Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Эдийн засгийн чуулганы эхний илтгэлийг Дэлхийн банкны макро эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын эрхэлсэн захирал Марселло Эстивао тавив.
Тэрээр дэлхийн олон оронд бодлогын хүүг өсгөж байна. Монголбанк бодлогын хүүг 9 хувьд хүргэсэн нь зөв. Азийн орнуудтай харьцуулахад Монгол хамгийн өндөр буюу 14 хувийн инфляцтай байна. Мөн Монгол Улсын нийт өр ДНБ-ий 80 хувьтай тэнцэж байна.
Үүний 5 хувийг Хөгжлийн банкны зээлүүд эзэлжээ. Өр, ДНБ-ий харьцаа, сүүлийн гурван жилд тараасан халамжийн хэмжээгээр Монгол Азид мөн л дээгүүр байна гэсэн юм.
Төгрөг ам.долларын эсрэг суларсаар байгаа нь эдийн засаг хүндэрсний дохио юм.
Рио Тинто группийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Р.Амаржаргал “Шинэ сэргэлтийн бодлого, эдийн засагт үүсэж буй сорилт, боломж” сэдвээр нэгдсэн хуралдаанд оролцон байр сууриа илэрхийлэв.
-Бид эдийн засагт үүссэн сорилтуудыг даван туулахдаа аль болох богино хугацаанд үр дүнгээ өгөх боломжтой үйлдэл хийх хэрэгтэй. Ойрын 6-9 сардаа юу хийж чадах вэ гэдгээ ярих ёстой. Цаашлаад зөвхөн яриад байх биш хийж хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Эдийн засгийн сэргэлтийн бодлогыг хувийн хэвшлийг эрчимжүүлэх тал руу түлхүү чиглэвэл үр дүнтэй болно. Энэ хүрээнд шинэ сэргэлтийн бодлогын дэс дарааллыг “Төрийн бүтээмжийн” сэргэлтийн бодлогоос эхэлж, илүү анхаарал тавивал бусад бодлогын хэрэгжилт аяндаа цэгцэрнэ гэж харж байна.
Төрийн алба хурдан шуурхай ажилладаг, саад тотгорыг арилгадаг, ил, тод үйл ажиллагаа явуулбал хувийн хэвшил төсөл хөтөлбөрүүдээ хурдан хэрэгжүүлж, эдийн засгаа тэлэн өсөн дэвжих боломжтой.
Төгрөг ам.долларын эсрэг суларсаар байгаа нь эдийн засаг хүндэрсний дохио юм.
Тиймээс ойрын хугацаандаа төрийн бүтээмж, боомтын сэргэлтийг амжилттай хэрэгжүүлж чадвал хувийн сектортоо эерэг нөлөө авчирна. Харин дунд хугацаандаа аж үйлдвэржилтийн сэргэлт тэр дундаа эрчим хүч, хот хөдөө, ногоон хөгжлийн сэргэлтийг авч үзвэл жинтэй нөлөө авчрах байх. 2009 оноос хойш Монголд орсон нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын хоёр доллар тутмын нэг нь Рио Тинто, Оюу толгойтой холбоотой. Энэ хангалтгүй тоо. Дор хаяж таван доллар тутмын нэг, арван доллар тутмын нэг байвал нэг төслөөс гадаадын хөрөнгө оруулалт хэт хамаарал байдлыг давна.
Монгол Улс илүү их хөрөнгө оруулалт татах, шингээх бүрэн боломжтой. Оюу толгой шиг, гадаадын хөрөнгө оруулалт татах төслууд байх ёстой. Том хөрөнгө оруулалтыг дагаад бусад эдийн засгийн сектор, бизнес хөгждөг.
ЖДҮ дагаад хөгждөг. Тиймээс том төслүүдээ дагасан эдийн засгийн кластер үүсгэх бодлого баримтлах хэрэгтэй байна. Жишээ нь Оюу толгой, Таван толгойн нөлөөгөөр Өмнөговь аймагт барилга, тээвэр холбоо, худалдаа, зочид буудал, зоогийн газар болон боловсруулах салбарын шинэ бизнесүүд ихээр төрөн, бие биеэ дэмжих үйл ажиллагааг явуулж, эдийн засгийн кластер болж хөгжиж байгаа дүр зургийг МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэн судалж гаргасан.
Тиймээс тус аймаг өдгөө хамгийн их хуримтлалтай аймаг болж, өрсөлдөх чадвараараа бусад аймгуудыг тэргүүлж байна. Бид нийтээрээ гадаадын шууд хөрөнгө оруулалт Монголд хэрэгтэй, эдийн засгийн хөгжлийг хурдасгуур мөн гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна.
Иймээс төрийн албан хаагчид, шийдвэр гаргагчид, ТӨХК, хувийн хэвшлийнхэн энэ тал дээр нэг ойлголттой болъё. Мөн Монголчууд бид өрсөлдөх давуу талаа мэддэг, тэрийгээ тууштай хөгжүүлдэг болмоор байна. Ингэснээр гадаад зах зээлийн өөрчлөлтөд дасан зохицох, боломжийг ашиглах давуу талуудыг бид бий болгоно гэв.