Бусдаас өөр болж мэндэлсэн ч амьдралд бууж өгөлгүй тэмцсээр яваа Сара Тальби бүсгүйн түүх

Энэ залуу бүсгүйн туулж яваа амьдралтай нүүр тулсан бол үүнийг уншиж буй уншигч та бидний дийлэнх нь өвдөг сөхрөх байсан биз ээ. Бельги гаралтай Сара Тальби бүсгүй төрөлхийн хоёр гаргүй ажээ. Гэсэн ч гаргүй хүмүүст амьдрах боломж тун бага энэ дэлхийд тэр хэцүү бүхнийг даван туулсаар амжилттай, биеэ даасан амьдралтай нэгэн болж өдийг хүрчээ.

Бусдаас өөр болж мэндэлсэн ч амьдралд бууж өгөлгүй тэмцсээр яваа Сара Тальби бүсгүйн түүх

1 Тэр яагаад ийм байдалтай төрсөн бэ?

Сара 1982 оны 9-р сарын 23-ны өдөр Бельгийн нийслэлд аз жаргал дүүрэн нэгэн гэр бүлд мэндэлжээ. Гэсэн ч түүнд бусдад тохиолдоод байхгүй таагүй зүйл тохиолдсон нь тэрээр гаргүй төрсөн явдал байв. Эцэг, эх нь ч охиноо хөгжлийн бэрхшээлтэй төрнө гэдгийг хэвлийд байхад нь олж мэдсэн байсан тухай Сара өөрийн Youtube сувагтаа хийсэн нэгэн бичлэгтээ өгүүлжээ.

Тэрээр, “Би тахир дутуу хүн биш. Зүгээр л төрөлхийн гаргүй болж мэндэлсэн хүн. Үүнд удамшлын ямар нэгэн нөлөө байхгүй” хэмээн ярьж байжээ. Түүнийг хэвлийд бойжиж байх үед эмч нар буруу хөгжилтэй байгааг нь мэдсэн ч чухам ямар шалтгаанаас болж ийнхүү буруу хөгжилтэй бойжиж байгааг нь олж тогтоож чадаагүй ажээ. Хэдий гаргүй ч тэрээр амьдралд бууж өгөлгүй тэсч, тэвчиж биеэ даасан бүсгүй болон өсч дэвжсэн юм.

Тэр яагаад ийм байдалтай төрсөн бэ?

2 Тэр гарныхаа оронд хөлөө хэрэглэдэг

Хүүхэд өсч торних үедээ өдрөөс өдөрт гараа ашиглаж сурдагтай нэгэн ижил Сара ч багаасаа хөлөө гарныхаа оронд хэрэглэж даджээ. “Миний хувьд хөлөөрөө энэ бүхнийг хийхэд хүндрэлтэй байдаггүй. Учир нь бусад хүмүүс гараа ашигладаг шиг л би багаасаа хөлөө ашиглаж сурсан. Гаргүй төрсөн учраас энгийн хүүхдүүдийн гараараа хийдэг бүхнийг л хөлөөрөө хийдэг байсан” хэмээн тэрээр өгүүлжээ.

Тэр гарныхаа оронд хөлөө хэрэглэдэг

3 Эцэг, эх нь түүний ирээдүйд санаа ихэд зовдог байсан ч Сара өдгөө биеэ даасан амьдралтай нэгэн болж чадсан юм

Сара охиндоо бүхнээ зориулдаг байсан эцэг, эх нь охиныхоо ирээдүйд ихэд санаа зовдог байсан аж. Яг л бусад хүүхдүүд шиг сургуульд явж чадах болов уу, насанд хүрээд юу тохиолдох бол гэж аав, ээж нь санаагаа чилээдэг байсан тухай тэрээр дурдсан байдаг ажээ.

Гэсэн ч Сара төрөлх хотдоо аз жаргалтай хүүхэд насыг өнгөрүүлж, өдгөө биеэ даасан амьдралтай, амжилттай бүсгүй болж чаджээ.

Эцэг, эх нь түүний ирээдүйд санаа ихэд зовдог байсан ч Сара өдгөө биеэ даасан амьдралтай нэгэн болж чадсан юм

4 Тэр үнэхээр бүтээлч нэгэн

Насанд хүрсэн хойноо тэрээр өөрийн зурах авъяасаа илүүтэйгээр хөгжүүлж байсан нь үр дүнд хүрч өдгөө томоохон үзэсгэлэнд бүтээлээ байршуулах хэмжээний амжилттай уран бүтээлч болж чадсан юм. Тэрээр Гэгээн Жоссегийн дүрслэх урлагийн академийг дүүргэн, алдартай уран бүтээлчдээс зурах арга барилыг нь заалган суралцсан бөгөөд дунд сургуульд байхаасаа л хөлөөрөө зураг зурж, үүнийгээ хобби болгон хөгжүүлж ирсэн аж.

Тэр үнэхээр бүтээлч нэгэн

5 Хөгжлийн бэрхшээлээ ялан дийлж, болзоонд ч явах болжээ

Болзоо гэдэг хүний хамгийн сэтгэл догдлуулам зүйлсийн нэг яах аргагүй мөн боловч хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд тийм ч амар зүйл биш гэдэг нь мэдээж билээ. Тэрбээр “Хүүхэд байхдаа би одоогийнх шигээ өөртөө итгэлтэй байж үзээгүй. Өөрөө өөртөө сэтгэл хангалуун байж сурахын тулд их ч цаг хугацаа зарцуулсан. Одоо харин би бусад хүмүүст хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч будсын адил байж чадна гэдгийг харуулахаар хичээж байгаа” хэмээжээ.

Мөн тэрээр олон хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй болзвол эцэстээ түүний асрагч л болж хувирна гэж эмээж байдаг. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй байсан ч биеэ даасан нэгэн байж болдгийг би бусдад харуулахыг зорьдог гэжээ.

Хөгжлийн бэрхшээлээ ялан дийлж, болзоонд ч явах болжээ

6 Тэр мэргэжлийн орчуулагч мэргэжилтэй

Тэрээр франц, англи, нидерланд хэлтэй ба орчуулгын ажил хийж нэмэлт орлого олж амьдардаг аж. Ингэхдээ Сара компьютерын гараа доор байрлуулж хөлөөрөө бичиж хэвшжээ.

Тэр мэргэжлийн орчуулагч мэргэжилтэй

7 Хөгжлийн бэрхшээл түүнийг улам бүр хүчтэй нэгэн болгожээ

Хөгжлийн бэрхшээлтэй байдал нь түүний амьдралд ямар нөлөө үзүүлж байгааг асуухад тэрбээр “Хүндрэлтэй үе бий. Гаргүй учраас амьдрал тэр бүр амар санагдахгүй байх нь бий. Гэхдээ би өөрийнхөө энэ дутагдалтай талыг хөгжүүлж, бусдаас илүү гарах нэг сорилт гэж хүлээж авдаг. Гаргүй учраас аливаа асуудлыг бусдаас өөрөөр шийдэх гэх мэт толгойгоо ажиллуулах хэрэгтэй болдог” хэмээжээ.

Хөгжлийн бэрхшээл түүнийг улам бүр хүчтэй нэгэн болгожээ

8 Тэр гэр бүлтэй болов уу?

Сара өөрийн хувийн амьдралаа нууц байлгахыг илүүд үздэг. Гэсэн ч түүнийг цахим сүлжээгээр дагадаг хүмүүсийн ихэнх нь түүнийг нөхөртэй байх хэмээн таамагладаг гэнэ. Хувийн амьдралынхаа тухай юуг ч дэлгэдэггүй тэрээр 4 жилийн өмнө дагагчдаа бие давхар болсон зургаараа гайхшруулжээ. Үүнийг харсан хүмүүс түүнийг хүүхдээ асарч чадах болов уу гэсэн эргэлзээ төрж байсан гэдэг. Дээрх зурагны тайлбартаа тэрээр “Энэ зургийг даруулснаас хойш хэдхэн цагийн дараа би хайрт охиноо төрүүлсэн. Ээж болно гэдэг миний хувьд хүнд сорилт байлаа” хэмээн бичжээ. Төрөх эмнэлэгт Сараг эмч нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төвд өгөх эсэх талаар ээжээс нь асуухад ээж нь шуудхан татгалзаж, “Ээж болох үедээ чи надаас юу асууж байгаагаа ухаарах биз. Юу хийхийг минь битгий заа” хэмээн хөгжлийн бэрхшээлтэй төрсөн охиноо өөр дээрээ авч байсан түүхтэй. Тэгвэл Сара ч ээжийнхээ нэгэн адил хүүхдээ бусдын асрамжил өгөхөөс татгалзаж, өөрөө асарч өсгөхөөр шийдсэн байв.

Тэрээр охиндоо Лилиа гэж нэр хайрласан бөгөөд өдгөө эрүүл чийрэг өсч буй ажээ. Гучин нас хүрсэн хойноо ийнхүү өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлсэн нь энэ байв. Тэрээр бусдын нэгэн адил охиноо усанд оруулж, хувцаслаж, хооллож хөлөө яг л гар мэт ашиглан эх хүний бүх л үүргийг гүйцэтгэдэг аж. Гэсэн ч охин нь уйлах үед хэн нэгнийг дуудаж охиноо өвөр дээрээ тавиулах шаардлага тулгарах гэх мэт хүндрэлтэй зүйлс олон бий гэжээ.

Харин түүнд байнга ирдэг охины аав хаана байна вэ гэсэн асуултад тэрбээр “Битгий санаа зов. Охины аав охиндоо байнга санаа тавьдаг. Би ганцаараа хүүхэдтэй болж мэдээж чадахгүй шүү дээ” хэмээн хошигнодог ажээ. Юутай ч тэрээр охины аавтай таатай харилцаатай байдгийг үүнээс харж болох биз ээ.

Тэр гэр бүлтэй болов уу?

9 Интернэт сүлжээний од болсон нь

Сара өөрийн амьдралаа цахим орчинд бусадтай хуваалцаж, хөгжлийн бэрхшээлтэй ч бусдын адил амьдарч болдог гэдгийг харуулах зорилгоор Youtube суваг, Инстаграм хуудас хөтөлж эхэлсэн нь өдгөө амжилтыг олж Youtube платформд 200000 дагагчтай бол Инстаграм хуудастаа 45000 дагагчтай болжээ. Тэрээр цахим орчинд хүргэх бичлэгүүдээ хийхдээ их цаг зарцуулдаг ч өөрийн амьдралаа бусадтай хуваалцаж, бусдад урам зориг өгөхдөө тун таатай байдаг гэжээ. Инфлюнсер болох ийм хялбархан гэж хэн мэдэх билээ!

Интернэт сүлжээний од болсон нь

10 Түүнд ганцаараа хийж чадахгүй ганц л зүйл бий

Тэрээр ганцаараа аялаж үзэх маш их хүсэлтэй ч үүнийгээ биелүүлэх боломжгүйдээ маш их сэтгэл дундуур явдаг гэжээ. Аялалд явах үед гаргүй хүнд амжуулах боломжгүй маш олон зүйлс тохиолдох магадлалтай тул заавал хүнтэй хамт явах шаардлага тулгардаг аж. Хэдий ганцаараа биш боловч тэрээр саяхан Бразил улс руу аялалд явж, өөрийн цахим сүлжээгээр дамжуулан аялалын влог бичлэгүүдээ хүргэж байна.

Түүнд ганцаараа хийж чадахгүй ганц л зүйл бий

11 Хэрэв та түүний уран зургаас авахыг хүсвэл заавал Бельги рүү очих шаардлагатай

Тэрээр цахим орчинд өөрийн уран бүтээлүүдээ бусадтай хуваалцаж, Бельгид уран зургийн үзэсгэлэнд байрлуулж худалдаалдаг боловч цахим худалдаанд огт оролцдоггүй юм. Иймээс хэрэв та түүний уран зургийг өөрийн болгохыг хүсвэл Бельги рүү очихоос өөр аргагүй аж.

Хэрэв та түүний уран зургаас авахыг хүсвэл заавал Бельги рүү очих шаардлагатай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()