1
Зуурмагаа нэг хоногийн турш амраагаарай
Пицца хийх үед гаргадаг томоохон алдааны нэг бол яарч гурилаа хангалттай амраахгүй байх явдал юм. Гурил хэдий чинээ сайн амарна төдий чинээ амттай пицца хийх боломжтой. Гэхдээ хэтрүүлж бас л болохгүй. Рестораны амттай пицца хийхийг хүсэж байвал гурилаа 24-72 цагийн турш хөргөгчинд амраах шаардлагатай. Энэ аргаар амраасан гурилыг сунгах, хэлбэрт оруулах үед тасарч унахгүй. Зуурмаган дээрээ бусад орцоо тавихын өмнө тасалгааны температурт дахин амраах хэрэгтэй бөгөөд энэ нь гурилыг сунгах үед агшихаас сэргийлнэ. Пицца хийхийн нэг цагийн өмнө гурилаа гаргаад хэлбэрт оруулчхаад дахин 20 минут амрааж бусад орцоо тавих нь амтат пицца хийх эх үүсвэр болно.
2
Захад нь анхаарал хандуул
Пицца бэлдэж байх үедээ бид захад нь төдийлөн анхаарал хандуулдаггүй бөгөөд гурил хөөж доторх орц нь доошоогоо орно гэдэгт итгэлтэй байдаг. Үүнээс гадна захыг хүмүүс тэр бүр иддэггүй учир үүнийг янзлах гэж цаг зав зарцуулах шаардлагагүй гэж үздэг. Тэгвэл рестораны пицца ямар байдгийг нэг санацгаая. Худалдан авагчид захыг нь хүртэл амтархан иддэг шүү дээ. Гэтэл үнэн хэрэгтээ рестораны пицца хийх үед захыг нь оливын тосоор тосолж, давс болон бусад амтлагчаар амталдаг байна. Гэхдээ хатаасан ногоо агуулсан амтлагч цацахгүй байхыг анхааруулъя. Учир нь шарах шүүгээнд хийх явцад ногоо түлэгдэж, пиццаны амтанд сөргөөр нөлөөлнө.
3
Пиццаны чулуу ашигла
Гэрийн нөхцөлд ихэнхдээ пиццаг шарах шүүгээний зориулалтын тавиур дээр тавьж бэлтгэдэг. Үнэндээ ресторанууд пиццаг тусгай чулуун дээр шардаг байна. Гэхдээ энэ бол зүгээр л нэг гадаа байх чулуу биш бөгөөд чулуу болон бусад төрлийн материалаар хийгдсэн зориулалтын тавиур юм. Пиццаны чулууны давуу тал нь өндөр температурт тэсвэртэй, жигд халдагт оршино. Энэ нь чийглэгийг ууршуулж, шаржигнасан пиццаг хийхэд тусалдаг байна. Харин энгийн шарах шүүгээний тавиур дээр хийх үед халалт өөр байдаг учир чийглэг жигд бусаар ууршдаг байна. Үүнээс гадна шарах шүүгээгээ эсвэл пиццаны чулуугаа 230-260 градуст хамгийн багадаа 30 минут халаах хэрэгтэй. Энэ тохиолдолд та хүйтэн пицца тавьсан ч чулуу халуунаа хадгалж, таны пицца илүү хурдан болохоос гадна дутуу болно гэсэн ойлголтгүй болно.
4
Зөв багаж ашиглах
Хэдийгээр таны пицца халуун чулуун дээрээ амттай харагдаж болох ч та зориулалтын бус багажаар салгаж авбал хэлбэрээ алдаж идэх хүсэл төрөхгүй л болов уу. Тиймээс та заавал пицца салгаж авах хусууртай болох хэрэгтэй. Энэ нь пиццаны хэлбэрийг алдагдуулахгүйгээр тавган дээр тавихад тусална. Үүнээс гадна зориулалтын эргэдэг хутгатай байх нь пиццаны орцуудыг салж унахаас сэргийлнэ.
5
Зуурмаг дээр хэт их орц тавих хэрэггүй
Ресторанд пицца захиалах үед танд орц багатай гамбир мэт зүйлийг авчирдаг бөгөөд үнийн дүнтэй нь харьцуулахад тэд ямар нэгэн хэмнэлт хийж байгаа мэт санагдана. Гэтэл үнэн хэрэгтээ энэ хэмнэлттэй ямар ч холбоогүй гэнэ. Зуурмаган дээр хэт их орц тавих нь гурилыг жигд болоход саад учруулдаг байна. Үүнээс гадна зуурмагийн амтыг үгүй хийж, үндсэн орцны амтыг алдагдуулдаг. Тиймээс пиццанд аль болох их орц хийвэл илүү амттай болно гэсэн ойлголтыг мартаарай. Олон зүйл хийхээр шийдсэн бол дээр дээрээс нь хэт их давхарлахгүйгээр тус бүрд нь байрлуулах тал дээр анхаарал хандуулаарай.
6
Чанартай бүтээгдэхүүн ашиглах
Гэртээ пицца хийхдээ бид ихэнхдээ гар доорх материалыг ашигладаг. Үнэндээ анх пиццаг хөргөгчинд байгаад муудах дөхсөн ч хаяхад хайран бүтээгдэхүүнээр хийдэг байжээ. Гэхдээ хэрвээ та рестораны амтыг мэдрэхийг хүсэж байвал чанартай бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй. Чанартай гээд заавал үнэтэй байх шаардлагагүй бөгөөд яг таны хүсэж буй амтыг мэдрүүлэх тэр зүйлийг сонгоорой. Жишээлбэл дундаж үнэтэй хиам хэт үнэтэй хиамнаас илүү таны сонирхлыг татаж болно шүү дээ. Халах явцад ямар амт гарахыг нь сайн тооцоолж пицца хийх бүтээгдэхүүнээ сонгоорой.
7
Зарим орцыг урьдчилж бэлд
Пиццаг чулуун дээр бэлэн болгоход ердөө 10 минут хангалттай. Энэ хугацаанд хүнсний ногоо хатаж мах их тос ялгаруулсны улмаас гурил нь түүхийрэх, дутуу болох магадлалтай. Тиймээс уг асуудлаас урьдчилан сэргийлж зарим орцыг тусдаа бэлдэж болно. Жишээлбэл мөөг болон хүнсний ногоо амархан хатдаг учир түрүүлж амтлаад шарж бэлдэнэ. Харин хиам болон махны хувьд эхлээд шарах нь илүүдэл тос пиццан дээр ялгарахаас сэргийлж гурилын болцонд эерэгээр нөлөөлнө. Хэрвээ та орцоо өмнө нь шарж бэлдэхээр шийдсэн бол илүүдэл тосыг шүүж, хөрсний дараа зуурмаг дээрээ тавих шаардлагатай.