CAAK Ментор: Махатма Ганди

Мохандас Карамчанд "Махатма" Ганди 1869 оны 10-р сарын 2-нд энэтхэгийн баруун нутгийн Гужарат мужийн Порбандар хотод сайдын гэрт мэндэлжээ. Энэтхэгийн үе үеийн эрх баригчид “үндэстний эцэг” Гандигийн үйл хэргийг үргэлжлүүлж байна гэдэг. Харин Ганди өөрийгөө багш, номлогч гэж үздэг байжээ. Энэ үүднээс та бүхэнд "CAAK Ментор" булангийн анхны дугаараар Махатма Гандигийн талаар хүргэхээр бэлтгэлээ. 

CAAK Ментор: Махатма Ганди
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Гандигийн гэр бүхий л шашны төлөөлөлтэй. Хамгийн гол нь ээж нь бурхны шашинт хүн байсан болохоор  түүний мөргөл, шүтлэг индусын гэгээлэг ном судар, олон нийттэй шашны талаарх яриа өрнүүлдэг нь залуу Гандигийн оюун санаанд их нөлөө үзүүлсэн гэдэг.

Дунд боловсролыг Порбандар хотын сургуульд Ганди эзэмшжээ. Ирээдүйн нэрт улс төрчийн багш нар хүүг дунд сурч байсан гэж дурссан байдаг. Тэр хичээлийг нэг их сонирхдоггүй, англи хэлнээс бусад хичээлд сайн дүнгүй байж. Харин Мохандас Ражкот хотын ахлах сургуульд элссэний дараа байдал сайжирчээ. Тус сургуульд хууль зүйн хичээл түүний сонирхлыг ихээр татсан байна. Эцэг эхтэйгээ зөвлөлдсөн Мохандас Их Британид суралцахаар шийдвэрлэв.

Түүнийг 13 настайд ээж, аав нь сүй тавьж Кастурба Маканжи гэдэг охинтой хуримлуулсан. Хожмоо тэд дөрвөн хүүтэй болсон юм. Мохандасыг Их Британид суралцахаар явахад ээж нь гурван янзын тангараг тавибал зөвшөөрнө гэсний дагуу дараах тангарагийг өргөсөн гэдэг. 

Үүнд, нэгд, махан хоол идэхгүй. Амьтны амь тасалж махаар нь хоол хийнэ гэдэг том нүгэл хэмээн үздэг. Хоёрт, архины төрлийн зүйл хэрэглэхгүй. Архи бол хүний эрүүл мэндэд хортой. Залуу хүний тэнцвэрийг алдагдуулах аюултай гэдэг. Гуравдугаарт, эхнэрээсээ далдуур өөр эмэгтэйтэй хавьтахгүй. Энэ шаардлагын дагуу тангараг өргөж, ээжийнхээ хүслийг биелүүлэхээр болж 1888 онд Лондоны их сургуулийн коллежид элсэн суралцахаар болжээ. Тэнд гурван жил суралцаж, сургуулиа төгсөн хуульч болоод эх орондоо эргэн ирж тэмцлээ эхэлсэн түүхтэй. Лондонд хууль, эрх зүйн чиглэлээр суралцаж, өмгөөлөгчийн ажилд дадлагажсан. Англи соёлд суралцаж, хиндү, буддын шашны судрыг орчуулж сонирхон судалжээ. Мөн цагаан хоолтны нийгэмлэгт оролцсон байна. 

Ганди 1893-1914 онуудад Өмнөд Африкт амьдрахдаа арьсны өнгөөр гадуурхахын эсрэг тэмцлийг удирдаж байв. Л.Н.Толстой тэр хоёр захидлаар харилцдаг байжээ.

Ганди 1915 онд Энэтхэгт эргэн ирж дөрвөн жилийн дараанаас улс орноо британийн колонийн дарлалаас чөлөөлж тусгаар тогтнуулах хөдөлгөөнд идэвхтэй оролцож эхэлсэн байна.

1915 онд энэтхэгийн нэрт зохиолч, Нобелийн шагналт Рабиндранат Таагүр Мохандас Гандитай танилцаж түүнд “Махатма” буюу аугаа их сэтгэл гэсэн нэр хайрлажээ. Гэхдээ Ганди өөрөө энэ хэргэмийг ерөөсөө хэрэглэж байгаагүй юм. 

Толстойн зохиолуудаас урам зориг авсан Ганди түүнийг 1910 онд нас барах хүртэл харьцсан бөгөөд Толстойг багш хэмээн хүндэлж ирсэн байдаг. Тиймээс ч өөрийн Өмнөд Африкт байгуулсан гүн ухааны сургуулиа "Толстойн Ферм" хэмээн нэрлэсэн аж. 

“Ганди жинхэнэ стратегич хүн байсан. Тэрээр хамгийн үнэнч 80 дагалдагчаа дагуулж явсан. Дандид хүрэлцэн ирэхэд тэд олон мянгуулаа болсон байлаа. Ганди дэмжигчдийн хамтаар 23 хоног явган явсан. Ингэхдээ аль болох олон тосгоныг дайран өнгөрөх замыг сонгосон байна. Асуудал давсанд байгаагүй. Давс бэлгэ тэмдэг байсан юм. Ийм аргаар тэрээр өөрийн үзэл санааг дэлгэрүүлж байсан” гэж “Ашрам Сабармати” музейн захирал Атул Пандя онцолжээ. Гужарат мужийн Ахмедабад хотод байрлах энэхүү ашрамд Ганди эрх тэгш, шударга нийгэмлэгийг байгуулахыг оролдож, эл үлгэрлэлээ орон даяар түгээхийг мөрөөдөж байв. Сабарматигаас тэрээр давсны аянд мордсон билээ.

Энэтхэгт мэргэдийн оршин суудаг байрыг “ашрам” гэдэг бөгөөд шашны гүн утгыг агуулдаг. Гэвч Ганди ашрамыг Энэтхэгийн тусгаар тогтнол, ирээдүйн үзэл санааг хэлэлцэх төв гэдгээр хүлээн авахыг санал болгож байв. Сабармати шиг том аж ахуйг удирдаж, авч явахад санхүүгийн болон хүний нөөц шаардлагатай. Тиймээс Гандигийн дэмжигчид "Гараар нэхсэн хувцас өмсөж, газраа боловсруулж, өөрөө өөрсдөдөө үйлчилж, хүмүүст эрх тэгш, шударга орчинд амьдрах ухаанд сургаж чадна" хэмээн бусдад ухуулдаг байсан гэж Пандя тайлбарлажээ.

Түүний хэлснээр, Британийн эрх баригчидтай хийх хэлэлцээ хүртэл ашрамд болдог байсан аж. Британийн түшмэлүүдээс гадна тэнд ирээдүйн тусгаар Энэтхэгийн анхны ерөнхий сайд Жавахарлал Неру, түүний анхны орлогч Валлабхаи Пател, Энэтхэгийн анхны ерөнхийлөгч Ражендра Прасад зэрэг үндэсний удирдагчид удаан хугацаагаар амьдарч байжээ.

Ганди эх орноосоо британчуудыг гаргахын төлөө тэмцэхээс гадна Сарводая буюу хүчирхийлэлгүй, эрх тэгш байдал ноёрхсон Энэтхэгийн төлөө тэмцэхийг уриалж байжээ. Тэр улсад даруухан хэдий ч шударга хөдөлмөрөөр амьдардаг. Тийм нийгмийн загвар хожим нь гандизмын үзэл санааны музей болсон Сабармати ашрамд бүрэлдэж байв. 

Гэхдээ Энэтхэгийн ирээдүй өөрөөр эргэсэн. Энэтхэг нь өнөөдөр томоохон аж үйлдвэр, мэдээллийн технологийн эдийн засаг, сансрын технологийг хөгжүүлж буй капиталист улс. Гараар утас ээрэх үйлдвэрлэлийг жижиг тосгод, тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн түүхийн музейнүүдэд л харж болно. Гандигийн стилиэр гартаа ээрүүл барьж гэрэл зургаа татуулах дуртай зарим улстөрчид үнэтэй машин хөлөглөн, өөр өөрсдийн ажлаа амжуулна.

Энэтхэгийг Сарводая орон гэж хэлэх хэцүү. Тус улсад тэгш бус байдал, нийгмийн давхаргын ялгаа амь бөх оршсоор. Махатмагийн дэмжигчдийн Сабармати ашрамд дахь амьдралаас орчин үеийн энэтхэгчүүдийн амьдралын хэв маяг, стиль тэс өөр.

Гэхдээ энэ нь Гандигийн номлол хий хоосон зүйл байсан гэсэн үг биш. Орчин үеийн Энэтхэгт түүний хөтөлбөр гэнэн утопи үзэл мэт санагдаж болно. Гэхдээ тухайн үед сая сая хүн хувьсгал, цуст эргэлтэд бус түүнд л итгэсэн. Хүмүүс Гандигийн тайван, хүчирхийлэлгүй тэмцлийн тухай номлолыг дагасан.

Гандигийн энэ арга зам Британийн эрх баригчдыг буланд шахсан юм. Тэрбээр англи бараа худалдан авах, британийн төсөвт татвар төлөх, хүүхдүүдээ англи сургуульд өгөхөөс татгалзах санааг агуулж байв. Түүний үзэл санаа нь колончлогч улсын эрх баригчидтай хамтран ажиллахаас татгалзах явдал. Нэгхэн цайны халбага давс олборлосон хүнд хэр хугацаагаар хорих ял оноодог байсан гэж үү? Ганди шоронд хэдэн сар хоригджээ. Тухайн үед 80 мянга орчим хүнийг баривчилсан бөгөөд энэ түүхийг дэлхий дахин мэдсэн.

Махатма эдийн засгийн тэмцэлд гол анхаарлаа хандуулж, британи хүнд Энэтхэгт байх ашиггүй болгохыг зорьж байв. Түүндээ ч хүрсэн. Хамгийн гол нь Ганди нийгмийн санаа бодлын төлөө тэмцэхийн чухлыг ойлгосон. Ард түмэнтэй тэдний хэлээр ярих чадвартай байхын чухлыг. Хүмүүст дхоти банзал өмссөн мэргэн хүний төрх Энэтхэгийн европ хувцастай либерал улс төрчдөөс илүү дотно байсан.

Махатма зөвхөн энэтхэгүүдийн бус, британчуудын оюун ухааны төлөө тэмцэхийн чухлыг анх олгосон хүн. Гандигийн дэмжигчид ямар ч эсэргүүцэлгүй цагдаад бороохойдуулж буй тухай мэдээ дэлхийд түгсэн. Британийн нийгмийн санаа бодол энэтхэгчүүдэд тусгаар тогтнолыг нь олгохын төлөө эргэж эхлэв. Хэрэв энэтхэгүүд британчуудыг хядаж эхэлсэн бол энэ санаа бодол тэс өөр байх байсан.

Ишлэлүүд:

  • "Цөхрөх үедээ би түүхийн бүхий л явцад хайр энэрэл ямагт ялж байсан гэдгийг санадаг. Дарангуйлагчид хүчтэй байх үедээ ялагдашгүй мэт байсан. Гэсэн ч эцсийн эцэст тэд дандаа бүх зүйлээ алдаж, арчигдаж дуусдаг юм. Ямагт үүнийг санаж яв"
  • "Нас нөгчсөн хүн, өнчирсөн хүүхдүүд, орон гэргүй болсон хүмүүст дарангуйлал эсвэл ардчиллын ялгаа бий юу?"
  • "Нүдийг нүдээр сольбол бүх дэлхий тэр чигтээ сохрох болно".
  • "Би олон зүйлийн төлөө амиа өгөхөд бэлэн байна. Харин ямар ч үйл хэргийн төлөө би аллага үйлдэхгүй"

Ишлэлүүд:

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()