Хамгийн олон удаа хулгайлагдаж байсан урлагийн бүтээл

1432 онд Данийн зураач Ян ван Эйк өөрийн дүү Хубертын тусламжтайгаар "Ариун хурганы тахилга" хэмээх шилдэг бүтээлээ дуусгаж хожим Бельгийн Гент хотын Гэгээн Баво сүмд дэлгэгджээ. Ойролцоогоор 4.4х3.5 метр хэмжээтэй, 12 хавтан бүхий хоёр тонн гаруй жинтэй энэхүү асар том бүтээлд библийн чухал үйл явдлуудыг маш нарийн, гайхалтай өнгөөр ​​дүрслэн харуулсан байна. Түүхэн дэх хамгийн чухал урлагийн бүтээлүүдийн нэг гэж тооцогддог "Гентийн тахилын хөшөө" (яваандаа ийм хочтой болсон) анхны тосон зурагт тооцогддог аж. 

Хамгийн олон удаа хулгайлагдаж байсан урлагийн бүтээл

Түүнчлэн уг бүтээл дууссан мөчийг Дундад зууны үеийн эцэс, Сэргэн мандалтын үеийн эхлэл хэмээн үздэг түүхч цөөнгүй бий. Тиймээс ийм чухал урлагийн бүтээл буруу гартнуудын шуналын бай болох нь мэдээж. Сонирхолтой нь нүсэр хэмжээтэй хэдий ч нийтдээ долоон удаа хулгайд алдагдаж байсанг түүхчид нотолдог байна. Өөр ямар ч урлагийн бүтээл ийм олон удаа алдагдаж байгаагүй юм.

Анх 1566 онд Калвинистууд буюу бурхнаас өөр зүйлийг шүтэж болохгүй (библи дээр гардаг бусад дүрүүд ч байсан хамаагүй) хэмээн тус зургийг хулгайлж, шатаахыг оролдсон юм. Азаар харуулууд цаг алдалгүй төлөвлөгөөг нь илрүүлж нураажээ.

1794 онд Наполеоны түрэмгийлэгч цэргүүд дөрвөн хавтанг хулгайлсан нь Луврын музейд тавигджээ. Наполеон Ватерлоогийн тулалдаанд ялагдсаны дараа 1815 онд Людовик XVIII Францын хаан ширээнд суусан бөгөөд тэрээр хулгайлагдсан хэсгүүдийг буцааж өгчээ.

1816 онд Гентийн сүмийн шинэ хамба 4 хавтанг урлагийн наймаачинд өндөр үнээр зарсан байна. Хамба тэдгээрийг хулгайд алдсан хэмээн мэдэгдсэн ч хожим нь хийсэн хэрэг нь илэрсэн юм. Дээрх хавтангууд олон хүний гар дамжсаар эцэст нь Берлиний музейн үзмэр болов. Азаар Дэлхийн 1-р дайны дараа байгуулагдсан Версалийн гэрээний дагуу (1919 онд) бүгдийг нь Гент рүү буцаажээ.

1934 онд зүүн доод талд байрладаг хавтанг гэмт этгээдүүд хулгайлж барьцаа мөнгө шаардав. Тэд мөнгөө авсны дараа хавтны ар талд байсан Гэгээн Иоханы зургийг буцааж өгсөн байна. Гэсэн хэдий ч хавтан өөрөө дахин олдоогүй бөгөөд өнөөг хүртэл хаана байгаа нь тодорхойгүй хэвээр үлджээ. 

Дэлхийн 2-р дайны үед нацистуудын хавтангуудад гар хүрэх ээлж нь ирэв. Адольф Гитлер, Херманн Гөринг нар хоёул тус урлагийн бүтээлийг гартаа оруулахыг маш их хүсжээ. Зарим хүмүүсийн үзэж байгаагаар тэд Версалийн гэрээгээр Берлиний музейгээс "алдагдсан" хавтангуудыг "буцааж" авах зорилго тавьсан юмсанж.

Гитлер бүр уг бүтээлийг өөрийн болгосон хүн бурхны ивээлд багтаж ер бусын хүчийг олдог гэдэгт итгэсэн гэдэг. Ямар ч шалтгаантай байсан Гитлерийн цэргүүд эцэст нь бүх хавтангуудыг авч Герман руу зөөсөн байна. Нацистууд "Ариун хурганы тахилга"-ыг бусад хулгайлсан урлагийн бүтээлүүдийн хамт нуусан бөгөөд дайны дараа тэдгээрийг АНУ-ын зэвсэгт хүчин олж аварчээ.

Эцэст нь АНУ-ын тал тус урлагийн бүтээлийг Брюсселийн Хатан хааны ордонд Бельгийн хааны гэр бүлийн гишүүдэд ёслол төгөлдөр байдлаар  буцааж өгчээ. Өдгөө "Ариун хурга" маань Гент хотын Гэгээн Баво сүмд хадгалагдсан хэвээр байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()