Сталин хэрхэн Украиныг өлсгөлөн рүү хөтөлсөн бэ?

1917 оны 3-р сард Оросын хаант засаглал нурахтай зэрэгцэн, Украин улс тусгаар тогтнолоо зарлажээ. 1929 онд ЗХУ-ын цэрэг тусгаар тогтносон Украйн улсад халдан довтолж хүчээр нэвтэрсэн байдаг. Харамсалтай нь Зөвлөлтийн удирдагчдын явуулсан харгис бодлогын нөлөөгөөр 1933-1937 онуудад Украинд нийтийн өлсгөлөн болж, 5-6 сая иргэн өлсгөлөнгөөр нас баржээ. Түүхэнд уг явдлыг Голодомор (украинаар өлбөрч үхэх) хэмээн нэрлэсэн байдаг. 

Сталин хэрхэн Украиныг өлсгөлөн рүү хөтөлсөн бэ?

Энэхүү өлсгөлөнгийн гарал үүсэл нь Зөвлөлтийн удирдагч Иосиф Сталины 1929 онд хөдөө аж ахуйн салбарыг бүрэн өөрчилж хамтрал байгуулах шийдвэр гаргасантай холбоотой. Коммунист намын ухуулагчид нутаг орон даяар явж тариачдыг газар нутаг, хувийн өмч хөрөнгө, заримдаа орон гэрээ хүртэл хамтралын фермд шилжүүлэн өгөхийг албадаж, чинээлэг нэгнийг нь кулак буюу хөрөнгөтөн хэмээн хавчиж эхэлсэн байдаг. Түүнчлэн нэгдэлжих хөдөлгөөнийг эсэргүүцсэн энгийн тариачид мөн кулак нэр зүүх болсон юм. Харамсалтай нь энэхүү хөдөлгөөн зохион байгуулалт муутай байсны гайгаар тариалалт буурч, орон нутгийн эдийн засагт эмх замбараагүй байдал үүсэн хүнсний хомсдолд хүргэсэн байна. Үүний нөлөөгөөр Украины зарим хэсэгт тариачид эсэргүүцлийн хөдөлгөөн эхлүүлсэн нь сүүлдээ тэр дундаа зэвсэгт бослого болж хувирсан юм. 

10-хан жилийн өмнө Улаан армийн хүчээр нэгтгэж байсан Украинд бослого гарсан нь Сталины санааг багагүй зовоов. Ялангуяа тус улсад явуулж буй нэгдэлжих хөдөлгөөн ард олны дургуйг хүргэсэн нь түүний хувьд бүрч хүнд тусав. Тиймээс Сталин 1932 оны 8-р сард баруун гар Лазарь Кагановичид хандан "Украины нөхцөл байдлыг сайжруулахын тулд одооноос хүчин чармайлт гаргахгүй бол болохгүй. Тэгэхгүй бол бид Украиныг алдаж магадгүй" гэсэн зурвас илгээжээ. Тэр намар ЗХУ-ын Коммунист намын удирдлага буюу ЗХУ-ын Улс төрийн товчоо Украины иргэдийг дарахын тулд хөдөө орон нутагт нүүрлээд байгаа өлсгөлөнг улам дордуулах шийдвэр гаргажээ. Үүний дагуу Украины хот тосгодыг хар жагсаалтад оруулж, хоол хүнсний зүйл илгээхийг хориглосон байна. Украины коммунист нам үүний хажуугаар тариаланчдыг ЗХУ-ын бусад хэсгээс хүнс импортлохыг хууль бус үйлдэл хэмээн зарлав. 1932-33 оны өвөл цагдаа болон коммунист намын ухуулагч нар нийлж зохион байгуулалттайгаар тариачдын гэрийг тонож, үр тарианаас эхлээд хувийн хэрэгцээний хоол хүнс, мал хуй, гэрийн тэжээвэр амьтад гээд идэж болох бүх зүйлийг хураан авснаар өлсгөлөн дээд цэгтээ хүрчээ.

Сталины "кампанит" ажлын үр дүн жинхэнэ гамшиг авч ирсэн юм. 1931-1934 оны хооронд ЗХУ-ын хэмжээнд дор хаяж 5 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэн нас барсан бөгөөд үүний 3.9 сая нь украинчууд байсан гэдгийг Украины хүн ам зүйчдийн хийсэн судалгаа харуулсан байдаг. Үүний хажуугаар орон нутгийн хууль сахиулагчдын бүртгэлд хүний мах идэх явдал хавтгайрсан гэдгийг батлах баримт хангалттай бий. Хөдөө орон нутагт иргэд бөөнөөрөө нас барсан бол томоохон хотын хүн ам хүнсний картын ачаар амьд үлдэж чадсан аж. Гэсэн хэдий ч хотын гудамжинд цогцос хэвтэж байх нь энгийн үзэгдэл болов. 

Гэхдээ Сталин Украиныг үүгээр далимдуулан бүр мөсөн дарж авахаар шийдэв. Тариачид сая саяараа үхэж байхад ЗХУ-ын чекистууд Украины улс төрчид, сэхээтнүүдийг олноор нь хэлмэгдүүлсэн юм. Дараа нь ЗХУ-ын зүгээс орон даяар Украин хэлийг ашиглахыг хориглосон тогтоол гаргажээ. 

Мэдээж хэрэг Кремлийн зүгээс Украинд ийм зүйл болж байгаа гэдгийг чадах чинээгээрээ нууцлахыг хичээсэн байдаг.  

Москвад байдаг барууны сэтгүүлчдэд хүртэл энэ тухай бичихгүй байхыг үүрэг болгосон аж. Азаар "The New York Times" сонины сэтгүүлч Гарет Жонс зориг гарган өлсгөлөнгийн тухай мэдээг анх нийтэлсний хүчинд энэ тухай дэлхий даяар мэдсэн байдаг. Харамсалтай нь Жонс 1935 онд Японы харьяанд ороод байсан Өвөр Монголд аялж яваад сэжигтэй нөхцөл байдлын улмаас алагдсан юм. Тэр бүү хэл 1937 онд Украины хүн амын тооллого явуулсан албаны хүмүүсийг хүртэл Сталины тушаалаар хөнөөсөн аж. 

Дэлхийн 2-р дайны үеэр энэхүү явдал мартагдсан бөгөөд олон арван жилийн дараа ч гэсэн Голодоморын тухай ярих хориотой хэвээр байжээ. 

Харин 1986 онд Чернобылийн атомын цахилгаан станцын сүйрлийн дараа украинчууд ЗХУ-ын харгислалын талаар арай чөлөөтэй ярих боломжтой болсон бөгөөд 1989 онд Михаил Горбачев мэдэгдэл хийж уучлалт гуйн Голодоморыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм. 

Голодомор нь 1991 онд Украины тусгаар тогтнолын хөдөлгөөний гол хүчин зүйлүүдийн нэг болсон байдаг. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()