Их Британийн ерөнхий сайд хөл хорионы үеэр төрсөн өдрөө тэмдэглэсэн шалтгаанаар торгуулжээ

2022-04-13, 09:36
633

Цар тахлын үеийн хөл хорионы дэглэмийг зөрчиж, төрсөн өдрийн баяр тэмдэглэснээ Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр энэхүү буруутай үйлдлийнхээ төлөө олон нийтээс уучлал гуйж, зохих торгуулийг төлснөө мэдэгдсэн юм. “2020 оны зургаадугаар сарын 19-ний өдөр Даунинг Стритэд болсон арга хэмжээтэй холбоотойгоор өнөөдөр би Лондон хотын цагдаагийн газраас торгуулийн мэдэгдэл хүлээж авлаа. Торгуулийг даруй төлснөө би үүгээр мэдэгдээд дахин уучлал гуйж байна” гэж Жонсон өчигдөр орой мэдэгджээ.

Их Британийн ерөнхий сайд хөл хорионы үеэр төрсөн өдрөө тэмдэглэсэн шалтгаанаар торгуулжээ

Их Британийн ерөнхий сайдын албан өргөө Даунинг Стритийн хурлын өрөөнд тухайн өдөр Борис Жонсоны төрсөн өдрийн үдэшлэг зохион байгуулагдсаныг тус улсын хэвлэлүүд анх илчилж байв.

Эхэндээ Жонсон уг арга хэмжээг албан уулзалт гэж тайлбарлаж байсан юм.

“Үүнийг дүрэм зөрчсөн үйлдэл гэж би бодоогүй. Гэхдээ цагдаа нар өөрөөр тайлбарлаж буй тул би мөрдөн байцаалтын үр дүнг хүндэтгэж байна” гэж Жонсон өчигдөр хэлжээ.

Жонсоноос гадна тус улсын сангийн сайд Риши Сунак бас торгуулийн шийтгэл хүлээсэн байна.

“Ковидын үеэр хүмүүс маш их зүйлээ золиосолсныг би мэдэж байгаа бөгөөд үүссэн нөхцөл байдал тэднийг бухимдуулсныг ойлгож байна. Ийм нөхцөл байдалд хүргэж, олон нийтийг бухимдуулсандаа би гүнээ харамсаж байна” гэж Сунак мэдэгдээд торгуулиа төлснийг бас мэдээлжээ.

Ерөнхий сайдын гэргий Кэрри Жонсон мөн үдэшлэгт оролцсоныхоо төлөө 50 фунт стерлингийн торгуулиар шийтгүүлсэн байна.

Лондон хотын цагдаагийн газар хөл хорионы үеэр засгийн газрын өндөр албан тушаалтнуудын оролцсон 12 найр наадмын арга хэмжээг мөрдөж байгаа бөгөөд хэвлэлүүд уг дуулианыг “partygate” гэж нэрлээд байгаа юм.

Одоо Их Британийн парламент улаан өндөгний баярын улмаас завсарлаад байгаа. Дөрөвдүгээр сарын 19-нд чуулган эхлэх үеэр Борис Жонсон, Риши Сунак нарыг албан тушаалаас нь огцруулах асуудал яригдаж болзошгүй байна.

Парламентын гол сөрөг хүчин Лэйбор намын тэргүүн Кэйр Стармер “Борис Жонсон, Риши Сунак нар хууль зөрчиж, Британийн ард түмэнд олон удаа худал ярьсан. Тиймээс тэд огцрох ёстой” гэж мэдэгджээ.

“Partygate”-ийн анхны дуулиан дэгдсэнээс хойш хоёр долоо хоногийн хугацаанд Жонсоны засгийн газар ямар нэг хууль дүрэм зөрчигдөөгүй гэсэн мэдэгдлийг 39 удаа хийж байсан гэнэ.

Лондон хотын цагдаагийн газар мөрдлөгийн үр дүнд нийт 50 торгуулийн арга хэмжээ аваад байна. Гуравдугаар сарын сүүлээр эхний 20 албан тушаалтанд торгуулийн шийтгэл оноосон бол өчигдөр нэмээд 30 хүнийг торгожээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()