Харри Худини хэмээн алдаршсан Эрих Вайс 1874 оны 3 сарын 24-нд Австри-Унгарын нийслэл Будапешт хотод 7 хүүхэдтэй Еврей гэр бүлд мэндэлжээ. Түүнийг жаахан байхад гэр бүл нь АНУ-ын Висконсин (сүүлд тус муж Ходинигийн нэрэмжит талбайтай болсон) руу нүүж, 13-тай байхдаа аавтайгаа Нью-Йорк хотод дотуур байранд суурьшин амьдрах болов. Тэрээр бага байсан нь гэсэн хамаагүй олдсон ажлыг хийж, зарим үед гуйлга гуйж амьдрах болсон байна.
Удалгүй гэр бүлээрээ Нью-Йоркт суурьшсан бөгөөд бүгд амьдрахын эрхээр хөдөлмөрлөх болов. Эрих хүү багаасаа илбэ сонирхон зоос нууж, цоож судлан түлхүүргүйгээр түгжээг нь тайлах зэргээр өөрийгөө хөгжүүлж эхэлсэн бөгөөд үүний хажуугаар биеэ мөн бялдаржуулан гүйлтийн тэмцээний аварга болж байв. 9 настайдаа Эрих хүмүүст үзүүлбэр олсон дээр алхах үзүүлбэр үзүүлж өөрийгөө “Агаарын ханхүү, Эрих” хэмээн нэрлэж байжээ.
Өсвөр насандаа Эрих Франц илбэчин Жан-Южин Роберт Худины намтрыг уншиж судалсан нь түүний амьдралыг өөрчилж мэргэжлийн илбэчин болоход хүргэсэн байна. Хүү өөрийгөө Харри Худини хэмээн нэрлэн мэргэжлийн илбэчний карьераа 1891 оноос эхлүүлэн хөзрийн илбэ үзүүлсэн ч амжилт олсонгүй. Удалгүй тэрээр өөрийгөө төрөл бүрийг баглаа, гинжнээс чөлөөлөх төрөлд сургаж эхэлсэн бөгөөд 1894 оноос насан туршийн хамтрагч, тайзны туслах, ирээдүйн гэргий Вилхелмина Беатрис “Бесс” Ранертай танилцжээ. Бесстэй танилцаад сар гаруй хугацааны дараа гэрлэн, хамтран ажиллах болсон бөгөөд хосууд багагүй амжилтанд хүрсэн байна. Харамсалтай нь тэд хүүхэдтэй болоогүй юм. 1899 онд Худинигийн гавтай үзүүлбэрт ихэд татагдсан Мартин Бек гэх эр менежер нь болох санал тавьсанд Харри ч зөвшөөрөв. Энэ нь тун нүдээ олсон шийдвэр болсон бөгөөд тэрээр Европ даяар аялан тоглолт хийн жинхэнэ олон улсын хэмжээний алдартан болжээ. Үүний дараа тэрээр 1905 онд Америкт эргэн ирсэнд хүмүүс жинхэнэ баатар шиг угтан авсан гэдэг.
Худинигийн өөрийгөө гав гинжнээс гаргах үзүүлбэрт орон нутгийн цагдаа нар оролцох болсон нь нэр алдрыг нь илүү өсгөв. Удалгүй Харри Америкийн хамгийн өндөр орлогтой илбэчин боллоо. Худини гав гинж, хүлээстэй хүрэм, усаар дүүргэсэн танк, хадаастай хайрцагнаас ядах юмгүй гарч байгаа нь хүмүүст ёстой л далдын хүчтэй нэгэн гэсэн сэтгэгдэл төрүүлж эхлэв.
Худини усаар дүүргэсэн цоожтой хайрцагнаас гарах, модон авдар, авс, төмөр хайрцаг, сүүний том төмөр сав (бедон), шилэн хоргонд өөрийгөө хэдэн давхар олс, гав, гинж, цоож, түгжээнээс өөрийгөө чөлөөлж чаддаг байв. Гэхдээ тэрээр ганцхан өөрийгөө чөлөөлөх бус төрөл бүрийн хөзрийн илбэ, олсон дээр явах, галт цагирагаар үсрэх зэрэг энгийн илбэ үзүүлж өөрийгөө сорьсон хэвээр байв. Худини нэг удаа бүр заан алга болгож байсан удаатай.
1926 он гэхэд Худини алдар нэрийн оргилд гарсан байв. Тухайн үед барууны орнуудад түүнийг нэрийг мэдэхгүй хүн бараг байгаагүй гэдэг. Харамсалтай нь 1926 оны намар бүх зүйл буруугаар эргэсэн юм. Нью-Йоркийн хотод 10-р сарын 11-нд болсон шоуны үеэр Худини устай савнаас гарах үзүүлж байхдаа шагайгаа гэмтээжээ. Гэвч тэрээр эмчийн үгнээс зөрөн байж дараагийн үзүүлбэрээ үзүүлсэн юм. 1926 оны 10-р сарын 19-нд Худини Канадын Монреал дахь МакГилл их сургуульд лекц уншив.
Хэдэн өдрийн дараа буюу 10-р сарын 22-нд тэрээр хэд хэдэн оюутантай тайзны ард хувцас солих өрөөндөө уулзахыг урив. Самуэл Ж.Смилович, Жэк Прайс, Жоселин Гордон Уайтхед нарын гурван оюутан Худинигийн хувцас солих өрөөнд зочилсон байна. Худини энэ үеэр гэмтсэн шагайгаа мөс тавьж амрааж байсан гэдэг. Яриандаа халсан илбэ сонирхогчид Харригийн биеийн хүчийг магтаж эхэлсэн бөгөөд Худини ямар ч цохилтыг тэсвэрлэж чадна хэмээн онгирсон байна. Тэгтэл боксоор хичээлэлдэг Уайтхед гэдэс рүү цохиж үзэх санал тавьсанд алдарт илбэчин зөвшөөрсөн байна.
Үүний дараа болж өнгөрсөн үйл явдлыг Жэк Прайс хожим ингэж дурссан байдаг: “Худинигийн баруун хэвлийн хэсэгт Уайтхед цохилт өгсөн юм. Цохилт нь түүний хүйсний орчимд оносон юм. Тэгээд зогсоогүй Уайтхед дор хаяж дөрвөн удаа Харригийн биед маш хүчтэй цохилт өгсөн юм. Бид ч гэнэт сандарцгааж "Чи яаж байгаа юм бэ?" гээд тэднийг салгахыг хичээсэн юм. Гэвч Уайтхед бүх хүчээрээ Худиниг цохисон хэвээр байсан"
Олон хүчтэй цохилтонд өртсөн Худини гэдсээ даран ухарсан бөгөөд дараа нь "Уайтхед, чамайг ийм их хурд хүчтэй гэж гэж бодсонгүй" гэж хэлсэн байна. Худини үүнээс болоод бие нь нилээн хүндүүр болсон ч төлөвлөж байсан шоугаа дуусгасан юм.
Монреаль хотод тэрээр үлдсэн тоглолтуудаа дуусгасан хэдий ч биеийн байдал нь улам дордов. Худини дараа нь Детройт руу явах галт тэргэнд суусан бөгөөд замдаа нойргүйдэж байгааг нь туслахууд нь анзаарчээ. Тиймээс тэд тус хотод ирсэн даруйдаа эмч дуудан үзүүлсэн байна. Үзлэгийн дараа эмч Худинийг мухар олгойн үрэвсэлтэй гэж оношилжээ. Мэдээж хэрэг түүнийг даруй эмэнэлэгт хүргэх ёстой байсан ч аль хэдийн 15,000 ам.долларын хөлс авсан Худини Детройт дахь шоугаа хийхийг шаардав. Тоглолтын өмнө Худини театрын эзэнд “Би үхэх байсан ч үзүүлбэрээ үзүүлнэ” гэж хэлсэн байдаг. Харамсалтай нь энэ зөгнөл нь үнэн болж таарсан юм. Алдарт илбэчин үнэхээр зовиуртай байгааг хол сууж байсан хүмүүс хүртэл анзаарсан байдаг. 3 дахь илбийнхээ дундуур Харри бараг ухаан алдаж унасан учраас туслахууд нь тайзны хөшгийг хааж үзүүлбэрийг өндөрлөжээ.
Шоуны дараа Худини Детройт дахь Грейс эмнэлэгт хүргэгдсэн байна. Эмч нар түүний мухар олгойг нь авахаар яарсан боловч тэр нь гэдсэн дотор нь хагарсан болохыг олж мэджээ. Мэдээж энэ нь гэдсэндээ авсан хүнд цохилттой нь холбоотой байв. Үүний дээр олгой нь хагараад хэд хоносон учраас гүн үрэвсэл үүссэн аж. Түүнийг эмнэлэгт хүргэгдсэн мэдээ хот даяар тарсан бөгөөд шүтэн бишрэгч нар нь Худиниг эдгэрнэ гэдэгт итгэж байв. Харамсалтай нь агуу илбэчин маань 1926 оны 10-р сарын 31-нд нас баржээ. Түүний эцсийн мөчид эхнэр, хоёр дүү нь дэргэд нь байсан гэдэг. Худинигийн үхлийн албан ёсны шалтгаан нь сарнисан перитонит буюу хэвлийн эдийн үрэвсэл хэмээн бүртгэгдсэн байдаг.
Сонирхолтой нь далдын ертөнцөд итгэдэг хүмүүс өөр шалтгаанаас болоод түүнийг нас барсан хэмээн итгэх болсон юм. Дөнгөж 10 хүрэхгүй жилийн өмнө Дэлхийн 1-р дайн, Испани ханиадаас болж хэдэн зуун сая хүн амь үргэдсэн тул 1920-оод оны үед далдын хүчээр дамжуулж үхэгсэдтэй харилцаж болно гэдэг үзэл дэлхий даяар тараад байсан юм.
Ялангуяа Худини шиг далдын хүчтэй нэгэн энгийн өвчин биш ямар нэг чөтгөр шулмын хорлол болж үхсэн хэмээн тэрхүү хүмүүс итгэж эхэлсээн бөгөөд сүнсийг нь дуудах ёслолыг 1940-өөд он хүртэл хийсэн байдаг. Мэдээж хэрэг тэд хэзээ ч Худинитэй холбоо тогтоож чадаагүй юм.