Гитлерт хорлогдсон генерал алтыг нь нууж хариугаа авсан түүх

Нацист Германы хувьд Эрвин Роммель хэмээх генералаас илүү гарах цэргийн удирдагч байгаагүй гэдэг. Байгуулсан ялалтуудынхаа ачаар Роммель үндэсний баатар болсон бөгөөд олны дунд Гитлерээс илүү нэр хүндтэй болсон юм. Тиймээс өөрийг нь ядах юмгүй авч хаяна гэж эмээсэн дарангуйлагч Эрвинийг хилс хэрэгт унагасан юм. Тэгвэл "Үхэхдээ үхэр буугаа тавина" гэгчээр ухаалаг генерал нацистын эзэмшилд байсан их хэмжээний алтыг нуугаад амиа егүүтгэсэн байдаг. Үүнийг өдгөө "Роммелийн алт" хэмээн нэрлэх болсон бөгөөд үе үеийн эрдэнэсийн ангуучдын толгойн өвчин болж иржээ.

Гитлерт хорлогдсон генерал алтыг нь нууж хариугаа авсан түүх

1 1-р дайны баатар

1941 оны 2-р сарын эхээр генерал Грацианигийн удирдлагад байсан Италийн арми Хойд Африкт байлдаж яваад Британийн урхинд оров. Британийн анги нэгтгэлүүд италичуудын хүнсний цувааг таслаад зогсохгүй бүрэн бүслэлтэд оруулсан тул бууж өгөхийг шаардав. Фашист Италийн дарангуйлагч Муссолини Хойд Африкийн газрын тосны цооногуудыг өөрийн гарт оруулахаар төлөвлөж байсан хэдий ч ийнхүү ялагдал хүлээснийхээ дараа сандарч Гитлерээс тусламж хүсэж эхлэв. Гитлер түүнд тусалснаар Хойд Африкийн газрын тос цаашлаад Суэцийн сувгийг эзлэх боломжтой гэдгийг ойлгосон тул их хэмжээний цэргийн хүч илгээсэн байна. Африк руу илгээх хүчийг удирдах хүнээр 50 настай байсан Эрвин Роммель сонгогдов. Дэлхийн 1-р дайны ахмад дайчин хэд хэдэн чухал тулалдаанд ялалт байгуулсан генерал Роммельд Гитлер тухайн үед бүрэн итгэдэг байсан аж. 

1-р дайны баатар

2 Цөлийн үнэг

1940 онд нацистын гол танкийн дивизийг удирдаж байсан генерал Роммель Франц, Англичуудыг бут цохиход голлох үүрэг гүйцэтгэсэн юм. Үүний зэрэгцээ Дэлхийн 1-р дайнд Роммель Италичуудыг бут ниргэж байсан тул энэхүү шийдвэрийг нэг талаараа Муссолиниг доромжлох зорилготой гаргажээ. Эцэст нь Африк шиг хэцүү газарт их цэргийг удирдах өөр хүн байхгүй гэдэг нь тодорхой байв. Роммель ч үүргээ нэр төртэйгөөр биелүүлж Африкт удаа дараа ялалт байгуулсан бөгөөд Суэцийн суваг, тэр бүү хэл Каир хотыг эзлэн авах дөхсөн гэдэг. Ийнхүү цөлийн тулалдаанд гарамгүй гэдгээ харуулсан учраас Роммель "Цөлийн үнэг" гэх хочтой болжээ. 

Гэвч Германы дээд командлал түүнд амласан нэмэлт хүчээ өгөөгүй тул давшилт нь зогссон байна. Учир нь энэ үеэр ЗХУ-тай хийх дайн эхэлсэн тул илүү хүч илгээх боломж гараагүй гэнэ. Яваандаа Роммелийн цэргүүд хангамжгүй болох дээрээ тулав. Үүний хажуугаар Африкт холбоотнууд тоогоор илүүрхэж эхэлсэн тул нацистууд ялагдал хүлээж 1944 онд нутаг буцсан байна.

Цөлийн үнэг

3 Роммелийн алт

Роммелийн цэргүүд бусад нацистуудаас ялгаатай нь харгислал огт үйлддэггүй байв. Тэр бүү хэл Роммель өөрөө еврейчүүдтэй зүй бус харьцаж болохгүй хэмээн тушаал гаргасан юм. Үүний ачаар түүний удирдлагад байсан цэргүүд дайны дараа шүүхээр орсон ч дайны гэмт хэрэг огт үйлдээгүй нь тогтоогдсон юм.

1942 оны байдлаар Хойд Африкт хагас сая еврей гаралтай иргэд байсан гэх тооцоо бий. Тэдэнд нацистууд Европт байсан шигээ харгис хандаагүй ч дээрээс ирсэн тушаалын дагуу зарим нэг байдлаар хавчих ёстой байжээ. Тухайн үед бүс нутгийн иргэд газрын тос болоод бас бусад байгалийн баялгийн ачаар багагүй хөлжсөн байсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Үүний дагуу хойд африкийн еврей нар бараг европчуудаас чинээлэг байсан юм. Тиймээс нацистуудад эзлэгдсэн нутгийн еврейчүүд өөрсдийн аюулгүй байдалд санаа зовсон учраас цэргүүдэд ямар ч асуудалгүй хахууль төлж эхэлсэн байна.

Роммелийн алт

Үүний зэрэгцээ еврейчүүдийг албадан хөдөлмөр эрхлүүлэх шийдвэр Берлинээс ирэх үед Роммель татвар төлсөн хүмүүсийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргажээ. Ийнхүү цугларсан мөнгийг харамсалтай нь Герман руу шилжүүлэх боломжгүй байсан тул Роммель алт болгоод хадгалах шийдэл нэвтрүүлжээ. Хэдхэн жилийн дотор хагас сая гаруй иргэдээс багагүй хэмжээний мөнгө цугларсан нь мэдээж. 

1943 оны хавар гэхэд еврейчүүдээс зөвхөн албан ёсны байдлаар 50 сая франк (өнөөгийн ханшаар 500 сая ам.доллар) хураан авсан байдаг. Мөн олон тооны урлагийн эд зүйлс, үнэт эдлэл, тавилга, торго гэх мэт зүйлс германчуудын гарт шууд оржээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөөгийн ханшаар "Роммелийн алт" 6 тэрбум ам.доллартой тэнцэх гэнэ. 

4 Азгүйтэл

Ямартай ч ухралт эхлэх үеэр цуглуулсан олзоо нацистууд бушуухан Тунисын боомт руу аваачиж Герман руу илгээхийг завджээ. Харамсалтай нь үүний дараа юу болсон нь тодорхойгүй байна. Алтыг ачсан хөлөг онгоц шууд Итали хүрэх ёстой байсан ч Холбоотнуудад баригдах шахсан тул Корсика арал дээр нуугдахаар шийдсэн байна. Тухайн үед буюу 1944 оны байдлаар Германы улс төрийн байдал туйлын тогтворгүй болов. 

Дайнд ялагдаж буйгаа ухаарсан хэсэг бүлэг нөлөө бүхий нацистын офицерууд нийлэн Гитлерийн амийг хөнөөн улс орноо аврах төлөвлөгөө зохиосон нь бүтэлгүйтэж бүгд цаазлуулав. Үүний нөлөөгөөр дэргэдэх хүндээ итгэхээ байсан дарангуйлагч галзуурах дөхөн ойрын холбоотнуудаа хүртэл хардаж эхлэв. Тиймээс өөрөөс нь илүү нэр хүндтэй Роммелийг дээрх төлөвлөгөөнд оролцсон хэмээн сэжиглэж хилс хэрэгтэн болгов. 

Ийнхүү 1944 оны 10-р сарын 14-нд "Цөлийн үнэг" Эрвин Роммель Германы удирдагч Адольф Гитлерийн амийг хөнөөх төлөвлөгөөнд оролцсон хэмээх хэрэгт оров. Түүнд шууд цианид ууж амиа егүүтгэх эсвэл эх орноосоо урвасан хэргээр шүүхээр шийтгүүлэх гэсэн сонголт өгсөнд тэрээр цианидыг сонгосон байна. Энэ зуур харин Роммельд Гитлерийг чадах чинээгээрээ хорлох санаа төрж өнөөх Корсика арал дээр гацсан алтыг хэн ч олохооргүй газар нуух тушаалыг илгээжээ. Тийм их алт дарангуйлагчид бага ч гэсэн тус болох байсан нь мэдээж. 

Азгүйтэл

5 Алтны эрэлд

"Роммелийн алт"-ыг хайх анхны албан ёсны эрлийг 1952 онд мэргэжлийн хайгуулч Анри Эллет хийсэн байна. Гэвч хайгуулын баг хэд хэдэн асуудалд автав. Эхлээд тэдний дарвуулт онгоцны шургааг гэмтсэн бөгөөд мэргэжлийн шумбагчдын нэг нь нууцлаг нөхцөлд нас барсан тул аяллаа өндөрлүүлэхээс өөр аргагүй болов. Үүний дараа Германы нэгэн телевиз 1966 онд тусгай хайгуулчдын багийг илгээв. Тэд онцгой тусгай радар ашиглан далайн эрэг ба усан доорх бүх агуйг сайтар самнасан байна. Гэвч эдгээр оролдлогууд ямар ч үр дүнд хүрсэнгүй.

"Роммелийн алт"-ыг Британийн хайгуулч Терри Ходкинсон тэргүүтэй хүмүүс хайсан боловч мөн л бүтэлгүйтэв. Гэхдээ Терри 15 жилийн хайгуулын эцэст алтыг зөөж явсан төмөр хайрцгийг олсон гэж мэдэгджээ. Гэхдээ алт хаана байгааг тогтоож чадаагүй юм. Өнөө цагт ч гэсэн олон арван хайгуулчид "Роммелийн алт"-ын хойноос хөөцөлдсөн хэвээр байна.

Алтны эрэлд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()