Үнэн хариулж болохгүй 10 асуулт

Хэрэв хүн бүр үнэнээ хэлэх хуультай байсан бол дэлхий тэр чигтээ цусан далайд будагдаж, хүн амын тоо 3 дахин буурах байсан биз. Тийм ч учраас заримдаа үнэн үгс хэлж дотнын хүнийхээ сэтгэлийг сийчиж байснаас худал үгсээр ч хамаагүй тэдэндээ урам зориг бэлэглэсэн нь дээр байдаг. Ингээд яасан ч үнэнээр нь хариулж болохгүй 10 асуултыг та бүхэндээ танилцуулж байна.

Үнэн хариулж болохгүй 10 асуулт

1. Чи намайг хуураад байгаа юм уу?

Зарим хосууд хайр дурлалын харилцаагаа эхлүүлэхээсээ өмнө юу ч болж байсан, бүүр хуурч мэхэлсэн ч бай хамаагүй зөвхөн үнэнээ хэлэх тангараг тавьдаг. Гэвч иймэрхүү асуудлаа ил болгосноор хэрүүл маргаан үүсдэг ба цаашлаад салалтаар дуусах нь бий.

Хамтрагч тань "Чи намайг хуураад байгаа юм уу?" гэж асуух үедээ "Үгүй" гэсэн хариулт сонсох чин хүсэлтэй байдаг нь тодорхой. Мэдээж хүн бүр л хайртай хүнийхээ хувьд цор ганц, давтагдашгүй нэгэн байхыг хүсдэг шүү дээ. Тийм учраас та харилцаагаа жаахан ч гэсэн үнэлдэг бол хардалтын шинжтэй асуултад "Үгүй" гэж итгэлтэй хариулж сур. Учир нь худлаа хэлээд ч хамаагүй харилцаагаа аварч үлдэх хэрэгтэй юм. Хэрэв үнэнээ хэлэх юм бол түрхэн зуурын алдаанаасаа болж хайртай хүнээ бүр мөсөн алдаж, түүнээс чинь илүү гарах нэгэн өөр хаана ч байхгүйг ухаарч бүх насаараа өөрийгөө зэмлэхэд хүрнэ шүү.

2. Сонин сайхан юу байна?

Хэн нэгний хэзээ дуусах нь мэдэгдэхгүй амьдралын үргэлжилсэн түүхийг сонсож сууснаас дэмждэггүй хөл бөмбөгийн багуудынхаа тоглолтыг үзсэн нь хавьгүй дээр байх болов уу? Эцсийн эцэст ихэнх хүмүүс энэ асуултыг ёс болгож л асуудаг шүү дээ. Тийм учраас тэдэнд таны үйл хэрэг огтхон ч хамаагүй гэдгийг санаад сонин сайхан юу байна гэдэг асуултад хариулахдаа далан булчирхайгаа тоочилгүйгээр зүгээр л "Тайван даа" гэж хэлээд инээмсэглэж байгаарай.

3. Та яагаад манайд ажиллахыг хүсэж байна вэ?

Ажил олгогчдын хүлээлт үүсгэн асуудаг энэ асуултад "Өөр аятайхан газар олдохгүй байсан юм аа", "Танайхаас бусад нь туршлага нэхээд байна", эсвэл "Эхнэр ажилд ор гээд хөөгөөд байсан юм аа" гээд чин үнэнээрээ хариулчихмаар санагддаг л биз дээ? Гэвч ажилгүй хоцрохыг хүсээгүй л бол тэгж хариулж болохгүйг та ч, би ч сайн мэднэ. Тийм учраас эелдэг хариултууд бодож олцгооё. Жишээлбэл, "Танайхаас гаргасан ажил хүсэгчдэд тавигдах нөхцөлүүдийг уншаад би өөрийгөө тэдгээр шаардлагад нийцэх хүн мөн гэж тодорхойлсон", "Танай байгууллагаас явуулж буй үйл ажиллагаанд үйлчлүүлэгчид сэтгэл ханамжтай байдгийг би мэднэ. Тийм учраас ийм амжилттай компанийн нэг хэсэг болж өөрт байгаа олон санаагаа та бүхэнтэй хуваалцаж, хамтдаа хэрэгжүүлэхийг хүсэж байна. Мөн танай байгууллагын сайн ажилтнуудын нэг болохын төлөө чин сэтгэлээсээ хичээх болно гэдгээ хэлэхэд таатай байна" гэх мэт. Худлаа ярих тийм ч хэцүү биш байгаа биз дээ?

4. Танайд сул ажлын байр байхгүй биз?

Хэрэг гармагц таныг хаанаас ч юм бэ олоод гэв гэнэт холбоо барьж, учиргүй дотно болж жүжиглэдэг хоёр нүүртэй хүмүүст туслахад дэндүү хайран. Тийм хүмүүс ихэвчлэн таны тухай, ажлын чинь талаар, бүр авдаг цалингийн чинь хэмжээг судлаад мэдчихсэн байдаг бөгөөд түүнийгээ ярианыхаа аль нэг хэсэгт заавал хавчуулж танд худлаа ярих хэрэггүй шүү гэдгийг сануулдаг. Хэрэв та тийм хүнтэй өдөр бүр тааралдахыг хүсэхгүй байгаа бол ажил дээр чинь цомхтгол явагдаж байгааг эсвэл цалингаа цагт нь өгдөггүй гэдгийг сонирхуулаад туслах ямар ч боломжгүйгээ эвтэйхэн илэрхийлэх хэрэгтэй юм.

5. Би тарган байна уу?

Хайртай хүн чинь тарган байсан ч таны нүдэнд хэзээ ч тарган харагдах ёсгүй. Бүр тарган харагдаж байсан ч та түүнийг тарган гэж хэлж болохгүй. Хэрэв ингэж асуусан бол эмэгтэй хүн аль хэдийн илүүдэл жинтэйгээ тэмцээд эхэлчихсэн байдаг учраас та үнэнээр нь хариулаад юуг ч өөрчилж чадахгүй гэдгийг сана. Түүний асууж байгаа ганц шалтгаан бол тэр танд таалагддаг хэвээрээ байна уу гэдгийг л шалгах юм шүү дээ. Тиймээс бодож байгаа бүхнээ яг үнэнээр нь хэлчих юм бол бүсгүй чинь гомдоод сэтгэл санааны гүн хямралд ороод зогсохгүй тарган гэж хэлсний чинь хариуд өөртөө ч ойртуулахаа больж, илүүдэл жингийнхээ талаар өдөр шөнөгүй залхтал чинь ярих болно шүү.

6. Хаана явж байна?

Төв талбай дээр 14.00 цагаас уулзахаар тохирсон хүн чинь товлосон цагаасаа 10 минутын өмнө тань руу залгахад та гэрээсээ гарах нь бүү хэл хувцсаа ч өмсөөгүй байна уу? Уг нь үнэнээ хэлмээр байгаа ч өөрийнхөө хариуцлагагүй байдал, мартамхай занг илчилж тухайн хүнийхээ урмыг хугалмааргүй санагддаг биз дээ. Тийм бол "Хаана байна?" гэсэн асуултад хаана байгаагаа бүгдийг нь тайлагнахын оронд зүгээр л "Очиж явна. Түгжрэлд гацчихлаа" гэх мэтээр эвтэйхэн аргалаад өнгөрүүлээрэй. 

7. Дөхүүлээд өгч чадах уу?

Зам огтхон ч нийлэхээргүй байхад гэрт нь хүргээд өгөхийг гуйдаг хүмүүс танаар үнэгүй жолооч хийлгэснийхээ хариуд  аяга кофе аваад өгье ч гэж боддоггүй. Өөрийн гэсэн машингүй зарим хүмүүс бензин үнэгүй зарагддаг эсвэл замд түгжрэл үүсдэггүй л гэж боддог байх. Тийм учраас өөрийн үнэт цаг, хүч хөдөлмөрөө зүгээр л салхинд хийсгэхийг хүсээгүй бол яаралтай явах хэрэгтэйгээ эвтэйхэн хэлээд болгоомжтой харихыг эелдгээр хүсэж сураарай. 

8. Бэлэг таалагдсан уу?

Мэдээж та үнэтэй ресторан түрээсэлж, амттан бэлдэж, төрөл бүрийн тоглоом наадам зохион байгуулчхаад өөдөсхөн жижигхэн чихмэл тоглоом, үсэнд чинь тохирдоггүй шампунь бэлгэнд авахыг хүсээгүй л байж таарна. Гэхдээ өгч байгаа хүнийхээ сэтгэлийг бодоод хүчээр ч хамаагүй инээмсэглэн ямар их баярлаж байгаагаа хэл. Хүний өгсөн бэлгийг голно гэдэг бол хамгийн бүдүүлэг үйлдэл. Тийм учраас сэтгэл, цаг заваа гаргаж бэлэг бэлдсэн хүн бүрд соёлтой хандаж сураарай. Учир нь төрсөн өдрийнхөө зохион байгуулалтад маш их зарлага гаргаснаас болоод таны амьдралын түвшин буурчхаагүй л байна шүү дээ. 

9. Шинэ найз бүсгүй маань таалагдсан уу?

Яг үнэндээ бол “Харьцаж байгаа охин чинь чиний хөрөнгөнд л болжээ дээ. Эртхэн больсон нь дээргүй юу” гэж итгэлтэй хэлж зөвлөдөг найз хүнд цөөхөн байдаг.  Гэхдээ таны найз чин сэтгэлээсээ дурлачихсан аз жаргалаар бялхаж, тухайн хүнийхээ талаар муу зүйл бодох ч завгүй явж байвал тэр дүрэлзсэн сэтгэлийг нь унтрааж урмыг нь хугалах гэсний хэрэггүй. Найзын чинь найз бүсгүй үнэхээр бүтэхгүй хүн бол цаг хугацааны эрхээр тэр өөрөө олоод мэдчихнэ. Тийм учраас яаран дүгнэлт хийж бусдын харилцааг, өөрийнхөө нөхөрлөлийг ч сүйрүүлэх гэсний хэрэггүй. Өөрийнхөө эмэгтэйг тэр хүн муулаагүй байхад өрөөлийн эмэгтэйг муулах эрх танд байхгүй шүү дээ. 

10. Энэ газар чамд таалагдахгүй байна уу?

Хэрэв сайн танихгүй хүн чинь танаас улс орны эдийн засгийн асуудалд хэр сэтгэл хангалуун байдаг эсэхийг,  ажил, амьдрал чинь хэр бүтэмжтэй байгаа талаар, тулгарч буй бэрхшээлүүдээ хэрхэн шийддэг болохыг тодруулбал үргэлж эерэг хариулт өгч байгаарай. Мөн бараг л танихгүй хүнд сэтгэл санаа, бодож явдаг бүх зүйлсээ дэлгэхгүй байхыг хичээгээрэй. Орчин үед танихгүй байтугай сайн танил хүндээ ч итгэхэд бэрх болсон гэдгийг санаж, үргэлж араа бодож байхыг зөвлөж байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()