн хэрэглэж байсан бүртгэлээс тод харагддаг. Ийнхүү Channel 40 сувагт ажилд орох үед түүний ээж охиныхоо амиа хорлох оролдлого хийж байсан талаар телевизийн удирдлагуудаас ор тас нуужээ. Хэрэв хувийн амьдрал нь хэт ээдрээтэй, сэтгэл зүйн хувьд тогтворгүй нэгэн гэдгийг мэдвэл охин нь ажилгүй үлдэнэ гэдгийг тэрбээр мэдэж байсан тул ийм шийдвэр гаргаж байжээ.

Кристин бага наснаасаа хаалттай, зожиг нэгэн байсан бөгөөд бусадтай төдийлөн гүнзгий харилцаа үүсгэж чаддаггүй байжээ. Түүний анхны хайр автомашины ослоор амиа алдсанаас хойш нэг залуутай болзож байсан ч еврей хүн гэдэг шалтгаанаар эцэг нь зөвшөөрөлгүй харилцаагаа тасалж байсан тэрбээр орь ганцаар 29 нас хүрсэн бөгөөд тухайн үед онгон байсан гэдэг.

Түүнчлэн 1973 онд баруун өндгөвчөө авахуулж, 2-3 жилийн дотор хүүхэд олох боломжгүй гэх онош сонссон нь түүний амьдралыг улам бүр хүнд байдал руу түлхсэн юм. Тухайн цаг үед ажлын найз Жорж Питер Райанд дурласан ч бүтэлгүйтэж, өөрөө өөртөө хэт шүүмжлэлтэй хандах болж, аливаа асуудлыг эрүүлээр хүлээн авах чадамжаа алдсаар байжээ.

Амиа егүүтгэхээс 7 хоногийн өмнө тэрбээр оройн мэдээний найруулагч Роб Смитэд гар буу худалдан авсан тухайгаа яриад "Шууд дамжуулалтын үеэр өөрийгөө буудах шиг солиотой санаа байхгүй гэж бодож байна” хэмээн хошигнож, төрсөн ахдаа “Амиа хорлох талаар бодох боллоо. Юу хийх ёстойгоо мэдэхгүй юм” гэж ярьж байсан нь түүнийг сэтгэл зүйн хувьд асар хүнд байдалд амьдарч байсныг илтгэх биз ээ.

Ийнхүү 1974 оны 7-р сарын 15-ны өглөөний 9 цагийн үед ажилдаа туйлын сэтгэл хангалуун байдалтай иржээ. Хамт олон нь түүний энэ байдлыг гайхан хүлээж авсан агаад өөрийн хөтлөн явуулдаг байсан “Suncoast Digest” ярилцлагын нэвтрүүлэгт оролгүй улс даяар шууд дамжуулагдах учиртай мэдээний хөтөлбөрт хөтлөгч хийхээр хүсэж, зөвшөөрөл авчээ. Улмаар шууд нэвтрүүлэг эхлэхтэй зэрэгцэн тэрбээр өмнө дурдсан сүүлчийн үгсээ хэлээд Smith and Wesson үйлдвэрийн .38 мм гар буугаар толгой тус газарт буудан амиа хорложээ.

Буун дуу гарч, хөтлөгч бүсгүй ширээ мөргөн газарт унах мөчид балмагдаж сандарсан арын албаны ажилтнууд шууд дамжуулалтыг зогсоож, кино гаргаж байжээ.

Яаралтай түргэн тусламж ирж эмнэлэг рүү хүргэсний дараа найруулагч Майк Симмонс ширээн дээрээс цусанд будагдсан цаас дундаас Кристин Чуббакын өөрийн гараар “Телевизийн нэвтрүүлэгч Кристин Чуббак өглөөний шууд нэвтрүүлгийн үеэр өөрийгөө буудаж, Сарасота Мемориал эмнэлэгт хүргэгджээ. Түүний биеийн байдал маш хүнд байна” хэмээн үйл явдлыг зөгнөн бичсэн цаасыг олсон гэдэг.

Үнэхээр ч түүнийг Сарасота Мемориал эмнэлэгт хүргэж яаралтай тусламж үзүүлсэн бөгөөд тухайн үед түүний ээж нэгэн хэвлэлд “Охин минь сэтгэл санааны маш хүнд хямралтай тэмцэж байсан. Гэсэн ч тэр өөрийн мөрөөдлийн ажлыг өөрийн болгож чадсан. Түүнд найз нөхөд, дотно харилцаатай найз залуу байхгүй байсан ч үргэлж л өөрт заяасан бүхэнд талархаж явна гэж ярьдаг байлаа. Нийгмийн харилцаанд барагтай л бол ордоггүй байсан ч тэр хэнийг ч ялгаж харьцдаггүй байсан. Эргэн тойрны хүмүүстэй эелдэг мэндэлж, хамт кофе уухыг санал болгож эерэг харилцаа үүсгэхийг тун их хичээдэг байсан. Сэтгэлзүйн хямралаа давахын тулд сэтгэл зүйчээс зөвлөгөө авч байсан ч тэд охиныг минь үнэхээр амьдрах хүсэлгүй болсон гэдгийг олж харж чадаагүй. Тэр бусадтай холбогдож, бусдын л адил сайхан амьдрахыг хүссэн ч хэн ч түүний гараас барилгүй нүүр буруулж буй мэт ертөнцөд амьдарч байсан. Түүнд гэр бүлээс нь өөр хэн ч байгаагүй. Тэр минь дөнгөж 29 настай…” хэмээн ярьснаас хойш 14 цагийн дараа Кристин Чуббак амьсгал хураажээ. Түүнийг чандарлаж, Мексикийн булангийн бүлээн усанд чандрыг нь цацжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()