Бүүмерүүд: 1944-1964 оны хооронд төрсөн хүмүүсийг бүүмерүүд гэж үздэг. Одоогоор 55-75 насныхан гэсэн үг юм.
"X" үеийнхэн: 1965-1979 оны хооронд төрсөн, одоо 40-54 настай хүмүүс "X" үед багтдаг.
"Y" үеийнхэн: 1980 -1994 оны хооронд төрсөн одоо 25-39 насныхныг "Y" үеийнхэн буюу Миллениалууд гэдэг. Энэ үе нь дотроо 2 хуваагдах бөгөөд Y1 үе-25-29, Y2 үе-29-39 насныхан багтах ба хамтад нь Миллениалууд гэж нэрлэдэг байна.
"Z" үеийнхэн: Хамгийн шинэ үеийнхэн буюу 1995-2015 оны хооронд төрсөн 4-24 насныхныг "Z" үеийнхэн хэмээн нэрлэх болсон. Өөрөөр хэлбэл "Z" үеийнхэн хамгийн залуу үед багтаж байгаа юм.
Товчхондоо, тухайн нийгмийн үйл явдал, онцлог шинжүүд иргэдээ төлөвшүүлж бэлтгэж байдаг. Тухайлбал, Дэлхийн 2-р дайны үед төрж, өссөн хүмүүсийг "Чимээгүй үеийнхэн" (Silent Generation), Хүн амын огцом өсөлтийн үед төрөгсдийг "Baby Boomers", Хүйтэн дайныг мэдэрч өссөн үе "Generation X", шинэ мянганы үеийнхэн "Millennials", 9 сарын 11-ны террорист халдлагын дараах үе буюу гар утасны технологи, терроризм, олон нийтийн сүлжээ амьдралынх нь гол онцлог болсон "Z" үеийнхэн гэх зэргээр томьёолдог бөгөөд тэд өөр өөрсдийн гэсэн онцлог шинжтэй, үүгээрээ тэдний эрин үе ирэхэд нийгмээ тодорхойлох, дараагийн хувьслыг бүтээх гол хүчин болдог.
Технологи, мэдээлэл сүлжээ, утасны төхөөрөмжүүд, цахим сүлжээ зэрэг нь 7 хоногийн 24 цагт биднийг бодит мэдээллээр хангаж байна. Магадгүй энэ үе нь амьдралын салшгүй хэсэг болж, нэг үе гэж тооцогддог 15-20 жилийг 5-10 жил болгон багасгах ч магадлалтай. Тэд бол маш том өөрчлөлтийн эзэд байж болзошгүй.
АНУ-ын Robert Half агентлагийн гаргасан судалгаанд дурдсанаар шинэ мянганыхантай харьцуулбал “Z” үеийнхний дунд “Интернет донтогчид”-ын тоо 25 хувиар өндөр байдаг. Мөн тэдний 40 хувь нь өөрсдийгөө дижитал төхөөрөмжгүйгээр төсөөлдөггүй бөгөөд аливаа газраас ариун цэврийн өрөө биш, харин Wi-Fi сүлжээ эрэлхийлдэг гээч. Нийт 50 оронд хийгдсэн судалгаанаас харахад дээр дурдсан бүхнээс хамааран “Z” үеийнхэн илүү даяаршиж, эх оронч ба үндсэрхэг үзлээс холдсон байдаг байна.
Мөн энэ үеийнхэн өөрийн орны иргэдээс илүү цахим ертөнцөд танилцсан найзтайгаа хялбар ойлголцож, нийтлэг сонирхолтой байдаг аж. “Z” үеийнхэн эдийн засгийн хямралын үед төрсөн учир карьер ба мөнгөний тал дээр хэтэрхий их мөрөөдөлгүй. Гэхдээ бие даасан. Энэ насныхны 70 гаруй хувь нь өөрийн гэсэн компанитай болохыг мөрөөддөг гэвэл ямар сонсогдож байна.
Америкт өсвөр наснаасаа ажил хийж, санхүүгээ өөрөө хариуцах нь олонтаа. Зуны амралтаараа “MсDonalds”-д ажиллаж буй тухай Америкийн олон кинонд гардаг. Тэгвэл одоо тэд ямар нэгэн түргэн хоолны газар, өөрийн нас биед тохирсон ажил хийе гэхийн оронд цахим ертөнцөд ямар нэгэн шинэ стартап компани нээхийг илүүд үздэг болсон аж. Яагаад гэвэл тэд өөрсдийн гэсэн бизнес босгож, амжилтад хүрэхийг хүсэж байна
Тэгэхээр "Z" үеийнхэн хэр их аз жаргалтай байдаг вэ? Тэдний эрмэлзэл, найдвар биеллээ олдог болов уу? Харамсалтай нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 42 оронд хийсэн судалгаагаар Европ ба Америкт амьдардаг залуус өөрсдийнхөө амьдрал ба ирээдүйд хамгийн ихээр сэтгэл хангалуун бус байдаг аж. Мөн "Z" үеийнхний хамгийн гунигтай шинж тэмдгүүдийн нэг бол тэд сэтгэл мэдрэлийн өвчин, сэтгэл санааны гутралд өртөмтгий юм. Ингээд ч зогсохгүй тэд бусад үеийнхнээс илүү сэтгэл санааны өвчинд нэрвэгддэг байна. "Бид өнөөдөр аз жаргалгүй байгаагаа мөн хүрээлж буй ертөнцөөсөө айж буйгаа нээлттэй илэрхийлдэг хүүхдүүдийг харж байна.
Z үеийнхний сэтгэлийг боловсрол, ирээдүй болон тэднийг 24 цаг хүрээлж буй онлайн ертөнц түгшээдэг. Тэд найзуудынхаа үдэшлэгт уригдаагүй болохоо онлайн ертөнцөөс олж харах бүрдээ өөрийгөө үнэлэх үнэлэмжээ багa багаар алддаг. TikTok болон Instagram энэ хүмүүсийн өөрийгөө үнэлэх сэтгэлтэй салшгүй холбоотой байх болно. Үүнтэй холбогдуулан амиа егүүтгэхийг хүссэн хүмүүсийн гуравны нэгийг өсвөр насныхан эзэлж байна" гэж Их Британийн амиа хорлолтын эсрэг үндэсний төвийн мэргэжилтэн Эмили Черри ярьжээ.
Энэ бүх нөхцөл байдлууд "Z" үеийнхэн болон нийгмийн хувьд хүндрэлтэй байж болзошгүй. Гэхдээ энэ үеийнхэн олон зүйл дээр маш хариуцлагатай, нухацтай ханддаг. Үүнээс гадна тэдний сонирхлыг улс төр, карьер татдаг бөгөөд хүйсийн ялгаа, нийгмийн тэгш бус байдал болон арьс өнгөний асуудалд тэд тэнцвэртэй хандаж чаддаг. Гэхдээ үүний зэрэгцээ яг энэ шинж тэмдгүүд "Z" үеийнхнийг эмзэг болгодог байна.
Шинэ мянганыхан ажлын байраа олон дахин сольдог гэдгээрээ алдартай бол "Z" үеийнхэн нэг компанид олон ажил гүйцэтгэхийг илүүд үздэг аж. Тэдний ихэнх нь аль 17-18 настайгаасаа эхлэн том корпорациудад ажилд орж, ирээдүйдээ томоохон хөрөнгө оруулалт хийх болно. "Z" үеийнхэн эдийн засгийн хямралын үед төрсөн учир карьер ба мөнгөний тал дээр хэтэрхий их мөрөөдөлгүйгээр, бүх зүйлийг бодитоор хардаг. Өнөөдрийн өсвөр насныхны 72 хувь нь өөрийн гэсэн компанитай болохыг хүсдэг байна. Энэ нь ямар нэгэн хувийн арал дээрх төгс амьдралыг мөрөөддөг шинэ мянганыхантай харьцуулбал хамаагүй бодит үзэл юм.
Харамсалтай нь төсвөө хэмнэх үүднээс цагийн эсвэл гэрээт ажилчид түлхүү авч эхэлсэн нь нууц биш. Үүний гайгаар Z болон шинэ мянганыхан тогтсон ажил, хангалттай хэмжээний цалин авах боломж улам бүдгэрсээр байгаа.
Ялангуяа цар тахлын нөлөөгөөр зайнаас хүмүүсийг ажиллуулж болохыг мэдсэн компаниуд гэртээ байгаа ажилчдаа чөлөөтэй халж солих боломжтойг бүр ч илүү ойлгожээ.
Үүний нөлөөгөөр Z үеийнхэн ч гэсэн нэг газраа удаан тогтвор суурьшилтай байхын оронд илүү дээр боломжийг хайн нэг газраас нөгөө рүү амархан шилжиж сурсан байна. 2022 оны 2-р сард Harris хэмээх хөдөлмөр зууч агентлагаас явуулсан судалгаанаас үзвэл 2019 оноос хойш хөдөлмөр эрхэлж байгаа 30-аас доош настай иргэдийн 45 хувь нь одоо ажиллаж байгаа газар нь өчүүхэн төдийд таалагдахгүй бол шууд гарах хүсэл төрдөг болсон гэнэ.
Эндээс харвал таатай ажлын орчин болоод шинээр хөгжих боломжийг эрэлхийлж байгаа залуучууд өмнөх үеийнхэн шигээ нэг газраа удаан тогтохыг хүсдэггүй болсон бололтой.
Эцэст нь хэлэхэд шинэ мянганы иргэд ажил хийх хүсэл эрмэлзлээр дүүрэн байгаа ч сүүлийн жилүүдэд үүсээд байгаа эдийн засгийн хямрал болоод өмнө нь тогтсон явцуу ажлын байрны соёл зэрэг нь тэдний шинийг эрэлхийлсэн хэв маягт огт таарахгүй байгаа аж. Тиймээс тэд өөрсдийн гэсэн орон зай, хараат бус байдлыг бий болгохын тулд тэмцэж байгаа нь хуучин үеийнхэнд нь ердөө залхуурал шиг санагдаж байж болно.