Бодит гэмт хэргийн түүх хэрхэн энтертаймент зах зээлийг эзэлсэн бэ?

Сүүлийн жилүүдэд алдартай гэмт хэрэгтэн, мафийн эзэд, аллага гэх мэтээр хийсэн кино, цувралууд борооны дараах мөөг шиг олон гарч ирэх болсон. Чухамдаа ийм зүйлс бодитой байсан гэдэг утгаараа үзэгчдийг "True Crime" буюу бодит гэмт хэргийн түүх соронз мэт татаж чаддаг биз. Тэгвэл энэхүү төрөл хэрхэн үүсэж хөгжсөн юм бол?

Бодит гэмт хэргийн түүх хэрхэн энтертаймент зах зээлийг эзэлсэн бэ?

Хэдийгээр уран зохиолын ертөнцөд гэмт хэргийг хамгийн сул хэмээн тооцдог ч эртнээс нааш элдэв төрлийн аллага, хүчирхийллийн сэдэвтэй ном хамгийн сайн борлуулагдаж иржээ. 

Анх хэвлэлийн машин бөөнөөр нь ном хэвлэж эхэлсэн үе буюу 1550-аад онд хүртэл аллагын тухай сэдэвтэй зохиолууд хамгийн эрэлттэй байв. Тиймээс 1550-1700 оны хооронд Британийн зохиолчид бодит гэмт хэргээс сэдэвлэсэн бүтээл тоймгүй олныг бичсэн юм. Үүний зэрэгцээ барууны орнуудад бичиг үсэг тайлагдсан хүмүүсийн тоо нэмэгдэж, илүү хурдан хэвлэх шинэ технологи гарч ирснээр борлогдох номын тоо ч огцом ихсэв. Энэ үед олон зуун гэмт хэргийн товхимол буюу ойролцоогоор 6-24 хуудастай богино, хавтасгүй номууд, ихэвчлэн аймшигт аллагын талаар дэлгэрэнгүй тайлбартай гардаг байжээ. Гэхдээ эдгээр товхимол нь гэмт хэргийн тухай мэдээлэх цорын ганц хэлбэр биш байв.

Английн өнцөг булан бүрд сониноор дамжуулж хүмүүс хамгийн хэрцгий гэмт хэргийг талаар мэдэх хорхойгоо дарах болов. Хүмүүсийн хамгийн их сонирхдог гэмт хэргийн төрлүүд гэр бүлийн хүчирхийлэл болон секстэй холбоотой аллага, хэрцгийгээр алагдсан эмэгтэйчүүд зэрэг юм. Сонирхолтой нь энэхүү сэдэв одоо ч маш эрэлттэй хэвээр байгаа билээ.

Түүхч Жой Вилтенбург дундаас дээш орлоготой Англичууд ийм зохиолыг "бүдүүлэг" гэж үзээд огт тоодоггүй байсныг онцолсон байдаг. Мэдээж хэрэг хэвлэлийнхэн өөрсдийн зохиолоо зарахын тулд бодит байдлыг дэгстүүлж зарим нэг хэргийг хэт дэвэргэнэ. Жишээ нь, нэгнийгээ маргалдсанаас болж хутгалж хөнөөсөн хэргийг "Найзыгаа хэдэн хэсэг хувааж алсан гэнэ" гэх мэтээр хүмүүсийг татдаг нь одоо ч хэвийн үзэгдэл юм.

Сонирхолтой нь зарим нэг хэргийг улс төрийн шалтгаанаар арай өөр өнцгөөс харуулах тал дээр сүм болоод цагдаа нар хүртэл анхаардаг байв. Тэд олон нийтэд хийсэн нүглийн хариу хэзээ нэгэн цагт ирдэг гэх мэтийн суртал ухуулга тараан нийтийг хэв журамтай байлгахыг хичээх болсон юм. Жишээ нь, хөөрхий нэг бүсгүй золгүй байдлаар нас барсан тухай ном хэвлэгдвэл "Энэ эмэгтэй нөхрөө араар нь тавиад ийм үр дүнд хүрсэн байна" гэх мэтийн агуулга гаргахыг цагдаагийн газраас шахдаг байжээ. 

Гэвч яваандаа ийм энгийн болхи гэмт хэргийн номнуудаас хүмүүс уйдаж эхэлсэн. Тиймээс ч зохиолч нар хэргийн газрыг тайлбарлахаас илүүтэй нарийн дүн шинжилгээ хийсэн зүйлс сэтгэх хэрэгтэй болов. 1811 онд Ратклиффын хурдны замд болсон аймшигт аллагын тухай Томас Де Квинсийн бичсэн хэдэн хуудас нийтлэл тийм бүтээл болж чадсан юм. Тэрээр алуурчны өнцгөөс болсон явдлыг тайлбарласан бөгөөд ингэхдээ дотоод бодлыг нарийн тайлбарлаж өгсөн нь уншигчдыг жинхэнэ эзэмдсэн байна. Эндээс эхлээд аллагыг гэмт хэрэгтний нүдээр тайлбарлах "жижиг төрөл" гарч ирсэн юм. 

Гэхдээ хүмүүс нүгэлт гэмт хэрэгтнийг байнга дагахыг хүссэнгүй. Үүнийг анзаарсан зохиолчид гэмт хэргийг мөрдөж буруутныг залхаадаг мөрдөгч нарыг гаргаж ирсэн юм. Үүнд Виктор Хюгогийн байцаагч Жаверт, Эдгар Аллан Погийн Огюст Дюпин мөн Артур Конан, Дойлын Шерлок Холмс нарыг дурдаж болно. Мөрдөгч нар гарч ирснээр хүмүүс хэрцгий гэмт хэргээс илүүтэй тэдгээрийг хэрхэн мөрдөж мөшгөх тал дээр илүү анхаарч эхэлсэн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()