Буча хотод Оросын цэргүүд аллага үйлдсэнийг хиймэл дагуулаас авсан зургаар баталжээ

Украины нийслэл Киев хотын ойролцоох Буча хотод Оросын цэргүүд олон тооны энгийн иргэний амийг хөнөөсөн нь өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ил болсон юм. ОХУ-ын батлан хамгаалах яам үүнийг няцааж, гуравдугаар сарын 30-ны өдөр Оросын цэргүүд Бучагаас гарсны дараа Украины тал сөрөг суртал нэвтрүүлгийн зорилгоор гудамжинд хүмүүсийн цогцос тавьсан гэж тайлбарлаж байв.

Буча хотод Оросын цэргүүд аллага үйлдсэнийг хиймэл дагуулаас авсан зургаар баталжээ

Тэгвэл Нью-Йорк Таймс сонины Visual Investigations эрэн сурвалжлах баг хиймэл дагуулын Maxar Technologies компаниас авсан зургуудыг шинжлээд цогцсууд Оросын цэргүүдийг гарахаас өмнө Бучагийн гудамжинд хэвтэж байсныг баталжээ.

Тухайлбал Буча хотын Яблонска гудамжинд хэвтэж байсан 11 цогцос гуравдугаар сарын 11-нд буюу Оросын цэргүүд гарч явахаас бараг гурван долоо хоногийн өмнө байсныг тогтоосон байна.

Мягмар гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленский НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд видео холбоогоор оролцохдоо Оросын цэргүүд энгийн иргэдийг хядаж, эмэгтэйчүүдийг хүүхдийнх нь нүдэн дээр хүчиндэж, орон байруудыг тонож дээрэмдсэн тухай ярьсан юм.

ОХУ нь НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн байнгын таван гишүүний нэг тул өөрийнх нь үйлдсэн түрэмгийллийг буруутгасан тогтоолд хориг тавих эрхтэй байдаг.

Зеленский өчигдөр хэлсэн үгэндээ хэрвээ Оросын түрэмгийллийг зогсоож чадахгүй бол аюулгүйн зөвлөлийг тараахыг уриалсан байна.

“Хэрвээ өөр алхам хийж чадахгүй бол дараагийн хувилбар нь өөрийгөө тараах юм. Бид хойч үедээ аюулгүй байдлын баталгаа өгч чадах НҮБ-ыг үлдээх хэрэгтэй” гэж тэр хэлсэн юм.

Зеленский энэ үеэр 2008 онд Гүржид халдсан, 2014 онд Крымийг булаан эзэлсэн Оросын түрэмгийлэлд ямар ч хариуцлага тооцож чадаагүй НҮБ-ыг хатуу шүүмжилжээ.

“Та бүхэн НҮБ-ыг тараахад бэлэн байна уу? Олон улсын хууль дүрэм хэрэгжихээ больсныг та нар зөвшөөрч байна уу? Тэгвэл одоо даруй арга хэмжээ ав…НҮБ яаралтай шинэчлэгдэх цаг нь болсон” гэж Зеленский хэлсэн юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()