Боловсролын тогтолцоогоор дэлхийд тэргүүлэгч Сингапур улс

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас дэлхийн 76 орны дунд сургуулиудын чансааг гаргасан бөгөөд ингэхдээ дунд сургуулийн 15 хүртэлх насны сурагчдын математик болон шинжлэх ухааны мэдлэгийг гол үзүүлэлт болгосон байна. Дэлхийн шилдэг их сургуулиудын чансааг тодорхойлоход Азийн таван сургууль эхний байруудыг эзэлжээ. Харин тэргүүн байранд Сингапур улс бичигдсэн байна.

Боловсролын тогтолцоогоор дэлхийд тэргүүлэгч Сингапур улс

Сингапур нь 1965 онд тусгаар тогтнох үедээ байгалийн нөөц баялаг, цэнгэг ус хомс, хүн амын хурдан өсөлттэй, орон сууцны нөхцөл тааруу, угсаатан ба шашны бүлгүүдийн зөрчилд автсан ядуу, жижиг улс байв. Тухайн үед суурь боловсролын тогтолцоо байгаагүй ба ахлах сургууль болон коллеж төгссөн хүмүүс цөөн байв. Харин өнөөдөр Сингапур улс дэлхийн худалдаа, санхүү, тээврийн гялалзан мандаж буй төв болжээ. Ядуу буурай гурав дахь ертөнцөөс хөгжингүй ертөнцийн орон болсон энэ улсын шилжилт Азийн их амжилтын нэг түүх юм.

Сингапурын сурагчид Математик, шинжлэх ухааны сургалтын олон улсын чиг хандлага (TIMSS)-ын үнэлгээрээр 1995, 1999, 2003, 2007 онуудад дэлхийн тэргүүлэх орнуудын нэгээр шалгарчээ. Мөн 2006 онд Олон улсын унших чадвар, бичиг үсгийн сургалтын прогресс (PIRLS) үнэлгээгээр дөрөвт орсон байна. Үүгээр ч зогсохгүй 2019 онд PISA судалгаанд хамгийн шилдэг гүйцэтгэлтэй орны нэг болж 2020 явуулсан Мак Кинсэйн судалгаагаар Сингапур нь хамгийн шилдэг гүйцэтгэлтэй боловсролын системийн нэг болсон юм. Харин IMD World Competitiveness Yearbook-2019-д өрсөлдөөний эдийн засгийн хэрэгцээг хамгийн сайн хангасан үзүүлэлтээр нэгдүгээр байранд үнэлэгдэв. Дээд боловсролын түвшинд 2020 онд “Times Higher Education Supplement Rankings of World Universities” гэх үнэлгээгээр Сингапурын үндэсний их сургууль дэлхийд 24, Ази тивд 1-р байранд эрэмбэлэгджээ.            

Сингапурчуудын өөрсдийн хэлдгээр газрын зураг дээрх энэ жижиг улаан цэг, бий болоод 50 жил ч болоогүй үндэстэн энэ богино хугацаанд хэрхэн буурай хөгжилтэй эдийн засгаас дэлхийн эдийн засаг, боловсролын манлайлагч болж хувирсан бэ? Сингапур боловсролын ямар бодлого, туршлага хэрэглэв? Сингапурын туршлагаас сурах зүйл бусад оронд бий юу?

Энэхүү бяцхан орон нь эдийн засаггүй, батлан хамгаалах хүчгүйн дээр өөрийн хөрш орнуудтай сөргөлдөөнт нөхцөлд оршиж байв. Үүнээс гадна ихэнх хүнс, ус, эрчим хүчээ импортоор авна. Тухайн үед Сингапурын Бүгд Найрамдах Улс дэлхийн эдийн засаг, боловсролын хүчирхэг улс болно гэхэд эргэлзээтэй харагдаж байв.    

Үүссэн цагаасаа том улсууд, дэлхий дахины өөрчлөлтийн нөлөөгөөр улс төр, эдийн засгийн эмзэг нөхцөл буюу эрсдэлд байсан энэ үндэстэнд зүг чигээ түргэн олох торгон мэдрэмж суужээ. Сингапурын анхны Ерөнхий сайд Ли Куан Ю маш том хоёр зорилго тавьсан байна.

  1. Орчин үеийн эдийн засгийг бүтээн босгох
  2. Сингапурын үндэстэн гэх нэгдмэл үзэлд суурилсан ухамсар бий болгох

Тэрээр эхэн үеийн өөрийн засгийн газарт хамгийн шилдэг, мэдлэгтэй хүмүүсийг авч ажиллуулж, эдийн засгийн өсөлтийг тэтгэн ажлын байр бий болгохоор зорьжээ.

1960-аад онд ур чадвар багатай ажиллах хүчнээ ажлаар хангахын тулд ажиллах хүчин олноор шаарддаг гадаадын үйлдвэрүүдийг татаж оруулж ирэхэд чармайн анхаарсан ажээ. Харин 1970-80-аад онд ур чадвар шаардсан үйлдвэрлэлд шилжсэн нь техникийн салбарт илүү ач холбогдол өгөхөд хүргэсэн байна. 1990-ээд оны дунд үеэс Сингапур нь судалгаа-инноваци шаардсан үйлдвэрлэлийг түлхүү дэмжиж, дэлхийн өнцөг булан бүрээс эрдэмтэн судлаачид, судалгааны компаниудыг татаж оруулж ирснээр дэлхийн мэдлэгийн эдийн засгийн тоглогч болохоор хичээж байна.

Засгийн газрын эдийн засгийн бодлого гайхалтай үр дүн өгсөн. Эдийн засгийн түргэн өсөлт нь хөгжингүй орнуудын түвшинд хүрч, өнөөгийн зах зээлийн ханшаар нэг хүнд оногдох ДНБ нь 52,000 орчим сингапур доллар (32,000 ам. доллар) болжээ.

Орчин цагийн Сингапурт боловсрол нь эдийн засаг ба үндэстнийг хөгжүүлж, бүтээн босгож буй тоосго юм. Ерөнхий сайд Го Чок Тонгийн хэлснээр “Үндэстний баялаг хүмүүст нь бий” гэдэг үгийг тэд маш сайн ойлгодог. Бүгд найрамдах улс байгуулагдсанаас хойш байгалийн баялаггүй энэ улсын эдийн засгийн хөгжил, үндэстнийх нь нягтралын түлхүүр гэх боловсролын үнэ цэнэ Сингапурын ахмад үеийн удирдагчдын үгэнд тодорхой байдаг.

Гэвч хүүхэд бүрийг тэтгэн хөгжүүлэх тухай үгс нь зөвхөн улс төрийн уран үгс биш юм. Боловсролын салбарт их хэмжээний санхүүгийн нөөцөөр хөрөнгө оруулах хүсэл эрмэлзлэл шат бүрд дагаж байна. Боловсролын салбарт зарцуулах хөрөнгө 2020 онд ДНБ-ний 3.69-тай тэнцсэн ба энэ нь засгийн газрын нийт төсвийн 20 хувь байж, батлан хамгаалахын дараагаар оржээ.

Тус улс бага ангид нь бүх сурагчдад математик, шинжлэх ухааны бат бэх суурь бий болгосон нь сурагчдын хожуу гаргах амжилтын цөм хэсэг байж болох юм. Бага дунд сургуулийн түвшинд математик, шинжлэх ухаан нь сурагч бүрийн судлах ёстой цөм хичээл юм. Сурагчид бага сургуулийн 1-р ангид орох үед математик, 3-р ангиас шинжлэх ухааны хичээл судалдаг байна. Ахлах ангиас сонирхсон сурагчдад зориулан дээд түвшний математикийн тусгай хичээлүүдийг заадаг.  Харин дээд боловсролын түвшинд хөтөлбөрийн талаас илүү нь шинжлэх ухаан, технологид чиглэдэг ажээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()