Хөх нуурын Монголчууд

2022-04-11, 12:03
1,790
Хөх нуурын Монголчууд

17-р зууны эхэнд Хошуудын ноён Төрбайх (1582 - 1654) ардаа дагуулж Далай ламыг хамгаалан Гүүш хаан цол өргөмжлөгдөн Хөх нуурын газар хаан сууж байв. Тэр Дөрвөн Ойрадын Хошууд аймгийн Ханай ноёны Ахай хатнаас 1582 онд мэндэлжээ.

17-р зууны эхэн гэхэд Төвдийн Буддын шашны урсгал, ноёдын тэмцэл өрнөж ихэнх Монголчууд шарын шашин (Гэлүгваа, Буяны ёс) дагадаг болсон байв. Харин Цогт хунтайж улааны шашныг (Гармаагийн ёс) баримтлагч Зан дахь улааны шашны ноёрхогч Цогттой холбоолж, Лхас дахь 5-р Далай ламыг доройтуулахаар тохиролцсоноор Цогт түмэн цэрэгтэй Төвдөд иржээ. Энэ үед Далай ламын төлөөлөгч Содномравдан Дөрвөн Ойрадоос тусламж гуйснаар Хошуудын Төрбайх цэрэг дагуулан очиж Далай ламын талыг хамгаалан 1637 онд Хөх нуурын орчим Цогтын цэргийг дийлж, Далай ламаас “шашныг баригч номын хаан” гэх утгатай “Данзан Чойжил” гэх цолоор шагнуулсанаар хожим “мууг зайлуулагч”[1] гэх утгатай Гүүш нэрээр алдаршжээ. Дараагийн 3 жилд Гүүш хааны цэрэг улааны шашны эрхтнийг зайлуулах байлдаан өрнүүлж, бүх Төвдийг эзэлсэн бөгөөд 1642 онд 5-р Далай ламд эрх  шилжүүлэн, өөрөө Амду (одоогийн Хөхнуур муж) орчмыг эзэн мэдэж, 90 орчим жил буюу 1723 он хүртэл тогтсон Хошуудын хаант улсын үндэслэгч болж 1654 онд 73 насандаа таалал төгсчээ.

Дээд монголчууд өөрсдийгөө хавт Хасарын үр хойчис Хошууд овогтон гэдэг. Ингэж яригддагийн учир нь хавт Хасарын 19-р үеийн үр удам гэгээн Гүүш /Төрбайх/ 1637 онд Хөхнуур, Төвдийн өндөрлөгийг байлдан дагуулж, төвд, монголыг хамтатг­асан Хошууд хаант улс байгуулж, 80 шахам жил ноёрхон захирч, нэр төрөө мандуулж 370 гаруй жилийн туршид үр удам дээд мон­голчууд газар нутаг, хэл, соёл, аж амьд­ралаа  хамгаалж, уламжлан хадгалсаар иржээ. 

Чингис хааны дүү хавт Хасарын 19-р үеийн үр хойчис Гүүш хааны өвөө нь Бүүвэй Марзи, эцэг нь хань ноён Хонгор гэдэг. Хань ноён Хонгор зургаан хүүтэй. Ууган хүү нь Хайниг Тушаат, хоёрдугаар хүү нь Байвгас, гуравдугаар хүү нь Хөндлөн Увш, дөрөвдүгээр хүү нь Төрбайх, тавдугаар хүү нь Саран Хаданбаатар, зургадугаар хүү нь Буяа Отгон гэдэг. Үе удмаараа Ойрадын хаад болжээ. Хошууд аймаг б хавт Хасарын долдугаар үе, Ах сахалтай ноён Араг төмөр, Өрөг төмөр хоёр хүүтэй байсан. Ах сахалтай ноён нас барсны дараа хоёр хүү нь өмч хөрөнгө, албат хошуу булаалдан эвдрэлцэж, Араг төмөр нь эцгийнхээ ор залгамжилж, дүүдээ өмч хөрөнгө хуваахдаа хошуудаас ядуу доройг нь ялган өгчээ. Ингээд Өрөг төмөр гомдохдоо албатаа аваад /1430-аад он/ Тэнгэр уул  зорин нүүдэллэж Ойрадын Тогоон тайшийг түшихээр очжээ. Чингис хааны алтан урагтан Өрөг төмөрийг Ойрадын Тогоон тайш ихэд таашааж охиноо өгч, хот хотлоор албат нэмжээ. Хошуу болгоноос цугларч ирсэн албат учир Хошууд аймаг гэж нэрлээд Дөрвөн Ойрадын холбоонд оруулав. 

Сүүлд  Ойрадын дотоодод задрал гарч феодалын самуун дайн үргэлжилсэн ч Хошууд аймаг хагарал задралыг эсэргүүцэж дотоодын бүлгэмдлийг чухалчилж байлаа. XVI зууны эхэн үе ялангуяа Өрөг төмөрийн есдүгээр үеийн ач Бүүвэй Марзи ноёны үед хошуучууд харь дайсантай эрэлхэг тэмцэлдэж, дөрвөн Ойрадын эвлэрлийг бэхжүүлэх байр суурь нь улам дээшилж аажмаар Хошууд аймаг дөрвөн Ойрадын түрүү болжээ. Бүүвэй Марзийн хүү хань ноён Хонгор Хошууд аймгийн төдийгүй дөрвөн Ойрадын түрүү, түүний хөвгүүд таван барсын ах Байвгас эцгээ залгамжилж XVII зууны 30-аад онд нас барж Гүүш хаан залгамжлав. Гэгээн Гүүш 1582 онд төрж 13 настайдаа цэрэг дайчлан цагаан малгайтныг дараад, Тэнгэр уулын ар, өвөр, Алтайн нуруу, Эрчис голын хавиас Үрэмч, Баркул хүртэл өргөн уудам нутагтай, Ойрад, алс тэртээ Хөхнуур, Төвдийн өндөрлөгт ч нэр нөлөөтэй болжээ. 1607 онд Ойрадын түрүү хань ноён Хонгор нас барж Халх, Ойрадын хооронд үл ойлголцол гарч эвсүүлэхээр гэгээн Гүүш биеэр Халхад очиж ойлголцуулаад халх, ойрад хоёр талын хүндэтгэлийг олж “Их улсын багш” хэмээх цол хүртэн Гүүш гэж алдаршжээ. 1616 оноос Ойрадын ноёд Зууд /Лхас/ мөргөл хийх, үр хүүхдэддээ ном сургахаар очуулах зэргээр шарын шашинтай аажим аажмаар ойртож, дээд давхаргатантай харилцаж байлаа. Тухайн үед Ойрадын аж ахуй хөгжиж бэлчээр нутгаа өргөтгөх шаардлагатайгаас Ойрадын феодал, ноёдын хооронд зөрчил, мөргөлдөөн ширүүсч эхэллээ. Ингэхэд хэзээнээс эв нэгдлийг баримталсаар ирсэн Гүүш хаан 1625 оноос аймгаа дагуулж баруун тийш нүүдэллэн Колком мөрний урсгал дагуу орноор нутаглаж, 1634 онд Зүүнгар аймгийн Баатар хун тайжтай хамтран Хасагийг дайлан ялав. 1632-1636 оны хооронд Эрчис мөрний салбар Довор голын дагуу шилжиж, шинэ бэлчээр нутаг эрэлхийлэв. Удсангүй баруун Төвдөд улаан, шарын шашинтнууд зөрчилдөж, шарын шашинтнууд ялагдаж, Хошууд аймгийн түрүү гэгээн Гүүшид элч илгээж туслалцаа гуйсанд дөрвөн Ойрадын дотор байр суурь, хүчин чадлаараа тэргүүлдэг түүнд аз таарч 1636 оны өвөл Баатар хун тайжийн хамт Ойрадын холбоот торгон цэргийг дайчилж, Хошууд аймгаар гол хүчин, Зүүнгар аймгаар зүүн гар, Торгууд аймгаар баруун гар болгон хойноос нь дөрвөд, хойд аймгийн цэрэг томилж, цас мөстэй улирлыг ашиглан Хөхнуур, Төвдийн өндөрлөгийг дайлаар морджээ. 1637-1639 оны хооронд Хөхнуур, Бигэрээ, Цан орнууд дахь улааны шашинтнуудыг бүрэн устгаж Төвдийн Иу, Цан, Кам гурван орныг нэгтгэв. 1639 оны хавар Баатар хун тайж цэргээ аван Ойрад руугаа буцахад гэгээн Гүүш “Шоргоолжин мэт олон тангад дотор би ганцаар яаж суух вэ. Та нар хариад миний албат бас нөхөд болох улсыг илгээгтүн” гэж захиж, Хунтайж захиа ёсоор хошуудын Хөндлөн Увшийг албаттай нь, мэргэн Жуунанг албаттай нь, хунтайжийн хөвгүүн өнчин Сэцэн зэрэг хүмүүс илгээжээ.

1642 оны өвөл гэгээн Гүүш төвд, монголын хаан сууж, Хошууд хаан төрөө байгуулж  түүний үе залгамжлагчид 75 жил хаан ширээнд сууж Хөхнуур, Төвдийн өндөрлөгийг нэгдэлтэй захирч өндөрлөгийн сээр нуруун дахь монголчуудаа Дээд монгол хэмээн нэрийдсээр эдүгээ хүрчээ. Гэгээн Гүүш хаан Төвдийн өндөрлөгт Хошууд хаант төрөө байгуулснаас хойш 1654 онд таалал төгсөх хүртлээ Хөхнуур, Төвдийн өндөрлөгийг нэгтгэн захирч Мин улсын сүүлчээс хойших Хөхнуур, Төвдийн өндөрлөг дэх самуун дайныг зогсоож, амар тайван болгосон юм. Монгол, төвд үндэстний улс төр, аж ахуй,соёлын харилцааг сайжруулж, халх ойрад, Хөхнуурын монгол, төвд үндэстний улс төрийн харьцааг чангатгаж, олон үндэстнийг бүлгэмдүүлсэн зэрэг гавьяа зүтгэл гаргасан өнөөдрийн дээд монголчуудын 370 жилийн түүхийн шат нь болсон гэхэд ахдахгүй. 1690 оноос Чин улс Хөхнуур, Төвдийн өндөрлөгийг эзлэх санаагаа хурцалж Энх-Амгалан хаан урьдаар дайн байлдаанд эрэлхэг монголчуудыг эрхшээлдээ оруулахын төлөө хээл хахууль, хов жив, гааль гувчуураас аваад есөн шидийн арга хэрэглэж монгол, төвдийг хооронд нь мөргөлдүүлэхээр барахгүй монголчуудыг өдөөсөөр 1760 онд Хошуудын хаадын эрх мэдэл аажим аажмаар суларч бүхий л дээд монголчуудын нэгдэл  алдагдав. 1714 онд Монголын хаадад бэйл, бэйс, туслагч, гүн, чин ван гэх мэтээр Чин улсын хараанд орсон нэр зүүлгэж, жижиг эрх мэдэлтнүүдийн шунал хүслийг дэврээж өглөө. 1720 онд Чин улсаас далай лам Галсанжамцыг Төвдөд хүргэх нэрээр Дээд монгол руу цэрэг орууллаа.

1723 онд Гүүш хааны ууган хүү Дашбаатарын хүү Лувсанданзан Цагаан толгой хэмээх газар Хөхнуурын тайж нартай чуулган чуулж, өөрийгөө “Далай хун тайж” /дээд монголчууд “Данзан хун тайж” гэдэг/ өргөмжилж, бусад тайж нарыг хуучны монголын дуудлагаа сэргээж, Манж чингийн цол өргөмжлөлийг хаяж “Дээдсийн хүчирхэг төрөө сэргээн мандуулъя” гэдэг уриан дор Манжийн эсрэг төвд, монгол хорин мянган хүн дайчлан байлдсан ч ялагдаж үлдсэн хэсэг монголчууд нь Манжид бууж өгөв. 1725 оноос Чин улсын төр засаглал Хөхнуур, Төвдийн өндөрлөгт аажмаар хэрэгжиж, Хошууд аймгаар голлосон торгууд, цорос, хойд, халх зэрэг таван аймгийг зүүн, баруун гарын 29 хошуу болгон хувааж дээд монголчуудын засаг захиргаа Манжийн эрхэнд бүрэн оров. Манж чингээс явуулсан “Төвдийг тэтгэж, монголыг хязгаарлах” төрийн бодлогын доор монголын нийгмийн байдал улам тогтворгүйтэж, удаа дараагийн талхидал дээрэмдэл, нутаг орноосоо оргож зугтсанаас харь дайсантай тэмцэх хүчин мөхөсдөж, XVIII зууны сүүлч, XIX зууны эхэн гэхэд газрын аглаг бараадан амьдардаг малчид, лам хуврагаас өөр цэргийн хүч, төр засаглалгүй устав. XX зууны 30, 40-өөд онд улаан хасгийн дайн, мабуфангийн дээрэмдлэгээс бараг л үндэс тасарчихаагүй хэдэн монголчууд шинэ Дундад иргэн улс байгуулагдахад ерөөсөө 50 мянган хүн ам үлдсэн байлаа. Дээд монголчууд XX зууны 40, 50-иад он хүртэл Монгол улстай харьцаа холбоо сайн, тэмээн жинчид Да хүрээ явдаг байж. Одоо ч гэсэн дээд монголчуудын дотор хүрээ эдлэл хэрэгсэл, хэт хутгаас авахуулаад хуучин эдлэл зөндөө байдаг. 60-аад оны сүүлч Соёлын хувьсгалаас хойш Монгол Улстай харьцаа холбоо тасарч 90-ээд онтой золгосон юм. Хөх нуурын монголчууд хошууд, торгууд, халхуудаас бүрддэг. Тэд өдий хүртэл Монгол бичгээ хэрэглэн, төвд хийгээд нангиадад уусалгүй монгол хэл, соёлоо хадгалан, монголоороо үлдэхийн төлөө хичээн зүтгэж байна. Бусдын дарамтад байгаа цөөн тоотой үндэстэн, өөрсдийгөө бусдаас өөр үндэстэн гэдгээ илүү ойлгосноор үндэсний үзэл нь бадардаг бололтой.

Хөх нуурын номч мэргэн хутагт Сүмбэ хамба Ишбалжир

Сүмбэ хамба Ишбалжир бол 18-р зууны үед монгол, төвд нутагт нэрд гарсан дээд монгол буюу Хөх нуурын төр шашны том зүтгэлтэн бөгөөд монгол судлалын эрдэмтэд андахгүй. Тэрбээр ойрадын язгууртан гаралтай хүн ба монгол анагаах ухаан, монгол төвдийн түүх, шашны ухаан, одон орон судлал, гүн ухааны талаар маш их хичээл зүтгэлтэй ажиллаж бүтээл туурвисан нэрт түүхч, зохиолч байжээ. Өнгөрсөн зууны тавиад оноос эхлэн дотоод, гадаадын монголч эрдэмтэд сүмбэ хамба Ишбалжирын тухай судласан ч тэр нь зөвхөн уран зохиолын хүрээнд хязгаарлагдаж шинжлэх ухааны бусад салбарын амжилт бүтээлийг системтэй судлаж бүрэн үнэлгээ хийж чадаагүй юм. Түүгээр ч үл барам 60-аад он хүртэл Ишбалжирыг ямар үндэстэн болохыг тодруулалгүй цөөнгүй судлаачид төвд хүн хэмээн үзэж байжээ. Сүмбэ хамба Ишбалжир ойрадын язгууртан гаралтай хүн бөгөөд /1704-1788/арван хоёрдугаар жарны модон мичин жил Дээд монголын Замбаажавын хошууны Толь хэмээх газарт, Хошууд аймгийн дунд зэргийн аж амьдралтай, ном эрдэм ихэд эрхэмлэгч тайж Дорждашийн дөтгөөр хүү болон мэндэлжээ. Сүмбэ гэдэг нь төвдийн таван их орны нэг одоогийн Хөхнуур мужийг заасан ажээ. Хамба гэдэг нь багш хэмээх төвд үг. Сүмбэ хамба бол Ишбалжирын цол. Тэрбээр Сүмбэ шаврон Лувсандамбийжалцан гэгч ламын хувилгаан дүр болон тодорч, Сүмбэ хамба хэмээн өргөмжлөгдсөн юм.

Түүний намтарт өгүүлснээр гурван наснаасаа лам хүн харан ихэд баясан хөөрч, улмаар тэдний номлон уншихуй ёсыг дахин дахин дууриахыг эцэг нь ажиглан мэдээд, “тойн болговоос хэт нь зохилтой” хэмээн өөрөө төвд үсэг заан сургаж, анхлан гэлэгёнданма-ийн нэг шүлгийг цээжлүүлжээ. Ишбалжир 4 наснаасаа ойрадын Цагаан хадны толь хийдэд шавилан суув. Эндээс үзэхэд Сүмбэ хамба Ишбалжирын дээд өтгөс нь Гэгээн Гүүш хаан байжээ. Түүний эхийн тал нь мөн ойрадын сурвалжит гэр бүлээс гаралтай болох нь илт. Ингээд сурвалжит өрхийн хүмүүжлээр хүмүүжсээр долоон насандаа тойн болоод оюун ухаан нь хэтэрхий хурц өссөн тул Гонглон хийд одоогийн Хөхнуур мужийн монгол үндэстний өөртөө засах сяний нутагт Ю Нин сы хийдэд 31-р дүрийн Сүмбэ хамбаар тодорч ширээнд заларчээ.

Учир нь төмөр бар буюу 1710 онд Гонлун дахь хийдийн барилгыг аравнайлах ёслолын үеэр манжийн Энх Амгалан хааны багш лам жанжа ринбучи Агваанчойндон ирж, төвдийн их багш Жамьяаншадбидоржтой уулзахдаа насан өөд болсон урьдын анд сүмбэ шаврон Лувсандамбийжалцангийн хойд дүр тодруулахыг даалгаснаар Ишбалжир нь хий насаа оруулаад долоотойдоо  Жамьяншадбидоржтой уулзан адислуулан тодорсон түүхтэй ажээ.

8 насандаа Гүмбүм хийдэд очиж анагаах ухаан, хэл шинжлэл, буддын шашны эрдэм ном сурч, 20 насандаа төвдийн Брайвин хийдэд 5 жил суралцсан ба 5-р дүрийн Банчин богд Ломсанешээс сахил авчээ. Энэ үедээ номын мэтгэлцээнд оролцон шалгараад, “Номын маргааны сүргийн манлай” хэмээн алдаршиж ихээхэн нэртэй Гоман дацангийн гол хамба болсон байна.

Тэрбээр багаасаа өндөр хэргэм бүхий ламын дүрд өргөмжлөгдсөний дээр, авьяас билгээрээ ч ихээхэн алдаршсан учраас нэр хүндийг нь  улс төрийн голлон тэмцэлдэгч хүчнүүд үйл ажиллагаандаа тодорхой хэмжээгээр ашиглахыг хичээж байв. Үнэхээр ч түүнийг 1723 онд Төвдөд зорчсон шалтгаан нь нөлөө бүхий хутагт Жалсрайринбүчи хятадад буддизм дэлгэрүүлэх бодлогоо хэрэгжүүлэх зорилгоор Амдо нутагт ирж, шинэ хийд байгуулах хэрэгтэй гэж зөвлөсөнтэй холбоотой ажээ. Энэ нь буддын номлолоор дамжуулан Амдо нутаг, Хятад зэрэгт төвдийн нөлөөг бэхжүүлэх гэсэн шашны тэргүүн нарын эрмэлзэл байв. Гэтэл манж нар төвдийг эзлэх бодлогоо шаргуу тавьж, Энх Амгалан хааны зарлигаар төвдийг түрэмгийлэн эзэлсний улмаас тусгаар тогтнохыг эрмэлзсэн төвдийн язгууртан лам нар хийгээд манжийн талыг баримтлагчдын үзэл санааны зөрөлдөөнөөс иргэний дайн өрнөхөд Сүмбэ хамба Гомон дацангийн харьяаны лам нараа  оруулахгүй төвийг баримталжээ. Энэ нь бусад хийдийн лам хувраг нарт ч нөлөөлөв.

1730 оны дунд үеэс Төв Азид манжийн нөлөөг бэхжүүлэхэд Сүмбэ хамбыг ашиглах зорилгоор манжийн талаас өөртөө татах бодлого явуулжээ. Учир нь түүний нутаг монгол, төвд, хятад үндэстнүүд холилдон суудаг соёлын өвөрмөц тогтоц бүхий төв байжээ. Манжийн хаад хязгаар нутгийг өөртөө нэгтгэхийн тулд язгууртан, эрх ямбат этгээдийг нийслэлдээ урьж суулгадаг заншил ёсоор Сүмбэ хамбыг 1736 онд Бээжин дэх Тэнгэрийг тэтгэсэн хааны ордонд залж аваачжээ. Тэнд түүнийг улаан малгайтны шашны ном үзэхийг шаардаж байсан нь хүчтэй дэлгэрсэн гэлүгва ёсны нөлөөг бууруулах гэсэн арга байв. Сүмбэ хамба Зонховын сургаалыг номлогч гэлүгвагийн ёсыг тууштай баримтлагч учир дургүйцэн, 1738 онд Гонлундаа буцаж иржээ. 1742 онд түүнийг дахин Бээжинд дуудаж хийдэд суулгаж, буддын шашны ном судар үзэх боломжоор хангасны дээр Жанаг хамба цол өргөмжлөн, улмаар бүх монголын шашны тэргүүнээр өргөмжлөх санал тавьсан ч татгалзжээ. Сүмбэ хамба Ишбалжир Хөх хотын Устын зуу, Долон нуур, Их зуугийн чуулган, Альшаа хот, Шаньшигийн Утай зэрэг газруудаар явж, хурал ном, эмчилгээний ажил хийсэн байна. Түүний дараагаар Гонглон хийддээ буцаж, 32 жил хамба ламаар насан өөд болтлоо суужээ. Энэ бүхнээс үзэхэд Сүмбэ хамба тухайн үеийн улс төрийн амьдралын түүхэн үйл явдалд өртөн, нүдээр үзсэний хувьд шашны сургаал, улс төрийн бодлого хоёрын хоорондын харилцааны нарийн төвөгтэй асуудлуудыг зохих хэмжээгээр ухааран ойлгосон юм.

Өтөл насандаа гүн ухааны бэрх асуудлаар Хөхнуурын нэрт эрдэмтэн банчин Балдантай чойр булаалдсаны улмаас Хөхнуур даяар алдаршив. Сүмбэ хамба Ишбалжир одон зурхайн ухааны онолыг үндэс болгоод төвдийн нутагт ихэд дэлгэрсэн Пүг, Цүр хэмээх зурхайн хоёр сургуулийн ёсоор үлгэр хийж, монгол орны газрын хуваарьт эрхсийн хөдөлгөөнийг тооцоолон бодох  Төгсбуянт  шинэ зурхайг бий болгосон юм. Төгсбуянт шинэ зурхайд сарны хөдөлгөөн байршлыг секундыг нэг зуун дөчин есөн мянга хоёр зуун ёсөд хуваасан лугаа тэнцэх цаг хугацааны өчүүхэн нарийвчлалаар хөөн өлох олон арга боловсруулсан тул орчин цагийн тэнгэрийн одзүйн аргаар гаргасан дүнтэй яв цав нийлсээр бөлгөө. Тэрбээр өдөр тасарч, давхарлах хийгээд сарын илүү тэргүүтнийг монголын газрын хуваарьт тохируулсан тул түүний зурхайн ёс эдүгээ хүртэл Монгол Улсад хэрэглэгдэж байгаа билээ. Сүмбэ хамба Ишбалжир одон зурхай төдийгүй гүн ухаан, утга зохиол, анагаах ухаанд гүнзгий мэргэжсэн байжээ.

 

Түүний “Цэцэгийн хэлхээс” хэмээх сургаал шүлэгт, 

“Цастын цагаан орныг будан бүрхэвч  хиртэхгүй 

Угийн хар нүүрсийг усаар угаавч цайхгүй 

Уужим ухааны талд гэрэл гийх нь хялбар 

Цухал сэтгэлийн жалганд сүүдэр буух нь  түргэн 

Чанадын их хэрэгт мэргэд баясахаас доордос үгүй 

Тэнгэрийн сүрлэг дуунд 

Тогос баясахаас ууль үгүй 

Саруул ухаантан буянд самуун сэтгэлтэн  нүгэлд 

Балт зөгий цэцгэнд батгана ялаа баасанд” хэмээн өгүүлсэн байна. Тэрбээр анагаах ухааны холбогдолтой “Рашааны ундрал”, “Рашааны цагаан шүүдэр”, “Рашааны дусал”, “Рашааны хурим” хэмээх алдартай дөрвөн зохиол туурвиж, Гэсэрийн туужийг шинжлэн судлаж  “Хөхнуурын дотор тэргүүтэн эсэрваагийн дуулал шинэ яруу хэмээгдэхүй оршив”, “Хөхөөгийн яруу дуун нэрт дуулал тэргүүтэн оршив”, “Эмийн нэрс ба эмт бодисыг таних болор толь” зэрэг монголын буддын шашин, түүх, уран зохиол, анагаах ухааны учир холбогдол бүхий 70 шахам бүтээл төвд хэлээр туурвижээ. 

“Энэтхэг, Хятад, Төвд, Монгол оронд дээдийн ном гарсан ёс галбарваасан модон хэмээгдэх оршив” гэдэг том хэмжээний бүтээлдээ түүхийн үзэгдлүүдийг нэг нь нөгөөгөөсөө сурвалжлан гарсан шалтгаанд холбоонд авч үзжээ. Энэтхэг, төвдийн түүх рүү шууд оруулдаг шашны уламжлалаас зайлсхийж, харин энэтхэг төвдийн эртний түүхийн тодорхой баримт үеүдээр баримжаалан жишиж, монголын түүхийг аналоги аргын тусламжтай тодотгох өвөрмөц үзэл санааг баримталсан байна.

Сүмбэ хамба хэдийгээр багаасаа буддын сонгодог боловсрол эзэмшиж, өндөр мяндагтай лам болсон ч өндөр мяндагтай лам хуврагууд шашны нэр хүнд, эрх ашиг, хамаг амьтны тусыг бодолгүй, хорт могой мэт санаа өвөрлөн, хулгана хөеөгөө зөөх адил эд хөрөнгө хураахыг эрхэмлэдэг болсон хэмээн буруушааж байжээ. Түүний найман боть зохиолыг Манж Чин улсын үед Хөх хотын Устын зууд хийдэд модон бараар хэвлэж,  монгол хэлтний алдартай эмч байсан тул түүний зогсоо чулуун хөргийг Өвөр Монголын Монгол эмнэлийн дээд сургуулийн хорооны өмнө сүндэрлүүлсэн ажээ. Сүмбэ хамба Ишбалжир намтар түүхээ Манж Чин улсын Тэн­гэр тэтгэгч хааны 42-р он буюу 1777 онд бичсэнийг шавь Сүмбэ билэгт цорж Лув­сангэлэг, шадар дархан оточ Гэлэгсамдан нар үргэлжлүүлэн бичиж дуусгасан байна. Сүмбэ хамба Ишбалжир 13-р жарны шар бичин жил буюу 1788 онд 84 насандаа таалал төгсчээ.

 

Ц.Хан-Хөхий

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()