1
Үүссэн түүх
Стэнфордын их сургуулийн компьютерын ухааны төгсөгч До Квон 2018 онд "Terraform Labs" компанийг үүсгэн байгуулсан бөгөөд 2019 оны 2-р сард "Luna" койныг зах зээлд гаргасан. Тус койн "Terra Labs"-ийн боловсруулсан блокчэйнд суурилсан төсөл болох Terra сүлжээний үндсэн крипто валют юм. Үүний хажуугаар тус компани "TerraUSD" хэмээх койн 2020 гаргасан байдаг.
"Terraform"-ийн экосистемд 100 гаруй төслүүд багтдаг. Эдгээрт Non fungible token буюу (NFT) цуглуулгууд, төвлөрсөн бус санхүүгийн (DeFi) платформууд болон Вэб 3 програмууд орно.
Stable койн нь тодорхой төрлийн криптовалют бөгөөд үнийг нь ихэвчлэн АНУ-ын доллар зэрэг улсын үнэт цаасны валюттай холбодог. Terra блокчэйн дэх stable койн ялгаатай болгодог зүйл бол үнийн тогтвортой байдлыг хангахын тулд ашигладаг алгоритм юм.
Luna-гийн үүрэг бол UST stable койныг 1 ам.доллартой тэнцүү байлгах. UST-гийн эрэлт нэмэгдэх эсвэл буурах үед алгоритмын тусламжтайгаар LUNA койн UST-рүү хөрвөн нийлүүлэлтийг зохицуулж байдаг. Энэхүү алгоритм нь 1 ам.долларын үнэлгээтэй Luna-г 1 UST-гээр сольдог аж.
Үүний дагуу тогтвортой UST-ийн зах зээлийн үнэлгээ 2021 оны эхээр 180 сая доллар байсан бол 2022 оны гуравдугаар сард бараг 15 тэрбум доллар болж өссөн бөгөөд Luna-ийн үнэ 138 дахин өссөн байдаг.
Харамсалтай нь CoinMarketCap-ийн мэдээлснээр зах зээлийн үнэлгээгээр гурав дахь том тогтвортой койн болох Terra-гийн UST энэ долоо хоногийн эхээр 0.90 ам.доллароос доош бууж бараг 0 ам.долларт хүрч Luna Foundation Guard UST-г тогтвортой болгохын тулд 1.5 тэрбум долларын зээл авсан ч үр дүнд хүрээгүй байна.
"Terra" бол өөрийн гэсэн долларт суурилсан тогтвортой койн UST-гээс хамааралтай. Банк дах бэлэн мөнгө, хөрөнгөөр баталгааждаг USDC болон Tether-ээс ялгаатай нь UST бол Terra-гийн уугуул хөрөнгө болох Luna-тай алгоритмын харьцаагаар дамжуулан ам.доллартой 1:1 харьцаатай байхаар бүтээгдсэн. Өөрөөр хэлбэл Luna-г үйлдвэрлэхэд UST-г шатаах шаардлагатай гэсэн үг.
UST-гийн зах зээлийн үнэлгээ 1.8 их наяд ам.доллароос 1.4 их наяд ам.доллар болж өөрчлөгдсөнөөр амралтын өдрүүдэд тогтвортой койны ханш 0.985 ам.доллар болж буурсан. Иймд "Terra" койны эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалахын тулд биткойноор 750 сая ам.долларын нөхөн олговор олгосон ч үр дүнд хүрээгүй гэнэ.
2
Яагаад унах болов?
Өнгөрсөн амралтын өдрүүдээр бүх зүйл эхэлсэн юм. Гэнэт криптовалютын арилжаачид 2 тэрбум гаруй ам.долларын үнэ бүхий UST-г бэлэн мөнгөөр сольсон байна. АНУ зээлийн хүүг нэмэхтэй зэрэгцэн хөрөнгийн зах зээлд савалгаа үүссэнээс болоод ер нь бүх л криптовалютын ханш унаж байгаа. Тиймээс арилжааны мэргэжилтнүүд илүү гэж үзсэн койноо зарахыг зөвлөж байгаа нь нууц биш. Гэхдээ үүний хажуугаар "Terra"-гийн системд халдлага өртсөн байх магадлалтай гэсэн онолыг зарим хүмүүс дэвшүүлээд байна.
Ямартай ч ийм их хэмжээний койн шууд зах зээлд орж ирснээр Terra-ийн койнууд үнэгүйдэж эхэлжээ. Зарим хүмүүс 90 центийн үнэ бүхий UST-г 1 доллароор солихыг оролдсон боловч нэг асуудал тулгарав. Ханшийн савалгаа үүсэхээс сэргийлэх үүднээс өдөрт зөвхөн 100 сая долларын үнэ бүхий UST-г "Luna" шатаах боломжтой тохиргоотой байдаг. Үүнийг мэдсэн арилжааныхан койны ханш навс унахаас өмнө байгаа UST-ээ зарж дуусгахаар хошуурчээ. Ингээд мягмар гарагт дахин олон тэрбумын үнэ хүрэх UST зах зээлд орж ирэв. Ийнхүү "Terraform"-ийн койнууд долоохон хоногийн дотор 99.9 хувийн үнэлгээгээ алджээ.
3
"Terraform"-ийн баг ямар арга хэмжээ авч байна?
"Terraform"-ийн зүгээс Нью-Йоркийн цагаар пүрэв гарагийн орой сүлжээгээ тасалжээ.
Тус компанийн зүгээс "Terra blockchain-ий 7607789 блокыг албан ёсоор зогсоосон болно. Бид сүлжээг сэргээж, койны ханшийг тогтворжуулах хүртлээ сүлжээг зогсоох шийдвэр гаргалаа" хэмээн жиргэжээ.
Сүлжээ зогсох үед Luna-гийн ханш ойролцоогоор 0.008 ам.доллар, UST 0.1806 ам.доллар байсан гэнэ. Одоогийн байдлаар "CoinMarketCap" Luna-г D-List хийн хассан бол "Binance" ойрын хугацаанд ижил шийдвэр гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.
4
Үүсгэн байгуулагч нь юу гэж хэлэв?
Мөн компанийн захирал До Квон твиттер хуудсаараа дамжуулан 5-р сарын 11-нд дараах мэдэгдлийг гаргажээ.
Эрхэм хэрэглэгч нарт:
Өнгөрсөн 72 цаг та бүхний хувьд маш хэцүү байсныг би ойлгож байна. Энэхүү хямралыг даван туулахын тулд хүн бүртэй хамтран ажиллахаар шийдсэн гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна. Бид ингэж чадвал хямралыг амархан даван туулах болно.
Одоогийн нөхцөл байдлын тойм: UST одоогоор 50 центээр арилжаалагдаж байгаа нь төлөвлөсөн 1 ам.доллароос нэлээд доогуур байна.
Үнэ тогтворжуулах механизм нь UST нийлүүлэлтийг шингээж байгаа (нийт нийлүүлэлтийн 10 гаруй хувийг эзэлдэг), гэхдээ ийм их хэмжээний тогтвортой койныг нэгэн зэрэг шингээх чадал манай серверт байхгүй. Үүнээс болоод" Luna"-гийн ханш огцом унасан юм.
Юуны өмнө одоо үлдсэн цорын ганц зам бол UST буюу тогтвортой койны нийлүүлэлтийг шингээх явдал юм. Үүнийг тойрч гарах арга алга. Бид нийлүүлэлтийг шингээх механизмд туслах хэд хэдэн засаж залруулах арга хэмжээг санал болгож байна.
Нэгдүгээрт, бид олборлолтын хүчин чадлыг 293 сая ам.доллароос 1.2 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдүүлнэ. Үүний цаад үйл ажиллагааг дараах линкээс орж үзэх боломжтой.
https://station.terra.money/proposal/1164
Энэхүү систем UST-ийг илүү хурдан шингээх боломжийг олгоно. Одоогийн блокчэйн UST-г хэдий хурдан шингээнэ тэр чинээгээр ханш нь тогтвортой болно. Мэдээжийн хэрэг энэ нь түр зуурын арга учраас цаашид бид өндөр өртөгтэй боловч шинэ хөрөнгө оруулагч татах, UST-ийн нийлүүлэлтийн хэт ачааллыг бууруулах янз бүрийн хувилбаруудыг үргэлжлүүлэн судална.
"Terra" экосистем нь криптовалютын салбарын хамгийн идэвхтэй системүүдийн нэг бөгөөд манай баг олон зуун хүсэл эрмэлзэлтэй залуучуудаас бүрдсэн. Үүний ачаар бид 5-р сарыг амжилттай даван туулаад зогсохгүй ирээдүйд учирч болох өөр бусад бэрхшээлтэй ч тулж чадна. Багахан саад ирээдүйн боломжийг тань үгүй хийж чадахгүй гэдгийг санаарай. "Terra" удахгүй өнгө төрхөө бүрэн өөрчлөөд эргэж ирэх болно" гэжээ.
5
Шинээр хийгдэж буй хэлцлүүд
Хөрөнгө оруулалтын "GAM Holding AG" компани "Luna" болон "UST"-г аврах үүднээс "Terraform Labs"-тай хэлэлцээр хийж 3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Энэхүү арга хэмжээ нь UST-ийн ам.доллартай харьцах ханшийг сэргээх зорилготой юм.
Ийнхүү их хэмжээний бэлэн мөнгө орж ирсний хүчинд UST-ийн илүүдэл нийлүүлэлтийг шингээх хүчин чадал нэмэгдэж ханш нь тогтворжино гэсэн найдвар үүсжээ.