Р.Эмүжин: Чалчихаас өөр чадамжгүй Л.Оюун-Эрдэнийн өнгөн дээр Монгол Улс жолоодлогогүй болчихлоо

2022-04-16, 12:59
1,417
Р.Эмүжин: Чалчихаас өөр чадамжгүй Л.Оюун-Эрдэнийн өнгөн дээр Монгол Улс жолоодлогогүй болчихлоо

Эдийн засгийн эргэлтийн шинжтэй дэвшилтэт арга хэмжээг энэ чиглэлийн мэргэжилтэй Ерөнхий сайдууд хэрэгжүүлсэн байдаг. Д.Бямбасүрэн Москвад, П.Жасрай Москвад, Р.Амаржаргал Брэдфортод, М.Энхсайхан Киевт тус тус эдийн засагчаар суралцан төгссөн бөгөөд Ерөнхий сайд байхдаа зах зээлийн нөхцөл байдлаа угтсан эдийн засгийн алхмуудыг хэрэгжүүлж байв.

Гэтэл эдүгээ бид шоуны мистер, сүмийн пастор Ерөнхий сайдтай болсон. Түүнийг төрийн бус, шашны ажлаа гадаад дотоодгүй түлхүү урагшлуулж байна гэж түүх, соёлын салбарын шинжээчид сэм шүүмжилж, нам хэлэлцдэг нь нууц биш. Аливаа жагсаал, цуглаанд христийн болон гаднын бусад сүм хийдүүдийн дүр төрх болсон залуус өнгөлөөд ороод ирвэл хаанахын ямар тавилттай жүжиг өрнөөд байна вэ гэдэг нь тодорхой болдог гэдгийг цөөнгүй хүн мэдэх болсон. Эл жагсаалыг жүжигчилж хийдэг эрүүл бус арга Оюун-Эрдэнийн улс төрийн замналтай хамт өндийснийг анзаарахгүй байх аргагүй. Энэ тохиолдолд ямар ч жагсаалын үед олон нийтийн эрүүл хандлага, залуу үеийнхний боловсролын төвшинд найдахаас аргагүй.

Өнгөрсөн долоо хоногт хэдэн өдөр үргэлжилсэн "Ажлаа хий" жагсаал сүүлдээ жүжигчилсэн хэлбэрт шилжиж, МАН-ын тавилттай дүрүүд түрж орж ирэн, Ерөнхий сайдын шоу болоод дууссаныг бүгд харсан. Эхэндээ залуус маань итгэл найдвараа өвөрлөн, зориг зүрх гарган жагсаж, цээжиндээ бугшсан хямралтай сэдвүүдийг хөндөн гаргалаа. Зарим нь цагдаа нарын уур хилэнд өртлөө. Хүүхдээ тэрэгтэй нь түрээд очсон аав ээж нар ч байлаа. Өглөөнөөс шөнө дунд хүртэл өлдөж ядран зогссон хүн ч бий. Гэвч жагсаалын үр дүн өнөөдрийн талхны үнийн өсөлтийг авчирлаа. Манай чалчихаас өөр чадамжгүй Ерөнхий сайд гол дүр болох боломжийг алдаагүй хэдий ч, гол бодлогоо дахиад буруу тодорхойлж, зөрүү шийдвэр гаргалаа. Үнийн өсөлтийг зохиомлоор барих, тэгэхдээ зөрүүг нь төрөөс төлөх талаар хөнгөн хуумгай ам алдсан нь өнөөдрийн Монголд хүнд туслаа. Амь аргацааж, амьдрал чөдөрлөсөн энэ аргаар явсан бүхэн мухардалд тулдаг.

Үйлдвэрлэгчид алдагдлаа нөхөх гэж төрийг царайчилна. Төр татвар төлөгчдийн мөнгийг тэдэнд их, бага хэмжээгээр хувааж тараана. Өөрөөр хэлбэл урд хормойгоороо хойд хормойгоо нөхдөг чөдрийн морь шиг өчүүхэн арга гэдгийг одоо бүгд мэддэг болсон. Гэтэл Оюун-Эрдэнэ нөгөө л чөдрийн номхон морь, төрийн уяатай ботго болох саналыг ард түмэндээ, үйлдвэрлэгчиддээ тулгалаа. Яг энэ сиймхийг яруу тодоор ашиглан зарим талхны үнэ 300 орчим төгрөгөөр гурайтал өслөө. Цаашдаа бусад бүтээгдэхүүний үнэ ч бас өсөх нь тодорхой болж байна. Хүнд сурталтай, хөл султай, авилга нүүрлэсэн, аван барах зуршилтай төрөөс үнийн зөрүүгээ олж авах гэж үйлдвэрлэгчид нусаа хацартаа наана. Албан тушаалтны үүд сахина, ааштай түшмэлд хувь өгнө. Энэ мэтийн хүндрэл тэднийг айлгах нь аргагүй. Тийм атал эрх баригчид жагсаалыг дахиад л дагуулж тонгорч, давж буух арга хэрэглэж байна.

Жагсагчид намайг ажлаа л хий гэсэн хэмээн чадамжгүй Ерөнхий сайд чарлах боломжийг өөртөө үлдээлээ. Залуус МАН-тай санал нэг байна гэж генсек Амарбаясгалан гэнэдүүлж суйллаа. Үр дүнд нь эдийн засаг сайжрах уу? Үгүй. Шоудаж сурсан Ерөнхий сайд өөрийгөө нэг удаадаа хуурч болно. Өргөн олныг нэг удаадаа торгоож болно. Зайлшгүй ирж буй эдийн засгийн уналт, эргэлтгүй болсон цусан хангамжийг яах уу? Энэ байдлаараа Монгол Улс жолоодлогогүй болжээ. Залуур барьсан залуус жолоогоо хэзээ татах, цулбуураа хэзээ хэрхэн тавихаа ч ойлгохгүй байна. Мэдлэг чадвар нь энэ хүрээд шар гэрлээ асаачихлаа.

Цаашдаа иймэрхүү янзаар ордонд орохоороо Ерөнхий сайд, талбайд гарахаараа жагсагчдын тал болж тоглосоор л байх уу? Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн эдийн засгийн оновчтой арга хэмжээг "Их түймрийн өмнөөс тавьж буй цурам" гэж тодорхойлсон байдаг. Улс удирдаж байгаа хүн ядаж цурам тавьж байж түймрийн хүчийг сулруулах мэдлэг чадвартай байх ёстой. Оюун-Эрдэнэ гэтэл түймрийн талд л улсаа галдчих гээд түйвээгээд байх юм. Тэнэг хүн тэг дундуур нь гэгч энэ үү, эсвэл тэвчээрийн хязгаарт олон нийтийг зориуд тулгаж чирээд байна уу?

Р.ЭМҮЖИН

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()