Зөвлөлтийн аяллын хөлөг онгоц Леонид Собинов нь Австралийн Пирмонт булангийн ойролцоо энэ үеэр аялж таарсан юм. Тус онгоцон дээр зөөгч хийж байсан Лилиана Гасинская хүйтэн усыг ажралгүй үсэрч Сиднейн эрэгт хүрсэн бөгөөд тэрээр далайд 40 минутын турш сэлсэн гэнэ. Түүнийг хөлөг онгоцонд байхгүй байгааг олж мэдээд Зөвлөлтийн элчин сайдын яам ойролцоох боомт руу шууд цахилгаан илгээв. Тэд Лилианаг олох гэж оролдсон боловч бүх хүчин чармайлт нь бүтэлгүйтсэн юм. Учир нь түүнийг орон нутгийн "Daily Mirror" сонины ажилтнууд нуужээ.
ЗХУ-д энэ үйл явдлыг хичээнгүйлэн нууж байхад Австралид Лиля жинхэнэ алдартан болж хувирчээ. Түүний зураг орон нутгийн бүх сонин хэвлэлээр цацагдаж байв. Шинэ тивд хөл тавихдаа өмсөж байсан хувцас нь олны нүдэнд туссан тул сэтгүүлчид зөөгч бүсгүйг “Улаан бикинитэй охин” хэмээн нэрлэжээ.
Лилигийн хувь заяаг Австралийн эрх баригчид хэрхэх тухай хэлэлцэж байх зуур "Daily Mirror" сонины ажилтнууд түүний байршлыг нууцалсан байна. Тэд сайн санасандаа биш харин ганцхан өөрсдөө л түүний тухай мэдээ нийтлэхийн тулд ийм арга хэмжээ авсан ажээ. Тухайн үед 18 настай байсан Лиля “Би 14 настай байхдаа коммунизм гэж юу болох, түүний зорилго юу болохыг ойлгож эхэлсэн. Эргэн тойронд зөвхөн худал суртал ухуулга байгааг би ойлгоод түүнийг үзэн ядсан. Австрали улс дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй орон болохоор би энд ирэхээр шийдсэн юм" хэмээн дурссан байдаг.
Гайхалтай нь түүнд улс төрийн орогнол өгөхөөр эрх баригчид шийджээ. Энэ нь маш том маргааны сэдэв болсон юм. Австралид хамаатан садан нь амьдардаг хүмүүс хүртэл орогнол хүсэж чадахгүй байхад хэний ч мэдэхгүй бүсгүй усны хувцастай гарч ирээд ямар ч саадгүй "Ногоон карт" авч байгаа нь олон хүний дургүйг хүргэжээ. Нэг талаараа Австралийн эрх баригчид ЗХУ-г чадах нөгөө талаар өөрсдийгөө олон улсад эрх чөлөөний төлөө байдаг гэдгээ харуулах зорилготой ийм шийдвэр гаргасан байна. Аймшигт дарангуйллын нийгмээс нүцгэн шахуу оргож гарсан хүнийг нутаг буцаах нь дэндүү харгис үйлдэл гэж харагдах байсан нь үнэний ортой юм.
Мэдээж хэрэг Лиля байнгын оршин суух эрхтэй болсон ч мөнгөний асуудал гарч ирэв. Сонингийн зүгээс түр орогнох байраар хангасан ч ойрын ирээдүйд хаана амьдарч юу идэх билээ гэдгээ тэрээр тооцоолох хэрэг гарав.
Яг энэ үед насанд хүрэгчдийн "Penthouse" сэтгүүл түүнд ханджээ. Тэд Лиляд 150 мянган ам.долларын гэрээ санал болгосон бөгөөд үүнээс татгалзах эрх Лиляд байсангүй. Тэрээр сэтгүүлийн хэд хэдэн дугаарт нүцгэн зургаа тавьсан нь маш түргэн зарагдсан байна.
Үүний дараа тэрээр хэдэн телевизийн цувралд жүжиглэж байгаад 1984 онд саятан Иан Хакстонтой гэрлэжээ. Зургаан жилийн дараа хосууд салахад Лиля олигтой мөнгө салгаж чадаагүй байна. Үүний дараа тэрээр Англи руу нүүсэн бөгөөд өдгөө тэндээ амьдарч байгаа гэнэ.