17-р зуунд олон зуун эрчүүдийн амийг авсан Акуа Тофана буюу Тофанагийн ус хэмээх хорны түүх

1600-аад онд Европ тивд, ялангуяа Итали оронд амжилтгүй гэрлэлт бол шоронд хоригдсонтой ижил хэмжээний зүйл байсан гэдэг. Иймээс ч өнгөгүй, үнэргүй, амтгүй боловч ямар ч ул мөргүй, сэжиг хардалт төрүүлэлгүй, удаанаар хүний эрүүл мэндэд нөлөөлдөг Акуа Тофана гэх хорыг хэрэглэн эр нөхрөө егүүтгэх явдал гаарч байсан аж.

17-р зуунд олон зуун эрчүүдийн амийг авсан Акуа Тофана буюу Тофанагийн ус хэмээх хорны түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

17-р зууны Итали оронд нэгэнт нөхөрт гарсан бүсгүйчүүд хэзээ ч эр нөхрөө орхих боломжгүй, аз тааралгүй дээрэнгүй нэгэнтэй учирсан бол насанд туршдаа гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амьдрах төөрөг хүлээдэг байсан гэдэг.

Яг энэ асуудлын шийдлийг Италийн Палермо хотод 1620 онд мэндэлсэн Жулиа Тофана гэгч нэгэн бүсгүй шийдэх гарц олсон нь үхлийн аюултай хор байсан юм. Түүнийг 13 настайд аав нь амиа алдах үед түүнийг хордуулж хороосон гэх хэргээр ээжийг нь яллаж, цаазаар авсан түүхтэй.

Ийнхүү Жулиа Тофана ээжийнхээ нууц жороор бэлдсэн Акуа Тофана хэмээх хорыг цөхрөлөө барсан эхнэрүүдэд зарж эхэлжээ. Удалгүй Ром хотод хорны наймаа цэцэглэж, гоо сайхны бүтээгдэхүүн дунд гоёмсог савлагаатайгаар зарж байсан аж.

Хор худалдан авч, эр нөхрөө егүүтгэсэн бүсгүйчүүд хүнд бэрх амьдралаас гарч шинэ амьдрал эхлэх боломжтой болохоос гадна талийгаач нөхрийнхөө хөрөнгийг өвлөдөг байсан гэдэг. Үнэртэнгүүд дундаас үл ялгагдах савлагаатай, хоолонд хийхэд өнгө, үнэр, амтгүй байсан тул энэ хорыг хэн ч анзаарч урьдаас сэргийлэх боломжгүй байв. Эхэн үедээ энэхүү хорыг уусан хүнд ханиад хүрсэн мэт шинж тэмдэг илэрч, цаашилбал дотор муухайрах, суулгах, бөөлжин гурав болон дөрөв дэх тунд амиа алдах хэмжээний нөлөөг үзүүлдэг байжээ.

Улмаар нэгэн үйлчлүүлэгч бүсгүй нь түүнийг илчлэх өдрийг хүртэл 20 гаруй жилийн турш Жулиа Тофана хороо зарсаар байдаг гэдэг. Тус бүсгүй Жулиагаас хорыг авч, нөхрийнхөө шөлөнд хийсэн бөгөөд яг уух мөчид нөхөртөө үнэнээ хэлж, битгий уугаач хэмээн гуйсан түүх бий. Ийнхүү хор авсан газраа зааж өгснөөр Тофана баригдаж, тамлуулан шүүгдэж 600 гаруй хүний аминд хүрсэн хорыг зарж байснаа хүлээн зөвшөөрчээ. Хожим түүнийг хамсаатан, үйлчлүүлэгч бүсгүйчүүдийн хамтаар цаазлуулжээ. Гэхдээ Тофанагаас хор худалдан авсан хэмээн яллагдсан бүсгүйчүүд ихэвчлэн дундаас доод давхаргын амьдралтай нэгэн хүмүүс байсан агаад дээд зиндааны эмэгтэйчүүд Пап ламын өршөөлийг хүртэж амь гарсан гэдэг.

Гэвч зарим түүхчид Жулиа Тофанаг цаазаар авхуулаагүй гэж үзэх нь бий. Тухайлбал, 1658 онд Ром хотод хорны худалдаа байсан ч түүнийг өмнө буюу 1651 онд өвчний улмаас нас барсан байх магадлалтай хэмээн Кембрижийн их сургуулийн түүхч, судлаач Майк Даш өгүүлсэн байдаг. Харин хорны худалдааг түүний үйлчлүүлэгч, ойр дотны хүмүүс үргэлжлүүлэн хийж байсан гэж таамаглажээ.

Ийнхүү тухайн цаг үед хэдэн зуун эрчүүдийн аминд хүрсэн аймшигт хорны тухай яриа домог мэт тив даяар тарж байсан гэдэг. Нэрт хөгжмийн зохиолч Вольфганг Амадеус Моцарт 1791 онд 35 насандаа бие нь муудах үед өөрийгөө Акуа Тофанад хордсон гэж айж байгаа тухайгаа бичиж байсан бөгөөд хэн нэгэн түүнийг аажмаар үхэлд хүргэх хор өгчихсөн байх гэсэн айдсаа үлдэн хөөж чадахгүй байгаагаа ч тэмдэглэн үлдээсэн юм. Үнэхээр ч нэрт хөгжмийн зохиолч учир битүүлгээр амиа алдсан билээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()