Сармагчны цэцэг өвчин "Ковид-19" өвчнөөс ямар ялгаатай вэ?

2022-05-28, 11:00
1,816

20-р зууны дунд үед анхлан судлагдаж байсан цэцэг өвчний нэг төрөл болсон энэ вирус нь ханиадтай ижил шинж тэмдэгтэй бөгөөд тууралт гардгаараа энгийн ханиадаас ялгаатай. Түүнчлэн хүнийг үхэлд хүргэх магадлал багатайд тооцогддог өвчин юм. Баруун болон Төв Африкийн орнуудад зорчсон иргэдээс ихэвчлэн илэрдэг эл өвчний тохиолдол энэ сар гарснаас хойш дэлхийн хэд хэдэн орнуудад батлагдаад байна. Тухайлбал Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг 9 тохиолдолд батлагдсан хэмээн мэдэгдсэн бол Португали улсад 14, Испани улсад 23 сэжигтэй тохиолдолд бүртгэгдээд байгаа аж.

Сармагчны цэцэг өвчин "Ковид-19" өвчнөөс ямар ялгаатай вэ?

АНУ-ын Халдварт өвчин судлал, удирдлагын төвийн мэргэжилтэн, цэцэг өвчин судлаач Агам Рао “Одоогийн байдлаар дэлхийн улс орнууд энэ өвчин хэрхэн тархаж байгаа талаар судалгаа явуулж байна. Энэ өвчнийг анхааралтай ажиглах шаардлагатай боловч дэлхий нийтийг хамарч тархах магадлал тун бага” хэмээгээд халдварын тохиолдлууд бүртгэгдээд удаагүй байгаа тул цаашид бүс нутгийг хамарсан голомтот халдвар болох эсэхийг таамаглах боломжгүй байгааг өгүүлжээ.

Сармагчны ханиад нь шинэ төрлийн өвчин биш. Хүн төрөлхтөн энэ өвчний эсрэг ямар эмчилгээ хийх, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар тодорхой ойлголттой тул SARS-CoV-2 буюу коронавирусээс харьцангуй ялгаатай ажээ. Түүнчлэн дэлхий нийтийг хамарсан тахал болон хувирсан тохиолдолд "Ковид-19" өвчний үед хэрэглэж байсан арга хэмжээг ахин авч, шуурхай хариу үйлдэл үзүүлэн хор хөнөөлийг бууруулах бүрэн боломжтой.

Сармагчны цэцэг гэж юу вэ?

Баруун болон Төв Африкийн орнуудад зэрлэг амьтдын дунд ихэвчлэн тохиолдох энэ өвчин нь өвчтэй амьтны мах идэх, халдвартай амьтанд ойртсон тохиолдолд хүнд халдварладаг бөгөөд 1950-аад онд энэ вирусийг анх илрүүлж, сармагчны цэцэг хэмээн нэрийдэж байжээ.

1980-аад оноос хүн төрөлхтөн цэцэг өвчний эсрэг вакцинжуулалт хийж эхэлснээр тархалт нь хумигдсан боловч нөгөөтээгүүр сармагчны цэцэг өвчний тархалт аажмаар нэмэгдсэн түүхтэй. Гэхдээ сармагчны цэцэг өвчин нь цэцэг өвчний нэг төрөл учраас цэцэг өвчний эсрэг дархлаатай хүнд халдах магадлал тун бага ажээ. Тус өвчний голомт болсон Баруун Африкийн Нигер улсын тухайд 2017 оноос хойш нийт 450 сармагчны цэцэг өвчний тохиолдол бүртгэгдсэнээс харвал тийм ч өндөр тархалттай өвчин биш гэдэг нь харагдаж буй биз ээ.

Сармагчны цэцэг өвчнөөр өвдсөн хүнд халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, нозоорох зэрэг энгийн ханиад тусахад илэрдэг шинж тэмдэг илрэх бөгөөд бүх биеэр тууралт гардаг байна. Биеэр гарсан тууралт нь 4-5 хоногийн дотор идээлж, 2 долоо хоногийн дараанаас хатаж, шинж тэмдэг нь дарагддаг ажээ.

Сармагчны цэцэг гэж юу вэ?

Калифорни мужийн Лос Анжелесын их сургуулийн (UCLA) халдварт өвчин судлаач Анн Римуан сармагчны цэцэг өвчнийг ковидоос эрс ялгаатай өвчин хэмээгээд энгийн цэцэг өвчинтэй нэгэн адил хүнээс хүнд халдварлах магадлал харьцангуй бага гэжээ. Эл өвчин нь халдвартай хүнтэй хүрэлцсэн, биеэс ялгарах шингэнд хүрсэн хүнд л халдах магадлал өндөр агаад агаар, дуслын замаар халдвар тархах боломжтой аж. Гэхдээ коронавируст өвчнөөс ялгаатай нь халдвар авсан хүн шинж тэмдэг илрэх хүртэл хугацаанд халдвар бусдад тараахгүй гэж үздэг байна.

Сармагчны цэцэг өвчний тухайд Баруун Африкийн болон Конго мөрөн орчмын гэсэн хоёр үндсэн төрөлтэй. Үүнээс одоогийн байдлаар дэлхийн зарим орнуудад илрээд буй халдвар нь хүнээс хүнд халдах чадвар сул Баруун Африкийн хувилбар ажээ.

2003 онд АНУ-д Гана улсаас авч ирсэн гэрийн тэжээмэл зурамнуудаас 53 хүн сармагчны цэцэг өвчний халдвар авсан ч эндэгдэл бүртгэгдэж байгаагүй юм. Харин эрүүл мэндийн хангамж муутай Африкийн бөглүү нутагт энэ халдвар авсан тохиолдолд эндэх магадлал 4 хувьтай байдаг аж.

Өмнө бүртгэгдэж байсан кластер өвчлөлүүд ихэвчлэн зэрлэг амьтадтай ойр хөдөөний бүс нутагт бүртгэгддэг байсан бол энэ удаад томоохон хотуудад дэгдэж байгаа нь санаа зовоход хүргэж байгаа тухай Халдварт өвчин судлал, удирдлагын төвийн халдварт өвчин судлаач, цэцэг өвчний мэргэжилтэн Агам Рао өгүүлжээ.

Түүнчлэн сармагчны цэцэг өвчин нь бэлгийн замаар халддаг тухай ямар нэгэн баримт үгүй боловч одоогийн байдлаар халдвар аваад буй хүмүүс дунд ижил хүйстнүүд их буй нь анхаарал татаж байгаа юм.

Судлаачид вирус хэрхэн тархаж байгаа болон вирусийн геномын дарааллыг судалж байгаа бөгөөд кластер халдварууд олон нийтийг хамарсан өвчлөл болсон тохиолдолд коронавируст халдварын үе мэт хүндрэхгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж буй юм.

Энэхүү орчуулгын мэдээ нийтлэгдсэн өдрийн маргааш ДЭМБ сармагчны цэцэг өвчин нь бэлгийн замаар халддаг болохыг зарласан билээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()