Түүнчлэн эхний улирлын тайлан нийтэд зарласны дараа тус компанийн СЕО Рид Хастингс Нетфликс зар сурталчилгаа бүхий одоогийн хэрэглэгчдэд санал болгож буй багцаас хямд багц санал болгохоор зэхэж буй талаар мэдээллэсэн юм. Түүний хувьд өнгөрсөн жилүүдэд үйлчилгээндээ зар сурталчилгаа байршуулах явдлыг эрс эсэргүүцсээр ирсэн ч энэ тухай бодолхийлж буй нь Нетфликс компанид санхүүгийн хүнд цохилт ирснийг илтгэж буй биз ээ.
Нетфликс компани хамгийн сүүлд 2011 онд багцийн төлбөрөө нэмж, DVD илгээмжийн үйлчилгээгээ цуцлах үед хэрэглэгчдээ алдсан хасах үзүүлэлттэй тайлан гаргаж байсан ажээ.
Тэр цагаас хойш Нетфликс Холливудын уран бүтээлүүдийг үзэгчдэд хүргэх гол хэрэгсэл болон хувирч, амжилт дүүрэн арваныг өнгөрүүлсэн юм. Тус компанийн зүгээс өмнө нь хөрөнгө оруулагч нарт Disney, Hulu, HBO, Paramount, Peacock, Apple, Amazon зэрэг видео стрийминг үйлчилгээ үзүүлэгчдийг Нетфликс платформын жишгээр үйл ажиллагаа явуулж байгаа ч компанийн ирээдүйд сөргөөр нөлөөлөхгүй хэмээн мэдэгдэж байсан билээ. Гэвч өдгөө бусад видео стрийминг үйлчилгээ эрхлэгчид тэдний үйл ажиллагаанд том нөлөө үзүүлж эхлээд буй нь хэн бүхэнд ил болоод буй юм. Хэдийгээр Нетфликс одоо ч хамгийн их үзэгчтэй видео стрийминг үйлчилгээ үзүүлэгч байгууллага хэвээр байгаа боловч энэ салбарт асар хүчтэй өрсөлдөөн нэгэнт үүсээд буйг дараах хүснэгтээс харах боломжтой.
Ийнхүү өрсөлдөгч бус тэргүүлэх байр суурийг нь булаах зорилго тээх болсон бусад компаниуд Нетфликсийн үзэгчдийг булаагаад зогсохгүй, гаргадаг контент, хөтөлбөрүүдийг ч мөн адил гаргах болсон нь ихээхэн эрсдлийг бий болгох болжээ.
Төдийлөн мөнгө төлж үзэхгүй хэмээн нэрлэгддэг хуучны сонгодог бүтээлүүдээ Нетфликст байршуулах хүсэлтэй байдаг байсан Холливудын студи, телевизүүд ч Нетфликсээс өөрийн бүтээлүүдээ буулгаж, өөрийн нэрийн стрийминг сүлжээгээр үзэгчдэд хүргэх болсон нь HBO Max сүлжээ Friends цувралыг, Peacock сүлжээ The Office цувралыг, Disney студи өөрийн бүх л бүтээлүүдийг Disney+ сувгаараа дамжуулан хүргэх болсноор илхэн харагдаж буй юм. Ийнхүү нэг талаас Нетфликс нь маш олон тоон үнэт бүтээлүүдээ алдсан ба нөгөөтээгүүр үзэгчдийг байлдан дагуулах хэмжээний шинэ уран бүтээл хийхэд ч хүндрэлтэй болж байгаа нь хямралыг хурцатгаж байгаа аж.
Өнгөрсөн жил видео тоглоомын салбарт хөл тавьсан нь Нетфликс компани дан ганц видео стрийминг үйлчилгээ нь хангалттай ашиг орлого авч ирж чадахаа больж буйн нэгэн илрэл болсон юм. Түүнчлэн нэг хэрэглэгчийн эрхийг олон хүн ашиглах боломжийг ч хязгаарлах арга хэмжээ авсан нь нэгэн цагт өөрсдийн давуу тал хэмээн үзэж байсан зүйлээсээ ухарч, хэрэглэгчийн тоогоо нэмэх гэсэн нэгэн алхам болоод байна.
Хэдийгээр энэ улирлын тайлан хасах үзүүлэлттэй гарч, дараа улиралд ч энэ үзүүлэлт давтагдах магадлал өндөр байгаа боловч нийт 221 сая хэрэглэгчтэй гэдэг утгаараа бусад өрсөлдөгчдөөс давуу байдалтай байгаа тэд Wall Street-ээс зээл авах бүрэн итгэлцэлтэй гэж үнэлэгддэг нь өөрийн санд буй бүтээлүүдийг санхүүжүүлэхэд түлхэц өгөх нь гарцаагүй. Гэвч цаашид шинэ үйлчлүүлэгч татахын зэрэгцээ одоогийн хэрэглэгчдээ хадгалах шинэ, сонин, содон бүтээлүүдийг хийх нь хүндрэлтэй асуудлуудын нэг байсаар байх нь гарцаагүй биз ээ.