1999 оны 9-р сарын 30-ны өдөр Токаймура цөмийн цахилгаан станцад аюулгүй ажиллагааны нөхцөл алдагдаж осол болсон юм. Тухайн үед тус станцад Оучи тэргүүтэй 3 ажилтан ажиллаж байсан бөгөөд тэд нөөцлүүр лүү хийх ураны хэмжээг даруй 7 дахин хэтрүүлсэн нь уг ослын үндсэн шалтгаан болжээ.
Эмнэлэгт хүргэгдэх үедээ маш их шингэн алдаж, ээж рүүгээ орилж, уйлж байсан түүнийг цацрагаас хамгаалах тусгай тасагт хэвтүүлэн эмчилж эхэлсэн аж. Цацрагийн гүн хордлогод орсон түүний бие асар муудаж, зүрх нь ачааллаа дийлэхгүй удаа дараа зогсож байсан ч гэр бүлийнхнийх нь эмчилгээг зогсоолгүй, амьдруулж байсан гэдэг. Ийнхүү ослоос хойш 83 хоногийн дараа тэрээр нас барсан юм.
Хисаши Оучи 1965 онд Японд мэндэлж, тус улсын хувьд эдийн засгийн тогтворгүй хүнд цаг үед цөмийн энергийн салбарт хүчин зүтгэж, маш бага материалаас асар их эрчим хүч үйлдвэрлэх ажилд гар бие оролцон явжээ. Токаймура дахь цөмийн станц хот суурин газраас зайдуу газарт үүсгэн байгуулагдаж, ажилтнууд нь үйлдвэр дагасан суурин хэлбэрээр амьдарч, судалгааны институт цогц болон ажиллаж, Токио хотын зүүн хойд хэсгийн Ибараки дүүргийн нийт оршин суугчдын 30 гаруй хувийг цахилгаанаар хангаж байв.
1997 оны 3-р сарын 11-ний өдөр Токаймура цөмийн цахилгаан станцад дэлбэрэлт болж осол гарсан ч Японы засгийн газар энэ мэдээллийг нууцлан өнгөрүүлсэн ч ердөө 2 жилийн дараа ахин осол гарсан түүхтэй.
1999 онд мэргэжилтнүүд гексафторт ураныг баяжуулсан уран болгон цөмийн цахилгаан станцад хэрэглэж цаг хэмнэх боломжийг судалж эхэлсэн аж. Ийнхүү уг судалгааг мөн оны 9-р сарын 28-ны өдөр туршилтын журмаар эхлүүлж, цөмийн реакторт уран нэмэхгүй 2 хоносны эцэст 9-р сарын 30-ны өдөр Хисаши Оучи, 29 настай Масато Шинохара, 54 насстай Ютака Ёококава нар баяжуулсан уран нэмэх ажлыг гардан гүйцэтгэжээ. Тэд тухайн үед 2.4 кг баяжуулсан ураныг азотын хүчилтэй урвал оруулж, автомат шахалтын системийг ачааллуулах ёстой байсан ч 15.8 кг баяжуулсан ураныг шууд хийснээр дэлбэрэлт болж, маш аюултай цацраг дэгджээ.
Ийнхүү ослын дараа яаралтай арга хэмжээ авч, станцад ажиллаж байсан ажилтнуудыг Чиба дахь Цацрагийн шинжлэх ухааны үндэсний хүрээлэнд хүргэсэн аж. Цацрагийн хордого 7 сиверт нэгжээс хэтэрсэн тохиолдолд амьд үлдэх боломжгүй байдаг бөгөөд ажилтнууд дундаас Ютака Ёококава л ганцаар 3 сиверт нэгжийн хордлого авч амьд үлдсэн түүхтэй. Харин түүний доор ажиллаж байсан Масато Шинохара 10 сиверт, Хисаши Оучи 17 сиверт нэгжийн хордлогод орсон байжээ.
17 сиверт нэгж буюу хүн төрөлхтний түүхэнд хамгийн их цацрагийн хордогод орсон тэрээр эмнэлэгт хүргэгдэх үедээ аль хэдийн амьсгалын замын хүндрэлд орж, ухаан алдсан байсан гэдэг. Бүх л бие нь цацрагт түлэгдсэн түүний нүднээс цус урсаж байсан гэх нь ч бий.
Улмаар шинжилгээгээр цусан дахь цагаан эс бараг л үгүй болж, дархлааны тогтолцоо нь бүрэн унасан түүнийг гурав хоногийн дараа Токиогийн их сургуулийн эмнэлэг рүү шилжүүлсэн юм.
Токиогийн их сургуулийн эмнэлэгт хүргэгдэн ирж, сэхээн амьдруулах тасагт тусгаарлагдан эмчлүүлсэн эхний 7 хоногтоо тэрээр арьс шилжүүлэн суулгах мэс ажилбарууд, цус сэлбэлтийг тогтмол хийлгэж байсан бөгөөд үүдэл эс шилжүүлэн суулгах мэс ажилбар хийх саналыг мэргэжилтнүүд дэвшүүлж байсан гэдэг. Хэдийгээр энэ төрлийн мэс ажилбарын цацрагийн хордлогод орсон хүн дээр хийж байгаагүй ч тэд хэрэв амжилттай болсон тохиолдолд Оучиг өөрөө цусаа төлжүүлэх чадамжтай болно гэж найдаж байжээ. Түүний эгч ч Оучид үүдэл эсийн донор болохоо зөвшөөрсөн гэдэг. Гэвч удалгүй шинжилгээгээр түүний цусаар цацраг дамжин цусны цагаан эсийг бүрэн устгаж, хромосомд гэмтэл үүсч, залгасан арьс нь төлжихгүй байгаа нь ажиглагджээ.
“Би дахиж тэвчиж чадахгүй. Би туршилтын туулай биш” хэмээн орилж, амьдаараа тарчилж байсан Оучиг гэр бүлийнхнийх нь хүсэлтээр эмчилгээг үргэлжлүүлэн хийж байсан аж. Иймээс 59 дэх хоногтоо зүрхний шигдээс болсон ч түүнийг сэхээн амьдруулахад үргэлжлүүлэн хэвтүүлж, цаг зуурт амьд байлгах эмчилгээг хийж байжээ. Хожим нэг цагийн дотор 3 удаа зүрхний шигдээс болж байсан гэх яриа ч үлджээ.
Ийнхүү зүрхний шигдээс болох бүрт тархинд гэмтэл үүсч байсан Оучи 1999 оны 12-р сарын 21-ний өдөр дотор эрхтнүүдийн хүндрэлээс үүдэлтэй зүрх нь зогсож өөд болсон юм.
Токаймурагийн цөмийн цахилгаан станцийн ослын дараа ойролцоох 10 км радиуст оршин суугаа 310,000 гаруй иргэнийг 24 цагийн турш гэртээ байхыг зөвлөж, дараагийн 10 хоногт 10,000 орчим иргэнийг цацрагийн шинжилгээнд хамруулсан ажээ.
Ослын үеэр Оучигийн хамт ажиллаж байсан Масато Шинохара цусны цагаан эс суулгуулж, арьс шилжүүлэн суулгах мэс ажилбарт орж 7 сарын турш амьдрахын төлөө тэмцсэн ч 2000 оны 4-р сарын 27-ны өдөр уушги болон элэгний үйл ажиллагаа нь зогсож, өөд болжээ.
Харин Масато Шинохара болон Хисаши Оучи нарыг ахлан ажиллаж байсан Ютака Ёококава 3 сар эмчлүүлж, эмнэлэгээр гарсан ч 2000 оны 10-р сард хуулийн хариуцлага хүлээж, үйл ажиллагааг нь хариуцан ажиллуулж байсан Японы цөмийн эрчим хүчний нийгэмлэг компанид нийт 6,875 оршин суугчид 121 сая ам.долларын нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэжээ. Түүнээс хойш Токаймурагийн цөмийн цахилгаан станц 2011 оны Тохокугийн газар хөдлөлт, цунами хүртэл тасралтгүй ажиллаж байв.