1
Дижитал трендийг үл тоох
Northern Telecom корпорацийн гүйцэтгэх захирал David Weiss ирээдүйд зөвхөн хурдтай хөрвөж ажиллаж чаддаг компаниуд л тэсч үлдэж чадна хэмээн тодорхойлоод буй билээ. Тэгвэл олон төрлийн нөхцөл байдалд хамгийн уян хатан үйл ажиллагааны шийдэл бол дижитал технологи гэдэгтэй бүгд санал нийлэх биз ээ. Үүнийг ч цар тахал дэгдсэн энэ цаг үед кафе, хоолны газар гэх мэт үйлчилгээний байгууллагууд цахимаар захиалга авч үйл ажиллагаагаа зогсоолгүй ажиллаж байсан явдал гэрчилнэ.
Түүнчлэн орчин цагт радио, телевиз, гудамжны самбар зэргээр сурталчилгаа хийдэг байсныг веб сайт, блогтой хамтран ажиллан бүтээгдэхүүнээ сурталчилдаг болсон гэх мэт өөрчлөлтүүдтэй хөл нийлүүлж, мессенжер ашиглан үйлчлүүлэгчидтэйгээ цаг алдалгүй холбогдох боломжийг ажиглаж сурах нь зүйтэй болов уу.
Түүнчлэн веб сайт бол алсын зайн мэдээллийн хэрэгсэл гэдгийг соргогоор анхаарч, өөрсдийн бүтээгдэхүүн, чиг хандлагыг түгээх хэрэгтэй. Зүгээр ч нэг веб сайт хийж орхилгүй, Инстаграм хуудас, видео стрийминг, алсын зайн сургалтуудын үеэр сайтаа сурталчилах нь хандалтыг даруй 30-40 хувиар нэмэгдүүлдэг аж.
Мөн аливаа байгууллагын нийт хэрэглэгчдийн 60 хүртэлх хувь нь бэлэн бус үйлчилгээ авах хүсэлтэй байдаг тул цаг хугацаа хэмнэсэн хамгийн зөв шийдлүүдийг хүргэх хэрэгтэй болов уу.
2
Санхүүгийн мэдлэг дутмаг байх
Өөрийн гэсэн бизнес эхлүүлнэ гэдэг тун сайхан санаа гэдэг нь мэдээж. Гэхдээ санхүүгийн мэдлэггүй бол таны бизнес эхний жилдээ хаалгаа барьсан аж ахуйн нэгжүүдийн нэг болж хоцрох магадлал их ажээ. Үүнээс ганц нягтлан бодогчид итгэх нь тийм ч зөв санаа биш гэдгийг анзаарах нь зүйтэй биз ээ.
Тухайлбал, бараа түгээлтийн бизнес эхлүүлж буй хүн Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймаг хүртэл 1 кг бараанд тодорхой хэмжээний үнэ тогтоож өгнө. Үйлчлүүлэгчдийг өөртөө татах хямд үнийг санал болгох нь зөв алхам боловч жолоочийн хоолны мөнгө, бүс нутгаас хамаарсан шатахууны үнийн өөрчлөлт зэргийг тооцоолж, алсын хараатай санхүүгийн шийдэл олохгүй бол бизнес нуран унах нь цаг хугацааны асуудал болох билээ.
Түүнчлэн бизнесийн түнш болгон хамтран ажиллах банкаа маш сайн судалж сонгох шаардлагатай.
3
Өрсөлдөгчдийнхөө бүтээгдэхүүнийг шууд хуулах
Бэлэн бизнесийн загвар дээр зорилгоо тодорхойлж, бизнес эхлүүлэх нь хамгийн энгийн зөв шийдэл мэт боловч энэ нь тийм ч зөв зүйл биш ажээ. Гэхдээ хот дүүрэг бүрт цахиурын хөндий бий болж, гараж бүрд Стив Жобс төрөх боломжтой.
Тухайлбал, 2014 онд Google компани загварлаг хэв маягтай, Amazon, BestBuy сүлжээ болон Apple нэрийн дэлгүүрүүдээр эрэлт хэрэгцээ асар их байсан орчны дулаан үүсгүүр төхөөрөмж үйлдвэрлэгч Nest компанийг 3.2 тэрбум ам.доллараар худалдан авсан билээ. Уг үйл явдал өрнөхтэй зэрэгцэн Оросын нэгэн бизнес эрхлэгч Nest-ийн санааг хуулан илүү өндөр хүчин чадал бүхий орчны дулаан үүсгүүр зохион бүтээж, төвийн нэгдсэн халаалтын системд холбогдоогүй айл өрхүүдэд зориулан худалдаанд гаргажээ. Гэсэн ч тэрээр хувийн орон сууцанд амьдрах хандлага давамгайлж, эрчим хүчний хэрэглээний хувьд тааламжтай нөхцөлтэй АНУ-ыг өөрийн эх оронтой нэгэн ижил гэж бодсон нь алдаа болсон гэдэг. Учир нь хойд хөршид хүмүүс нийтийн орон сууцанд амьдрахыг илүүд үздэг ба АНУ-тай харьцуулбал 3 дахин бага хүн амтай, эрэлт хэрэгцээ маш бага гэдгийг урьдчилан тооцоолж үзээгүй ажээ.
Иймээс аливаа амжилттай бизнес төслийг хууллаа гээд таны бизнес амжилт гаргах баталгаа үгүй гэдгийг тооцож, бизнес төлөвлөгөө, судалгааг нарийн хийх шаардлагатай.
4
Луйвраас хамгаалах технолгийг хэрэгжүүлэхгүй байх
Шинээр бизнес эрхлэгчдийн хувьд ихэвчлэн гаргадаг түгээмэл алдаануудын нэг бол яах аргагүй залилан, луйврын золиос болох явдал билээ. Гадны орнуудын хувьд өмнө нь хэрэглэсэн бэлэн мөнгөний чекийг ашигласан гэж тэмдэглээгүй алдаанаас болж их хэмжээний алдагдалд орж, залилуулсан тохиолдол түгээмэл байдаг. Түүнчлэн цахим гэмт хэргийн золиос болох эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд бараа бүтээгдэхүүнийхээ баркодыг тогтмол солих, солиход хялбар байдлаар шийдэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй.
Түүнчлэн хуурамч мөнгөн тэмдэг гүйлгээнд хэрэглэгдэх магадлалыг тооцоолж, ПОС машинаар дамжуулан гүйлгээ хийх боломжийг үйлчлүүлэгчид зайлшгүй нээж өгөх шаардлагатай.
5
Үйлчлүүлэгчдийнхээ сэтгэгдлийг хайхрахгүй орхих
Амжилттай бизнесийн гол дүрэм бол ямагт үйлчлүүлэгчийн зөв гэх энгийн дүрэм юм. Иймээс ч гарааны бизнесээ өргөжүүлэхийг хүсч байгаа бол үйлчлүүлэгчдийнхээ санал сэтгэгдлийг сонсож, алдаа дутагдлаа цаг тухай бүрт засч явах хэрэгтэй.
Манай орны хувьд Facebook сүлжээгээр үйлчлүүлэгчид санал, шүүмжээ өргөнөөр илэрхийлдэг тул энэ үйлчлүүлэгчдийнхээ санал, сэтгэгдлийг сонсож, зассан хариу өгч байснаар танай байгууллагын үйлчилгээг сонирхож буй хүмүүст эерэг сэтгэгдэл мөн төрүүлэх боломжтой байдаг ажээ.