"Сав хөөрөх" гэдэг нэр томьёо өдгөө сэтгэцийн шинжлэх ухаанд истери гэдэг үгээр ном хэвлэлд бичигддэг болсон. Энэ нь сэтгэцийн шалтгаантай голдуу унах, татах хэлбэрээр илэрдэг эмгэг юм. Тайлагдаагүй стресс хуримтлагдсаар ямар нэгэн сэтгэцийн өвчин үүсгэдэг болохын нэг нь истери юм. Истерийг сэтгэцийн өвчин гэж нэрлэхээсээ илүү сэтгэцийн эмгэг гэж үздэг.
Уг өвчин маш олон илрэлтэй бөгөөд тухайн цаг үе, тухайн хүний онцлогоос шалтгаалдаг гэнэ. Жишээ нь истерийн уналт, таталтын хэлбэр өнөө үед зонхилж байгаа бол эрт дээр үед истерийн сохролт, дүлийрэлт зонхилж байсан аж.
Товчхондоо истери гэж юу болохыг томьёолбол уурлах бухимдах, сэтгэлийн таагүй цочролуудын улмаас бусдын анхаарлыг татан ямар нэгэн байдлаар илэрдэг эмгэг юм. Истеритэй зарим хүмүүс өөрийнхөө энэ байдлыг мэддэггүйн улмаас тухайн нөхцөл байдлаас айж шинж тэмдгээ лавшруулдаг бол зарим нь энэ байдлаасаа тайвшрал авч өөртөө аюулгүй гэдгийг мэдэрснээр үе үе давтагдсан, харьцангуй сул илрэлтэй болдог.
Фрейд энэхүү нээлтээ бусдад түгээхийг хүссэн боловч хүмүүст яг нарийн тайлбарлах боломжтой арга замыг олж чадаагүй байна. Удалгүй тэрээр өвчтөний сэтгэцийн эмгэгийн шинж тэмдгийг зүгээр л түүний төсөөлөл, дэмийрлийн талаар дүрслэн ярихыг асуух замаар эрчимтэйгээр бууруулах аргыг олсон нэрт эмч Жозеф Броертой танилцсан юм. Броер өвчтөнийхөө өнгөрсөн таагүй үйл явдлынх нь дурсамжтай танилцуулахаар ховс хэрэглэж байжээ.
"Истери дээр хийгдсэн судалгаа" (1885) нийтлэлдээ Фрейд, Броер нар ухамсарт дарагдсан дурсамжуудыг суллан гаргах арга зам олсон гэж үзсэн. Энэ арга нь өвчтөнүүдийг дурсамжаа ухамсартайгаар сэргээн санаж туршлагатайгаа сэтгэл хөдлөл болон оюун ухааны түвшинд нүүрэлдэх боломж олгодог. Броер Фрейдын бэлгийн гарал угсаа, неврозын (сэтгэлзүйн зөрчлөөс үүссэн асуудал) талаарх ойлголтыг хэт дөвийлгөн үзэж байгаатай санал үл нийлэн Фрейдыг орхижээ. Ингэснээр Фрейд өөрийн сэтгэл судлалын санааг цаашид хөгжүүлж чадсан байдаг.
Тэрээр истери мэтийн сэтгэцийн эмгэгийг анагаахдаа дараах таван онолыг нэвтрүүлсэн нь чухамдаа сэтгэцийн эрүүл мэндийн салбарыг үүсгэсэн гэж хэлж болно.
- Бидний санаа бодол, дурсамж, мэдрэмжүүд сэтгэхүй маань хүлээн авахад хэт цочирдом эсвэл хэцүү байвал тэдгээр нь дарагддаг.
- Дарагдсан бодол, мэдрэмж, дурсамжууд бидний ухамсарт маань шууд үл хүрч чадах газар буюу үл дарагдсан дурсамжид хадгалагддаг.
- Дарагдсан дурсамж нь хувь хүний бодол, үйл хөдлөлийг чимээгүй чиглүүлдэг.
- Бидний үл дурсамж болон ухамсарт бодлуудын хоорондох зөрөө сэтгэцийн дарамтыг бий болгодог.
- Зөвхөн психоанализын аргаар дарагдсан дурсамжуудыг ухамсарт гаргаж ирэхэд сэтгэцийн дарамт арилдаг.
Фрейд Австри улсад алдарт Психоаналитик нийгэмлэгээ байгуулж бусдыг өөрийнхөө аргад сургах замаар өнөөгийн сэтгэц судлалын салбарыг үүсгэсэн юм.