Тэгвэл сэтгэл засалч Харриет Лернер “Why Won’t You Apologize?: Healing Big Betrayals and Everyday Hurts” нэртэй бүтээлдээ таагүй зүйлтэй нүүр тулсан, гомдож, гутарсан нэгэн бусдаас уучлалт хүсэх үгсийг хүлээх нь хүний төрөлхийн зөн боловч өөрийг тань шархлуулж, сэтгэлийг тань зовоосон хэн нэгэн хийсэн үйлдэлдээ үл гэмших эсвэл гаргасан үйлдэлдээ ичих сэтгэл нь тантай нүүр тулж, уучлалт гуйхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байдгийг онцолжээ. Ийнхүү хүсэн хүлээсэн үгээ сонсох боломжгүй болох нь сэтгэлзүйн хувьд улам бүр дарамт болон үлддэг талаар хөндөн бичжээ. Үүнээс гадна тухайн хүн гэм буруутай зүйл хийсэн гэдгээ өөрөө ухаарахгүй байх, ахин холбоо тогтоох боломжгүй болох зэрэг шалтгаануудын улмаас хүн уучлалт эрсэн үгсийг сонсолгүй, насан туршдаа сэтгэлийн шаналалтай амьдрах үндэс тавигддаг аж. Тэгвэл яг энэ тохиолдолд уучлалт гуйгаагүй хэн нэгнийг хэрхэн өршөөж, сэтгэл санаагаа хүлээснээс чөлөөлөх вэ? Энэ тухай Висконсин их сургуулийн сэтгэл судлалын багш Роберт Энрайт болон “The Burning Light of Two Stars: A Mother-Daughter Story” тэргүүтэй нэр бүхий бүтээлүүдийн зохиогч Лаура Девис нарын зөвлөгөөг та бүхэнд толилуулж байна.
Уучлалт гэдэг чухам юу вэ гэдгийг эргэцүүлж бод
Уучлалт гэдэг чухам юу вэ гэдгийг илүү хялбар ойлгохын тулд юуг уучлалт гэхгүй вэ гэх асуултын хариуг олсон нь илүү оновчтой. Сэтгэл судлаач Роберт Энрайтын үзэж буйгаар уучлалт бол бусдын хийсэн үйлийг өнгөрүүлж орхих явдал огтхон ч биш ажээ.
Түүнчлэн уучлалтыг эвлэрэл гэж бодох нь өрөөсгөл ойлголт гэдгийг Роберт Энрайт болон зохиолч Лаура Девис нар санал нэгдэн өгүүлжээ. Тэдний үзэж буйгаар эвлэрэл гэдэг нь хоёр буюу түүнээс олон хүн нэг замаар хамтдаа явахын тулд гаргадаг шийдэл бол уучлалт гэдэг нь тухайн хүмүүсийн зам салах байлаа ч үзүүлж болох хариу үйлдэл хэмээжээ. Өөрөөр хэлбэл уучиллаа гээд та хэн нэгэнтэй эсвэл өөр бусад хэн нэгэн тантай хамтдаа байсаар байх болно гэсэн үг биш юм.
Мөн Роберт Энрайт "Уучлалт гэдэг нь хүний ёс суртахууны нэгэн хэмжүүр бөгөөд танд таагүй зан авир гаргасан хэн нэгний төлөө хүндлэл, нигүүлсэнгүй байдлаа харуулж буй онцгой хэлбэр" хэмээн тодотгон өгүүлжээ.
Та өөрийнхөө төлөө бусдыг уучилж буйгаа сана
Хэрэв уучлалт гэдэг нь бусдад энэрэнгүй сэтгэлээ хайрлаж буй хэлбэр гэвэл хэн нэгэн буруу зүйл танд хийсний төлөө яагаад тэднийг уучилж, тэдэнд сэтгэлийн дэм хайрлах ёстой гэж хэмээн та бодож магад. Хэрэв ийн бодож буй бол уучлалт танаас өөр хаана ч оршин байх боломжгүй гэдгийг ухаарах хэрэгтэй.
Сэтгэл судлаач Энрайт “Уучлалтыг парадокс гэж нэрлэж болно. Яг л уучилж буй хэн нэгэн хамаг зүрх сэтгэлээ бусдад өгч, уучлалт гуйсан нэгэн гэм буруутан боловч бусдаас сэтгэл аваад буй мэт мэдрэгдэх нь гарцаагүй. Гэвч уучлалт гэдэг нөгөөтээгүүр таны сэтгэл санааг унагах бодол, уур хилэнгээс таныг хамгаалах хуяг дуулга гэдгийг мартаж үл болно. Иймээс тухайн хүнтэй эвлэрэх бодолгүй байлаа ч түүнийг уучилж өөрийнхөө сэтгэл санааг чөлөөлөхийн зэрэгцээ түүний тухай бодлоо ор мөргүй үгүй хийх боломжийг өөртөө олгох нь таны хувьд ялалт юм” гэжээ.
Уур хилэн урт хугацаанд сөрөг нөлөөтэйг анхаар
Уур бухимдлаа ардаа үлдээхийн тулд хэн нэгнийг уучилна гэдэг, ялангуяа уучлалт гуйгаагүй хэн нэгнийг өршөөнө гэдэг утгагүй мэт санагдах явдал олон. Зарим тохиолдолд ийнхүү уучлах нь таны өмнө буруу зүйл хийсэн хүмүүст бууж өгч байгаа мэт, танд хийсэн буруу зүйлтэй эвлэрч байгаа мэт мэдрэмж төрүүлэх нь ч бий.
Үнэхээр ч уурлаж бухимдах нь богино хугацаанд танд хүч өгөхийн зэрэгцээ таныг нэр төртэй, өөрийн гэсэн үнэт зүйлтэй нэгэн гэдгийн илрэл болж байдаг. Гэвч урт хугацаанд энэ явдал үргэлжилсэн тохиолдолд ядрах, амьдралын идэвх буурах, сэтгэл санаагаар унах зэрэг олон талын сөрөг нөлөөг танд авч ирэх тул ирээдүйг харсан сонголт хийх нь зүйн хэрэг билээ.
Уучлалт хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг талаар олон жилийн турш судалгаа хийж буй сэтгэл судлаач Роберт Энрайтын анхны эрдэм шинжилгээний нийтлэл тэртээ 1989 онд хэвлэгдэн гарч байжээ. 1993 онд сэтгэлзүйн уучлах эмчилгээний талаар нийтлэл хэвлүүлсэн нь түүнд энэ чиглэлдээ анхдагч гэх нэрийг хайрласан гэдэг. Ийнхүү алхам алхмаар урагшилсаар буй түүний энэ судалгаагаар хүн бусдыг уучлахын тулд дараах дөрвөн шатыг даван туулах хэрэгтэй болдог гэдгийг олж тогтоогоод буй ажээ.
Эхлэл үе
Хүн өөрт тохиолдсон шударга бус зүйлд бүрэн анхаарлаа хандуулж, хөрөнгө мөнгө, цаг хугацаанаас гадна сэтгэлзүйн хувьд асар их хохирол амсаж буйд санаагаа чилээж эхэлнэ. Ийнхүү шатанд хүн чухам яагаад ийм үр дагаварт хүрч байгаа талаар бодож эхэлдэг.
Шийдвэр гаргах үе
Энэ шатанд хүн бусдыг уучлах эсэх талаар шийдвэр гаргадаг. Магадгүй тухайн үйл явдал дөнгөж болж өнгөрсний дараа та тухайн хүнийг уучлахгүй эсвэл хэт их сэтгэл хөдлөлтэй байгаа тул шийдвэрээ яарч гаргахгүй гэх шийдлийг ч гаргаж болно.
"Гэхдээ энэ үед хүн ямагт бусдын нөлөөлөл дор бус өөрийн ухамсрын дагуу шийдвэр гаргах хэрэгтэй байдаг" хэмээн Энрайт үзжээ. Мөн хэрэв та цаашид хамтран ажиллах эсвэл байнга холбоотой байх хэрэгтэй хүнийг уучлахаар шийдсэн бол тухайн хүнээс хариугаа авах, тэрхүү таагүй үйл явдлыг ахин санан дурсаж сэтгэлээ үймрүүлэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Хэрэв дээрх бодлууд таны толгойноос салахгүй дагасаар байгаа бол та уучлахад бэлэн болоогүй байна гэж өөрийгөө дүгнэх хэрэгтэй.
Өрнөл үе
Энэ шатанд хүн тайвширч, илүү өргөн цар хүрээгээр асуудлыг харж, бусдад зөөлөн хандах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрдэг. Энэ шатанд таны өмнө буруу зүйл хийсэн хүний амьдралдаа туулж өнгөрүүлсэн зовлон, бэрхшээл, тухайн хүний сайн сайхан талууд бодолд тань орж сэтгэл санаа уужирч ирдэг. Ийнхүү сэтгэл уужирсан нөхцөлд хүн өөрт тулгарсан бэрхшээлийг үнэлж, түүнтэй эвлэрснээр сэтгэлийн шарх аньдаг гэж үзжээ.
Туршлага суух үе
Тухайн үйл явдлаас амьдралын туршлага олж авснаар хүн дараа дараагийн асуудлуудтай нүүр тулах үедээ илүү хүлцэнгүй, хүлээцтэй болж ирдэг аж. Энэ үед хүн зөвхөн би биш бусад хүмүүст ч таагүй зүйлс тохиож, бүгд л ижилхэн зовж шаналдаг гэх ойлголтыг төлөвшүүлэн авах бөгөөд өөртэйгөө ижил нөхцөл байдалд орсон бусдад туслах, холбогдох хүслийг өдөөдөг байна.
Хэн нэгнийг уучилж чадахгүй байгаа бол бүү хүчил
Таны сэтгэлийг шархлуулсан хэн нэгнийг уучилна гэдэг цаг хугацаа шаарддаг гэдгийг ухаарах нь зүйтэй. Энэ тухай зохиолч Лаура Девис “Бид амьдралынхаа туршид маш олон харилцааг бусадтай үүсгэж байдаг. Цаг хугацааны эрхээр бусдыг гэх мэдрэмж өөрчлөгдөн тогтмол хувирдаг. Тухайлбал бага залуу насандаа эцэг, эхдээ гомдож явсан нэгэн өөрөө хүүхэдтэй болохоос нааш эцэг, эхдээ тээсэн гомдлоо орхин хаях боломжгүй гэхэд хилсдэхгүй. Эсвэл өөрөө хүүхэдтэй болсноор өөрийгөө илүү дээр орчинд өсөх боломжтой байсан гэх дүгнэлтэд хүрч эцэг, эхдээ улам бүр гомдох ч магадлал бий” хэмээжээ.
Мөн тэрбээр “Өршөөл, энэрэл гэдэг урт удаан хугацааны явцад хуримтлагдан бий болдог зүйл. Хүчээр хэн нэгнийг уучлах боломж үгүй” гэж тодорхойлжээ.