Хэрэв шидтэн танд ид шидтэй саваа өгч нэг л дохиход бүх вирус устах болно гэвэл эргэлзээгүй аваад савчиж орхих хүмүүс одоо үед цөөнгүй байх болов уу. Гэсэн хэдий ч хэрэв ийм шийдвэр гаргавал уг шийдвэр үхлийн аюулт вирусээс илүү хор хөнөөлтэй байх болно.
Висконсин-Мадисоны сургуулийн халдварт өвчин судлалын тэнхимийн тэргүүн Тони Голдберг “Хэрэв дэлхий дээрх бүх вирус устчихвал ганц хоёр өдөр л сайхан байна. Харин дараа нь бид бүгд үхнэ. Вирусний дэлхийд үзүүлэх нөлөөлөл муу үр дагавраас хамаагүй өргөн цар хүрээтэй” гэж хэлжээ. Уг салбарын судалгаа маш бага бөгөөд вирусний ашиг тус болон сул талын тухай тэнцвэртэй мэдээлэл бүрдүүлэхийг хичээж буйг ч мөн дурдсан юм.
Бид вирусний тухай ихэнхдээ сөрөг талын мэдээллүүд авдаг учраас дийлэнх хүмүүс ашиг тусыг нь мэддэггүй байна. Ихэнх вирус судлаачид зөвхөн эмгэг төрүүлэгч вирусийг судалдаг бөгөөд вирусний ашигтай талыг судлах нь бага аж.
Ихэнх вирус хүнд хоргүй бөгөөд тэдний нэлээдгүй хувь нь дэлхийн экосистемийг хөгжүүлж, цаашид тэтгэж байх үүрэгтэй байдаг. Түүнчлэн мөөг, ургамал, шавж тэр бүү хэл хүн гэх мэт олон амьд биетүүдийн эрүүл байдлыг тэнцвэржүүлдэг ажээ. Мехикон их сургуулийн вирус судлаач Сьюзан Лопез Карретон "Бид төгс төгөлдөр тэнцлийн үр дүнд амьдардаг. Энэхүү тэнцлийн нэгээхэн хэсэг бол вирус юм" гэж онцолжээ.
Харин Пенн Стэйт их сургуулийн вирус судлаач Марилин Роззинк "Бид одоогоор хэдэн мянган вирусийг илрүүлж, ангилж байгаа. Учир нь тайлагдаагүй хэдэн сая вирус байна. Зөвхөн сул тал, асуудалтай өнцгийг судлах нь нэг талыг барьсан өрөөсгөл үзэл суртал" гэжээ. Судлаачид одоогийн байдлаар шавжны тоо толгойг зохицуулахад вирусний үүрэг оролцоог судалж байгаа юм. Хэрэв нэг төрлийн шавжны тоо толгой огцом нэмэгдэж эхлэх юм бол вирусний халдвар тархаж тэдний тоо толгойг байх ёстой тэнцвэрт нь барьж байдаг ажээ.
Зарим амьд организм амьд үлдэхийн тулд эсвэл нөгөө талаар тоо толгойг нь дарж байх ёстой шалгуур болох вирусний нөлөөтэйгөөр оршиж байдаг. Эрдэмтэд одоо дөнгөж л вирус амьдралын тэнцвэрийг хэрхэн хадгалдаг талаар судалж эхлээд байна. Вирусний талаар илүү их судлах тусам ашигтай төрлийн вирусийг хөгжүүлэх замаар цар тахал, гамшиг үүсгэх сөрөг вирусний эсрэг ашиглах хамгаалалт үүсгэх ч боломжтой юм.