1
Тархины агшилт
Эндээс үзвэл Ковид-19 хүний тархинд муугаар нөлөөлдөг гэдэг нь тодорхой болж байна. Ковид-19 өвчин нь ихэвчлэн амьсгалын дээд замыг гэмтээж, зарим хүмүүст халдвар уушгины хатгалгаа үүсгэж, улмаар амьсгалын дутагдалд хүргэдэг болохыг бид сайн мэднэ. Тэгвэл эрдэмтэд жилийн өмнөөс Ковид-19 өвчний хүнд хэлбэрээр өвдсөн хүмүүст энцефалопати, таталт, цус харвалт, тархины үрэвсэл, Гийен-Баррегийн хам шинж, цочмог демиелинизаци зэрэг мэдрэлийн тогтолцооны эмгэгүүд тохиолддог болохыг тогтоосон билээ.
Одоогийн байдлаар Ковид-19-ийн халдвар авсан 4 хүн тутмын нэг нь тархи болон мэдрэлийн гажигтай хэмээн оношлогдож байгаа аж.
Торонтогийн их сургуулийн сэтгэцийн эмгэг судлалын профессор Эдвард Шортер "Цар тахлаас болж үүссэн тархины эмгэгт албан ёсны эмнэлгийн нэр томьёо өгөөгүй ч гэсэн зөнөг өвчинтэй ижил шинж тэмдэг бүхий тархины эмгэг гарч ирээд байгаа нь нууц биш" хэмээн мэдэгджээ.
Үүний дээр хүнд хэлбэрийн Ковид-19 туссан хүмүүс тархины эмгэгтэй болох магадлал хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдээс бараг гурав дахин өндөр байгаа аж.
Саяхан явуулсан судалгаагаар эмч нар дөнгөж эдгэрсэн өвчтөний тархийг MRI төхөөрөмжөөр шалгах үед тархины зарим хэсэг нь хатаж агшсан болохыг тогтоожээ. Тухайн өвчтөний тархины агшсан хэсэг нь наснаасаа арван жилээр "хөгширсөн" хэмээн судалгаа хийсэн эмч нар мэдээлсэн юм.
Баруун Файнбергийн Анагаах Ухааны Сургуулийн мэдрэл судлаач Аюуш Батра "Энэхүү гэмтэл нь насан туршийнх. Бид одоо энэхүү эмгэгийг биологийн болон биохимийн түвшинд судалж байгаа. Харамсалтай нь энэхүү гэмтлээс болж өвчтөнүүдийн өдөр тутмын амьдрал мэдэгдэхүйц доройтсон" гэж ярьсан байна.
2
Сэтгэн бодох чадвар
Их Британийн Биобанк Ковид-19 тусаад эдгэсэн 51-81 насны 785 хүмүүсийн эрүүл байхад нь MRI төхөөрөмжөөр авсан тархины зургийг нь дахин авч өмнөхтэй нь харьцуулжээ. Тэдний ихэнх нь хөнгөн хэлбэрээр өвчилсөн бөгөөд ердөө 15 нь л хүнд хэлбэрээр туссан аж.
Үр дүнд нь тэдний тархины эзлэхүүн нь дунджаар 0.2-2 хувиар багассан болох нь тодорхой болжээ.
Мөн судалгаанд оролцсон хүмүүс COVID-19 тусаад эдгэрсний дараа тархины үнэр амт хариуцдаг хэсэг нь 0.7 хувиар агшсан байна.
Үүний дараа судалгаанд оролцогчдыг тусгай сэтгэн бодох чадварын шалгалтад оруулав. Харамсалтай нь тэд дасгалууд дээр энгийн хүмүүсээс 8-12 хувиар илүү урт хугацаа зарцуулж байсныг эрдэмтэд онцолсон юм. Өвчтөнүүдийн ой санамж, хариу үйлдэл үзүүлэх хугацаа мөн тэр хэмжээгээр муудсан байв.
Ингээд харвал Ковид-19 тархины үйл ажиллагааг бүхий л талаар нь сулруулдаг болох нь тодорхой юм.
Уг судалгааг удирдсан Оксфордын их сургуулийн мэдрэл судлалын тэнхимийн эрхлэгч Виктор Хюгон "Ковид-19 халдвар авсан хүмүүсийн мэдрэлийн үндсэн болон туслах эсүүд тодорхой хэмжээгээр үхсэнээс гадна мэдрэлийн эд, эсийн гэмтэл их хэмжээгээр тохиолдсон болохыг харуулж байна. Энэхүү эдийн гэмтэл нь хөнгөн хэлбэрийн Альцгеймерийн өвчнөөс ч илүү байх магадлалтай байна" хэмээсэн аж.